Ямар хувцас эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг вэ?
Бүсгүй хүн хичнээн төрлийн хувцас өмсдөг вэ? Өмд, цамц, богино цамц, банзал, даашинз, гутал, хүрэм, трико, дотуур хувцас гээд л тоолж барамгүй их.
Гутал л гэхэд үй түмэн сонголттой. Бүсгүйчүүд минь өдөр болгон энэ олон хувцаснаас сонголт хийх гэж толгойгоо гашилгадаг бол бид танд туслая.
Учир нь бүсгүйчүүдийн бие организмд муугаар нөлөөлдөг хувцаснууд гэж байдаг тул бид та бүхэндээ сонирхуулах мөн сануулах үүднээс дараах мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
1. Өндөр өсгийт
Дэгжин боловч хэврэг өндөр өсгийтэй гутал бүсгүйчүүдийн эрүүл мэндийн дайсан ажээ. Өндөр өсгийт зөвхөн хөл өвтгөөд зогсохгүй, нуруу, нугасанд гэмтэл учруулдаг. Мэдээж, эмэгтэй хүнийг өндөр өсгийтгүй төсөөлөх аргагүй ч, байнга өмсөх хэрэггүй юм.
2. Хавтгай ултай гутал
Хавтгай ултай гутал нь өндөр өсгийт шиг аймшигтай биш ч гэлээ, ямар ч өсгийгүй болохоор хүний эд эрхтэнд мөн л таагүй нөлөө үзүүлдэг. Эрэгтэйлэг маягаар хувцаслах нь сайхан харагддаг боловч дунд зэргийн өсгийтэй гутал өмсөхийг хичээж байгаарай.
3. Хүнд цүнх
Том, хүнд цүнх эрүүл мэндэд халтай. Ийм цүнхийг ялангуяа мөрөндөө үүрвэл бүсгүй таны биеийн байрлалыг өөрчлөн, дур булаам төрхийг тань булаан оддог юм. Ажил, хичээлийн шаардлагын улмаас бичиг цаас, зөөврийн компьютер авч явах хэрэгтэй бол үүргэвч сонгоорой. Эсвэл цүнхээ жижигсгэн, хэрэггүй эд зүйлээ гэртээ үлдээгээрэй.
4. “Skinny” жинс
Орчин цагт хүн бүр л “Skinny” жинсийг таашаах болсон. Мэдээж бие барьсан хувцас сайхан галбирыг тань тодотгож өгдөг ч, цусны эргэлт муудаж, судас нарийсдаг болохыг анхаараарай.
5. “Бенз”
Бүсгүйчүүдийн бас нэгэн дайсан бол тачаангуй дотуур хувцас буюу бидний хэлж заншсанаар “бенз” юм. Ийм дотуур хувцас хүйтэн сэрүүний улиралд халхавч болж чаддаггүйн зэрэгцээ элдэв нян бактери чөлөөтэй нэвтрүүлдэг ажээ.
Үүнээс болж бүсгүйчүүд маань эмэгтэйчүүдийн өвчин тусч, эмзэг газар нь загатнах зэрэг хүндрэлтэй тулгардаг. Тиймээс аль болох бага өмсөх нь зүйтэй.
6. Тураадаг хувцас
Мэдээж үдшийн даашинзан дотуураа бариу дотуур хувцас өмсөж, гуалиг харагдахыг хүсдэггүй бүсгүй хүн гэж үгүй. Гэхдээ өдөр болгон өмсөх нь аюултай. Та дотоод эрхтэнүүд болон цусны эргэлтээ муутгахыг хүсэхгүй байгаа биз дээ?
7. Хуурамч гоёл
Таны бөгж, ээмэг болон хүзүүний зүүлт зүүсэн газар арьс улайж, загатнадаг уу? Тэгвэл та чанартай үнэт эдлэл авч хэрэглэх нь зүйтэй. Заримдаа энэ байдлыг тоохгүй явбал арьсны элдэв өвчин тусах магадлалтай байдаг юм.
8. Бариу трико
Хувцсаа сонгохдоо трикондоо анхаарал хандуулах нь зүйтэй. Хэрэв трико бариу санагдаж байвал шуудхан тайлах хэрэгтэй. Бие барьсан трико дотоод эрхтний тогтолцоонд муугаар нөлөөлдөг билээ.