8 жилийн хугацаанд хоригдсоны эцэст нь зугтаж чадсан охины түүх

Та өмнө нь Наташа Кампуш гэх нэрийг сонсож байсан уу? Тэр бол аймшигтай гашуун түүхийг өөрийн биеэр туулж гарсан бүсгүй юм. 10 настайдаа хулгайлагдаж, 3096 хоног хоригдож, эцэст нь оргож чадсан бөгөөд түүний түүхээс сэдэвлэж, ном болон кино хийгдэж байсан. Өнөөдөр та бүхэндээ бүсгүйн түүхийг хуваалцаж байна.

1998 оны 3-р сарын 2-нд нэгэн эмэгтэй Вена хотын цагдаагийн газар руу утасдав. Түүнийг Бригитта Сирни гэдэг байсан бөгөөд 10 настай охин Наташа Кампуш алга болсон гэж цагдаад мэдэгджээ. Өнгөрсөн ням гарагт охин аавтайгаа хамт Унгарт амарч байгаад гэртээ эргэн ирж, даваа гарагт хичээлдээ явсан ч эргэж ирээгүй байна. Охины ээж эхлээд сургууль руу утасдсан боловч Наташа хичээлдээ ч очоогүй гэсэн тул шууд л цагдаагийн газарт дуудлага өгсөн аж. Охиныг эрэн хайх ажиллагааг тэр даруйд эхлүүлсэн ба гэрээс сургууль орох замыг нэг бүрчлэн шалгаж, ойр тойрны цөөрмүүдийг ч үлдээлгүй шалгажээ.

Цагдаагийн ажилтнууд охиныг хулгайлсан хэмээн сэжиглэж, эргэн тойрны хүмүүсээс байцаалт авч эхэлжээ. Харин 12 настай охин Наташаг хэн нэгэн цагаан өнгийн машин руу хүчээр суулгаж байгааг харсан тухайгаа хэлсэн байна. Охины мэдэгдлийн дагуу ижил машиныг хайж, мөн Унгарт ч хайгуулын ажил явуулсан. Цагдаа нар Вольфганг Периклопил гэх эрийн машиныг шинжилж, энэ нь мэдүүлэг өгсөн охины хэлсэнтэй ижил байгааг баталжээ. Гэсэн ч Вольфганг бараа материал зөөхөд машинаа ашигладаг мөн хэрэг гарсан өдөр буюу охиныг алга болсон өдөр гэрээсээ гараагүй болох нь батлагдсан аж.

Мөрдөн байцаалтын явцад цагдаа нар 700 орчим автомашиныг шалгаж, бараг ижил тооны автомашин эзэмшигчдийг байцаах шаардлагатай байсан тул Вольфганг Периклопил олны анхаарлыг татаагүй бөгөөд сэжигтэй санагдсангүй.

Тун удалгүй бүгд түүнийг мартаж, түүнийг 5 хавтгай дөрвөлжин метр хэмжээтэй нууц өрөөнд 10 настай охиныг нууж байсан гэж хэн ч төсөөлөөгүй.

Наташагийн амьдардаг өрөө газар дор 2.5 метр байв. Цонх ч байхгүй, түүнийг цэвэр агаараар хангадаг агааржуулагч л байсан. Өрөөг 2 хаалгаар цоожилсон бөгөөд нэг хаалга нь гэхэд 150 кг орчим жинтэй байжээ.

Өрөө нь дуу гадагшлуулдаггүй. Тийм ч учраас охин тэнхээ алдтал орилж тусламж хүссэн ч амжилт олдоггүй байв. Охины өрөө рүү орох ганц хаалга нь Вольфгангын гаражаар дамжих юм. Мөн охины нууц өрөөний хаалгыг шүүгээгээр халхалсан байдаг тул хэн ч гадарласангүй.

Охиныг 6 сарын турш өрөөнөөс нэг ч удаа гаргаагүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр охинд итгэл төрөх болсон тул Вольфганг түүнд хүссэн бүхнийг авч өгчээ. Телевизор, самбар, сандал, ширээ гэхчлэн хэрэгтэй бүгдийг нь авч өгсөн төдийгүй тоглоом, сэтгүүл ч ихээр өгдөг байсан аж.

2005 он гэхэд Вольфганг тайвширч, өөрийг нь гэмт хэрэг үйлдсэн болохыг хэн ч мэдээгүй гэж бодож болжээ. Тийм ч учраас охиныг өрөөнөөс гарч, гарашд тоглох, хашаагаар алхахыг зөвшөөрсөн бол, жилийн дараа гэхэд хажуу айлын усан санд сэлэхийг зөвшөөрчээ. Гэсэн ч тэр охиныг ямагт айлгаж, гар хүрч, дарамталж байсан төдийгүй хийх үйлдэл нэг бүрийг нь зааварлаж, үгнээс нь зөрөх төдийд хүчирхийлдэг байна гэнэ.

Охин 17 нас хүрэхэд гэмт хэрэгтэн охиныг дагуулан цанаар гулгаж байсан. 2008 онд охиныг машины тоосыг соруулахыг даалгасан байна. Наташа тоос соруулагчаа асаалттай хэвээр үлдээж, тэр хооронд зугтаж чаджээ. Хамгийн ойр байрлах айлын хаалгыг нүдэж, цагдаа дуудаж өгөхийг хүссэн аж. Цагдаа нар Периклопилийг барих гэж оролдсон боловч тэр зугтах гэж байгаад нас баржээ.

Охин 8 жилийн хугацаанд хоригдож, 18 насандаа суллагдсан. Хар дарсан зүүд мэт өдөр хоногуудыг ганцаардал, айдас дунд өнгөрүүлж, эцэст нь эсэн мэнд зугтаж чадсан билээ. Түүний эргэн дурсахаас хүртэл эмээдэг тэдгээр өдрүүд ямар байсан тухайгаа дэлгэрэнгүй бичэн ном болгож гаргасан бөгөөд сүүлд кино хүртэл хийгдсэн.

Охин одоо өөрийгөө хөгжүүлж, аль болох амар тайван амьдрахыг хичээх болжээ. Тэрээр уран зохиол болон уран зурагт сонирхолтой бөгөөд амьдралаа эдгээр зүйлсэд зориулдаг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!