Дэлхийн хамгийн эрүүл ногоо: Харааг сайжруулж, элэгний өөхлөлтөөс сэргийлнэ!

Хүрэн манжинд натри, фосфор, хлор, кали, төмөр, бор, цинк, кобальт, зэс болон органик хүчлүүд, В –гийн төрлийн аминдэмүүд, рутин агуулагддаг. Эдгээр бодисууд нь хүний бие организмыг цэвэрлэж, залуужуулан амьдралын эрч хүчийг бэлэглэнэ.

Ардын эмнэлэгт хүрэн манжингийн эмчилгээний чанарыг өргөн ашигладаг. Тухайлбал, хүрэн манжингийн шөл нь цусны бүтцийг сайжруулж, улаан бөөм үүсэхэд оролцохоос гадна вирусын эсрэг үйлчлэл үзүүлдэг. Мөн судас хатуурлын эхэн үед эмчилгээний зориулалтаар хэрэглэхэд сайн үр дүн өгдөг.

  • Цус багадалтын үед хүрэн манжингийн шүүсийг луувангийн шүүстэй хольж хоол идэхийн өмнө хоолны хоёр халбагаар ууж байх хэрэгтэй.
  • Мөн чихрийн шижин өвчний эмчилгээнд хэрэглэнэ. Ингэхдээ хүрэн манжингийн шүүсийг өдөрт дөрвөн удаа хоолны хоёр халбагаар ууж бай.
  • Хүрэн манжинг өдөр тутмын хоолонд хэрэглэснээр хараа сайжирна.
  • Элэгний үйл ажиллагааг сайжруулж, өөхлөлтөөс сэргийлэхийн тулд хүрэн манжингийн шүүс болон төрөл бүрийн салат бэлтгэж идээрэй.
  • Мастопатия буюу хөхний булчирхайн өвчинг анагаахын тулд түүхий хүрэн манжингийн зуурмагийг бигнүүр маягаар хөхөн дээрээ тавьдаг. Мөн нимгэн сальфеткийг хүрэн манжингийн шүүсэнд дүрж, бүх л шөнөжин хөхөн дээрээ тавьж хононо. Ийм эмчилгээг жилд нэг удаа, хоёр долоо хоногийн турш тасралтгүй хийвэл үр дүн тун сайтай байдаг юм.
  • Түүхий хүрэн манжинг бүх л өдрийн туршид бага багаар идвэл хорт хавдар тусахаас урьдчилан сэргийлэх сайн арга болдог. Хүрэн манжин нь ходоод, бөөр, элгийг цэвэрлэдэг юм.
  • Эрт цагт орос бүсгүйчүүд хүрэн манжингаар хацраа улайлгаж гоёдог байж. Харин орчин цагт хүрэн манжинг гоо сайхны болон бие арчилгаанд илүү хэрэглэх болжээ. Үүний тулд хүрэн манжинг авч цэвэрлээд үрүүлд үрсний дараа ургамлын тос эсвэл цөцгийтэй зуурч нүүрэндээ 5 – 10 минут тавибал арьс залуу, зөөлөн өнгөлөг төрхтэй харагддаг.

Хүрэн манжингаар бас олон амтат салат, хоол хийдэг билээ.

Даршилсан хүрэн манжин

Энэ салатыг хийхэд 500 грамм хүрэн манжин, хоолны нэг халбага сахар, ус 1/3 стакан, ургамлын тос 1/3 стакан, 1/4 стакан 9%-ын уксус, хоолны хоёр халбага жижиглэсэн грек самар хэрэгтэй болно.

Бэлтгэх арга: Хүрэн манжингаа сайтар угааж, цэвэрлээд том нүхтэй үрүүлээр үрнэ. Даршлахын тулд усандаа уксус, сахар, ургамлын тосоо хийж халуун байхад нь үрсэн манжингаа хийж, 40 минут хэртэй байлгана.

Таваглаж өгөхийн өмнө жижиглэсэн сармисаас цацаарай.

Хүрэн манжингийн салат

Орц: хоёр ширхэг хүрэн манжин, 250 грамм хар талх, дөрвөн ширхэг өндөг, хоолны хоёр халбага маргарин, 100 грамм ясгүй хар чавга, хатаасан талхны үйрмэг орно.

Талхаа нарийхан урт хэрчээд багавтар усанд хийж дэвтээнэ. Харин хүрэн манжингаа том нүхтэй үрүүлээр үр. Хар чавгаа сайтар угаан хоёр хуваана.

Хоёр ширхэг өндөг болон хар чавга, хүрэн манжингаа хийж зуурах хэрэгтэй. Үүний дараа хайруулын тавгаа маргаринаар тослоод хатсан талхны үйрмэгээ цацсаны дараа хар талх, дээр нь хүрэн манжингаа хийж зүсэм талхаар бүрнэ.

Дээрээс нь үлдсэн хоёр өндгөө хагалж бүрээд шарах шүүгээнд 40 – 50 минут болгоно.

Сонгинотой хүрэн манжингийн салат

Энэ салатыг хийхийн тулд нэг ширхэг хүрэн манжин, нэг бөөрөнхий сонгино, амтлахад зориулан ургамлын тос, хоолны нэг халбага жижиглэсэн грек самар, давс, перец хэрэгтэй.

Бэлтгэх арга: Хүрэн манжингаа чанаад, цэвэрлэсний дараа урт нарийхан хэлбэртэй хэрчинэ. Сонгиноо тусад нь шарсны дараа самар, манжинтайгаа хольж ургамлын тос, давс, перецээр амтлан хутгах хэрэгтэй.

Жижиглэсэн хүрэн манжин

Орц: дунд зэргийн хэмжээтэй дөрвөн ширхэг хүрэн манжин бас 200 грамм үхрийн чанасан мах, хоёр ширхэг сонгино, тал стакан будаа, цөцгий, давс, перец зэргийг бэлтгэх хэрэгтэй.

Бэлтгэх арга: Хүрэн манжингаа шарах шүүгээнд хийж болгоод оройн хэсгийг нь огтолж авна. Дараа нь махны машинд хүрэн манжингийнхаа хагасыг нь, чанасан мах, сонгины хамт хийж машиндан нухаш болго.

Будаагаа хагас болгоод дээрх хольцтойгоо нийлүүлж хутгахдаа давсалж амтална. Үлдсэн хүрэн манжингийн нухашаа дээрээс нь хийж сайтар тагла.

Урьдаар халаасан шарах шүүгээнд гучин минут болгоод авна.

Таваглаж өгөхдөө дээр нь цөцгийн тосноос хийх хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!