Одод, тэрбумтнууд гудамжаар нь тавчиктайгаа алхаж байдаг Монако улсын тансаг амьдрал

“Монако” гэх хот улсыг далай тэнгис, дарвуулт завь, далдуу мод, спорт машин, тансаг амьдрал гэх үгс тодорхойлно. Энэ газрыг саятан, алдартнуудын диваажин гэж нэрлэж болно. Хамт энэ гайхалтай, үзэсгэлэнтэй, жижиг газар нутагтай боловч цэцэглэн хөгжиж чадсан улсын талаар илүү ихийг мэдэж авцгаая.

  • Монако бол Лигурийн тэнгисийн эрэг дээрх орших жижигхэн муж улс юм. Тус улсын засаглалын систем нь удмын болон үндсэн хуулийн хаант засаглал юм. Өнөөдөр Монаког хунтайж Рейнье III, Грейс Келли нарын хүү, хунтайж Альберт II удирдаж байна. Альберт хунтайж олон жилийн турш ганц бие явж, өөр өөр эхээс мэндэлсэн 2 хүүхэдтэй болсон боловч хэн хэнтэй нь албан ёсоор гэр бүл болоогүй. Тийм ч учраас тэд хаан ширээг залгамжлах боломжгүй.
  • Харин 2011 онд Өмнөд Африк гаралтай Шарлин Виттстоктой гэх бүсгүйтэй албан ёсоор гэрлэж, 3 жилийн дараа ихэр хүү охинтой болсон юм. Ингэснээр ихэр хүүхдүүд хаан ширээний залгамжлагчид болсон юм.

  • Ердөө хоёрхон км квадрат талбайд оршдог бяцхан муж. Монако улсын албан ёсны хүн ам нь 40 гаруй мянга. ДНБ нь 5 тэрбум доллар гаруй. Нэг хүнд ногдох орлогоороо дэлхийд тэргүүлэгч улс. Ажилгүйдлийн түвшин 2 хувь. Хүмүүс нь Итали, Франц улсуудад ажилладаг бөгөөд өдөр бүр нааш цааш явдаг. Тус улс нь нэг хүнд ногдох хамгийн олон саятан, тэрбумтнуудын тоогоор дэлхийд тэргүүлдэг.
  • Хөрөнгө орлогын татваргүй, бизнес эрхлэхэд бага татвар ногдуулдаг тул дэлхийн өнцөг булан бүрээс чинээлэг хүмүүсийг татдаг. Өнөөдөр Монакод 38 мянга орчим оршин суугч амьдарч байгаа бол 2020 оны мэдээгээр ердөө 9573 хүн л бяцхан мужийн албан ёсны иргэн аж.

 

  • Монакод оршин суух эрх авахын тулд та орон нутгийн банкинд данстай байх ёстой бөгөөд данс нээлгэхийн тулд хадгаламж шаардагдана. Таныг данс нээхээс өмнө банкны ажилтан таны мөнгөний эх үүсвэрийг сайтар шалгаж үзэх болно. Банкны дансгүй бол та байр түрээслэх эсвэл сим карт авах боломжгүй болно.
  • Түүнээс гадна бусад улс орнууд шиг хаа саагүй онгорхой банк гэж байдаггүй. Банк үргэлж хаалттай байх төдийгүй орж үйлчлүүлэхийн тулд хонх дарна. Банкны үйлчлүүлэгчид хувийн банкиртай байдаг.
  • Дашрамд хэлэхэд хэрэв хэн нэгэн танд тодорхой хэмжээний мөнгө илгээсэн бол тэр даруйд нь дансанд нь оруулах боломжгүй юм. Нэгдүгээрт, та ямар төрлийн мөнгө, хэнээс авсан гэх мэт мэдээллийг банкинд өгөх ёстой. Жишээлбэл, хэрэв та машин зарсан бол борлуулалтын гэрээгээ үзүүлэх шаардлагатай болно. Хэрэв та төлбөр авсан бол хөдөлмөрийн гэрээ хавсаргахыг шаардана.

  • Тус улсад өмсөж болох болон болохгүй хувцас гэж бий. Зөвхөн далайн эрэг дээр л усны хувцастай эсвэл цамцгүй явж болно. Мөн зөвхөн далайн эрэг дээр л гуталгүй байж болно. Зарим зочид буудал болон бусад олон нийтийн газруудад богино өмд өмсөхийг хориглодог. Түүнчлэн, таныг үүргэвч, шаахайтай олон газар оруулахгүй байж магадгүй юм.

  • Улсын 10, хувийн 2, олон улсын 1 сургуультай. Улсын сургуулиуд үнэгүй. Хүүхдүүд 12 жилийн турш сургуульд сурдаг бөгөөд сургалтын үйл явцыг бага, дунд сургууль, коллеж, лицей гэсэн 4 үе шатанд хуваадаг. Хүүхдүүд сургууль дээрээ маш их цаг зарцуулдаг бөгөөд 8: 00-16: 00 цаг хүртэл байдаг.
  • Монакод ганц л их сургууль байдаг. Энэ бол олон улсын дээд зэрэглэлийн компаниудад менежер бэлтгэх чиглэлээр мэргэшсэн, англиар ярьдаг их сургууль юм. Хамгийн алдартай салбаруудын нэг бол Luxury Management юм. Төгсөөд та дээд зэрэглэлийн автомашины дилерийн газруудын менежер, 5 одтой зочид буудлын менежер, брэнд хувцас эсвэл үнэт эдлэлийн худалдан авалтын мэргэжилтэн болж болно. Оюутнууд хуурамч чулууг жинхэнэ чулуунаас ялгах чадвартай болгохын тулд багш нар жинхэнэ очир алмаазыг ангидаа авчирдаг.
  • Монакод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 1300 евро, дунджаар сард 4,410 евро байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэ 2018 онд 1 метр квадрат тутамд 100 мянган евро хүрсэн гэж үзвэл цалингийн хэмжээ нь тийм ч их биш юм.

  • Тус улсад албан ёсны такси үйлчилгээ эрхэлдэг 1 компани л байдаг. Uber гэх мэт үйлчилгээг энд хориглодог, өөрөөр хэлбэл та Францаас ирж болно, гэхдээ буцаад явах боломжгүй болно. Машины хүлээх хамгийн бага хугацаа 20 минут бөгөөд үүнээс хэтэрвэл жолооч таныг хүлээхгүй.
  • Монакод таксины жолоочоор ажиллах нь нэлээд ашигтай боловч үүний тулд та 1 сая еврогийн үнэтэй тусгай үнэмлэх авах хэрэгтэй.
  • Улс нь маш жижиг тул өөрийн машинаар явах шаардлагагүй. Ихэнх хүмүүс нь явганаар явдаг, дугуй унадаг эсвэл нийтийн тээврийн хэрэгслээр явдаг.
  • 1929 оноос хойш жил бүр Монако хот автомашины спортын хамгийн алдартай тэмцээнүүдийн нэг болох Формула-1 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэг хэсэг болох Монакогийн Гран При тэмцээнийг зохион байгуулж ирсэн.

  • Оршин суугчид нь дэгжин, цэвэрхэн, эрхэмсэг хувцаслахыг зорьдог. Мөн үсээ өнгө өнгөөр будахаас татгалзаж, энгийн боловч классик дүр төрхийг хадгалдаг аж.

  • Тус улсад амьдардаг хүмүүс машинаа түгждэггүй. Учир нь тус улсад гэмт хэрэг гардаггүй. Нэгдүгээрт нэг хүнд ногдох цагдаа олон бөгөөд хяналтын камер хаа саагүй байдаг.
  • Дэлхийн баячууд энд тэндээс ирж аялах, амрах тохиолдол их. Гудамжаар нь алхаж явахад л тэрбумтан, алдартан хүмүүсийг энд тэндгүй харж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!