Яагаад үсээ сул тавиад унтаж болохгүй вэ?

Бид арьсаа сайтар арчлах боловч үсэндээ тэр хэрээр анхаарал хандуулж чаддаггүй. Тэгвэл хамгийн наад захын зүйлээс эхэлцгээе. Үсээ задгай тавиад унтаж болохгүй. Чухам яагаад гэдгийг доорх мэдээллээс мэдэж авцгаая.

Өглөө сэрэхэд үс тань орооцолдсон байна

Үс болон дэрний уутны үрэлтийн улмаас үс орооцолдоно. Өглөө сэрэхэд үс орооцолдож, үүнийгээ самнаж, бас л хэсэг үсээ унагаж таслана. Энэ байдал байнга давтагдах аваас үс суларч, амархан унадаг болох аюултай. Тиймээс үүнээс сэргийлэхийн тулд унтахдаа үсээ сул тавих хэрэггүй.

Батга гарахад хүргэнэ

Хэрэв та эмзэг мэдрэмтгий арьстай бол үсээ нүүрэндээ хүргэхээс аль болох цааргалз байх хэрэгтэй. Таны үсэнд наалдсан байгаа бохирдол, бактер зэрэг нь шөнө унтаж байхад арьсанд хүрч, нүх сүвийг бөглөнө. Мэдээж үүний үр дүнд батгашилт бий болох юм. Урт үстэй хүмүүс ихэвчлэн нуруугаар нь батга гарах хандлагатай байдаг нь үүнтэй холбоотой.

Үсний ургалтыг удаашруулна

Унтаж байх явцад бид нааш цааш хөрвөөж, дэр, даавуу болон биетэйгээ үсээ их үрэлцүүлж, хэврэг болгож гэмтээдэг. Харин гэмтэж, суларсан үсний ургалт удааширч эхэлнэ.

Үсийг арзгар болгоно

Үс тань эвэнд орохгүй арзайж, та төрөл бүрийн бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн ч үр дүн гарахгүй байна уу? Тийм бол одооноос үсээ задгайлж унтахаа боль. Үүнээс эхлэн үс тань номхорч, үгэнд нь тань орж эхэлнэ.

Үсийг салаалуулна

Үс салаалах нь үсээ задгай тавьж унтахтай холбоотой байж болно. Мөн л үсний үрэлт гэмтлээс үүсч буй асуудал юм.

Тэгвэл унтахдаа үсээ яах хэрэгтэй вэ?

  • Үсээ торгон алчуураар ороож унтах: Энэ нь үсийг гэмтэхээс сэргийлэх төдийгүй хуурайшуулахгүй.
  • Үсээ том боолтоор сул боо: Үсээ боож унтаж болно. Гэхдээ сулхан бас том торгон боолтоор боох хэрэгтэй.
  • Сул сүлж: Үсээ унтахдаа сулхан сүлжиж болно.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!