Гуч гарсан ч ганц бие байх нь танд ямар давуу талуудыг өгдөг вэ?

25 нас хүрчихсэн ганц бие залуус, бүсгүйчүүдийг харсан хэн бүхэн л оройтлоо хүнтэй суу, амьдралаа зохио гэж үглэж, чихэнд нь чийр болно. Таарсан хүн бүрээсээ ийм төрлийн үг сонсох нь тэдгээр залуусыг дарамтанд оруулж, үнэхээр л би оройтоод байгаа юм болов уу, мөрөөдөл зорилгодоо бууж өгөөд хүүхэд гаргаад гэртээ суухуу, хүний нөхөр болж, бүх ачааг нуруун дээрээ үүрэх үү гэх эргэлзээнд төөрөлдөнө. Гэвч үнэн хэрэгтээ ганц бие байх нь муу зүйл огт биш. Харин ч өөрийгөө хөгжүүлж, мөрөөдлөө биелүүлж, амжилттай карьертай болох алтан боломж гэж харах хэрэгтэй. Өнөөдөр та бүхэндээ ганц бие байх нь өөрийгөө хөгжүүлэх хамгийн том боломжийг хүнд олгодог гэдгийг хэлж өгөхөөр мэдээлэл бэлтгэлээ.

Хэвшмэл ойлголтыг арилгах цаг болжээ

Хүн заавал өөр хэн нэгэнтэй амьдралаа холбож, үлдсэн амьдралаа хажууд нь өнгөрүүлэх ёстой, үр удмаа үлдээх хэрэгтэй гэх зэрэг нь хоцрогдсон. Хаана ч заавал гэж зүйл үгүй. Хүсвэл хийж болохгүй, хүсэхгүй бол хийхгүй ч байсан болно. Тухайн хүний сонголт. Хамгийн гол нь тухайн хүний сонголтыг хүндлэх хэрэгтэй. Ганц бие гэхээр л ганцаардмал, сул дорой, хэн ч тоодоггүй гэхчлэн ойлгож болохгүй.

Зорилго мөрөөдөлдөө хүрэх боломжтой

Зөвхөн өөртөө, өөрийнхөө мөрөөдөл, тэмүүлэлд цаг заваа гаргаж, анхаарал хандуулах боломжтой. Ганц бие тул өөр бусдад анхаарах, тэдний төлөө ажиллаж амьдрах ч хэрэггүй. Зөвхөн өөрийнхөө төлөө, өөрийн аз жаргалын төлөө амьдрах тул мөрөөдөл, зорилгодоо хүрэх магадлал харьцангуй өндөр байх аж.

Хорвоо дэлхийг таньж мэд

Үүргэвчээ үүрээд аялалд гарлаа гэхэд таныг хорьж цагдах хэн ч үгүй. Та хэнд ч тайлбар тавьж, зөвшөөрөл хүсэх шаардлагагүй. Ганц бие байхын давуу тал нь эрх чөлөө. Та хүссэн бүхнээ хийж, дэлхийг тойрон аялж, олон зүйлсийг үзэж харж, туршлага хуримтлуулж чадна.

Өөрийгөө хайрлах

Дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хоолло. Ном уншиж, йогоор хичээллэж сэтгэхүйгээ ч эрүүл байлга. Аз жаргалтай, эрүүл амьдар. Ганц бие байхад эдгээрийг ямар ч асуудалгүй хийх боломжтой. Боломжийг байгаа дээр нь ашиглаж, өөрийгөө хайрлаж, илүү гэрэлтэй гэгээлэг ертөнцөд амьдрах хэрэгтэй шүү. Ганц бие байхад хэн ч таныг бухимдуулж, хэн ч танд дарамт учруулж чадахгүй.

Өөрийгөө чухам ямар хүн гэдгийг таньж мэднэ

Ганцаараа цагийг их өнгөрүүлэх тусам өөрийгөө ямар хүн гэдгийг таньж мэддэг. Өөртэйгээ илүү их ярилцаж, юунд дуртай, ямар үед жаргалтай байдаг, сул тал нь юу юм, юунаас хамгийн их айдаг гээд бүхнийг мэдэж авах боломжтой. Харин эдгээрийг мэдээд авчихсан байхад аз жаргалын нууцыг бараг л олчихлоо гэхэд хол буруу зөрөхгүй.

Өөрт тохирох нэгнийг хүлээ

Мэдээж хайр дурлал гэдэг сайхан зүйл. Харин урт удаан хугацаанд, мөнхөд үргэлжилж чаддаггүй нь харамсалтай. Гэсэн ч хайр үргэлж аз жаргалыг авчирдаггүй, гомдол цөхрөл, гуниг харуусал бүхнийг ч дагуулдаг нь жам. Тиймээс яг л танд тохирох хүн, таныг хайрладаг, зүрхийг тань догдлуулдаг, аз жаргал бэлэглэдэг тэр хүнийг гарч ирэх хүртэл яарах хэрэггүй. Ганцаараа өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө хайрлаж, олон зүйлс туршиж аз жаргалтайгаар өдөр хоногийг өнгөрүүл. Зөв гэж бодсон хүнтэйгээ л гэрлэх хэрэгтэй болохоос биш оройтлоо гээд л таарсан хүнтэйгээ амьдралаа холбож болохгүй. Та жаргалтай л амьдрах гэж төрсөн. Та хаана жаргалтай байна, тэндээ л байх хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!