Ямар ч сайхан бүсгүй өмссөн мэдрэмжгүй, хуучинсаг харагдуулдаг хувцаслалтууд

Хувцас сонгож худалдан авалт хийнэ гэдэг амаргүй. Өөртөө зохихгүй эсвэл загвар моодноос гарчихсан хувцас авчихаад өмсөх хэцүү, өмсөхгүй орхих хэцүү яахаа мэдэхгүй гайхаж суух үе бүсгүйчүүдэд бишгүй л нэг тохиолдоно. Харин энэхүү асуудлаас сэргийлэхийн тулд хувцсаа авахаас өмнө сайтар бодож, юутай зохицож хэрхэн өмсөх талаар эргэцүүлэх хэрэгтэй. Ямартай ч өнөөдөр та бүхэндээ хэдийн загвар нь хоцрогдсон хувцаснуудыг танилцуулж байна. Та дараа дараагийн удаа дэлгүүр орохдоо эдгээр хувцаснуудыг алгасаарай.

Цахилгаанаар чимэглэсэн банзал

Ердөө 5 жилийн өмнө задгай цахилгаан товч бараг л загварын чиг хандлага байсан: даашинз, юбка, цамц, ороолт хүртэл цахилгаан чимэглэлтэй байсан гэхэд хилсдэхгүй. Гэхдээ энэ нь өнөө цагт хоцрогдсон загвар болж хувирчээ. Илүү дутуу гоёл чимэглэл, төмөр оруулга зэргээс илүүтэй цэвэрхэн, дэгжин банзал охид бүсгүйчүүдийн сонголт болсон.

Цамцны гадуур хантааз өмсөх

Хантааз өмсөх нь өнөө хэр нь трэнд хэвээр байгаа. Харин дотуур нь юу өмсөх вэ гэдэг л чухал асуудал юм. Өмнө нь охид ханцуйтай цамцны гадуур өмсдөг байсан бол, өнөөдөр богино ханцуйтай футволкны гадуур хантаазаа өмсөх болжээ. Илүү догь төрх бүрдэнэ.

Хэт их чимэглэж, сүр нэмсэн цамц

Гоёмсог байдал нь энгийн цэмцгэр зүйлсэд оршдог хэмээн Коко Шанель хэлж байсан удаатай. Бүч, тууз, дэрвэгэр нэмэлт даавуу гэхчлэн хэт их чимэглэж, сүр бараа нэмсэн цамцнаас татгалзаарай. Энэ нь таныг том цээжтэй, нүсэр харагдуулах аюултай.

Оёдол нь ил харагдах хувцас

Хувцас худалдаж авахдаа оёдлыг нь хамгийн түрүүнд харах ёстой. Оёдол нь ил гараад ирсэн, далий муруй, мэдэгдэхүйц гогцоо, цухуйсан утас гэхчлэн асуудал ихтэй хувцас худалдаж авах хэрэггүй.

Шар төмөр чимэглэл бүхий цүнх

Хэт их хэмжээний гялалзсан гинж, дагалдах хэрэгсэл нь чанартай, жинхэнэ арьсаар хийсэн цүнхийг ч хямд харагдуулж чадна. Тиймээс ийм төрлийн цүнхнээс татгалзаж байгаарай.

Атираат юбка

Атираат юбка худалдаж авахдаа материалыг нь сайтар анхаарч үзэх хэрэгтэй. Эс бөгөөс энэ нь биед наалдах, хэлбэрээ алдах гэхчлэн таагүй харагдана. Тиймээс биетэй материалтай юбка сонгоорой.

Цагаан өнгөтэй өндөр өсгийт гутал

Өдөр тутмын хувцаслалтанд цагаан өнгийн өндөр өсгийт үл тохирно. Энэ нь арьсны өнгөнөөс хэт ялгарч, биеийг бараантуулж харагдуулах төдийгүй хэдийн хоцрогдсон загварын тоонд оржээ. Харин үүний оронд биеийн өнгөтэй өндөр өсгийтийг бүсгүйчүүд сонгон өмсөх болсон.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!