Таныг насан туршдаа ядуу хэвээр үлдэхэд хүргэдэг 10 хэрэггүй бодол
Бид мөнгөө хэзээ, хэрхэн бодлогогүй зарцуулж байгаагаа анзаарч ухамсарлах чадвартай байх хэрэгтэй. Нэг удаагийн пластик хэрэглээний оронд олон дахин ашиглах боломжтой кофены аяга, эсвэл даавуун уут ашиглах нь таны мөнгийг хэмнэх болно.
Бидний алхам тутамдаа гаргадаг мөнгөний тооцоогүй байдал нь эргээд санхүүгийн ямар нөхцөл байдалд хүргэж болох талаар, мөн санхүүгийн асуудалд хүрэхгүйн тулд хэрхэн мөнгөө зарцуулах боломжтойг хамтдаа сонирхоцгооё.
“Би өөртөө сайхан хандах эрхтэй”
Заримдаа бид “Хүндхэн үе байлаа, тиймээс өөртөө жаахан мөнгө зарцуулах хэрэгтэй” гэж өөртөө хэлж тайвшруулдаг. Гэвч ингэж мөнгө зарцуулахдаа ихэнхдээ хангалттай мөнгөтэй байгаа, эсвэл байгаа мөнгөө нэг дор бүгдийг нь шавхаагүй бол өөрсдийгөө зөвтгөсөөр л байдаг. Үүнээс гадна, өөртөө сайхан хандахдаа зээлийн карт ашигладаг бөгөөд энэ нь ухаалаг сонголт биш юм.
Мэдээж бид өөрсдийгөө илүү аз жаргалтай байлгах зүйл хийх хэрэгтэй боловч нэмэлт зардал нь аз жаргалыг бидэнд авчрах эсэх талаар бодох хэрэгтэй. Зээлийн картаар авсан түр зуурын аз жаргалтай зүйлс чинь эргээд сарын төлбрийн хэмжээг ихэсгэх, зээлээ төлөхөд төлөвлөсөн мөнгө хүрэхгүй байх зэрэг нэмэлт санаа зоволтыг өөрт чинь үүсгэж болох юм.
1. “Хурим насан туршдаа нэг удаа болдог тул зээл авах нь хэвийн л зүйл юм”
“Хурим насан туршид ганцхан тохиолддог” гэсэн хэллэг нь яг л ид шид тохиох гэж буй мэт сонсогддог бөгөөд хүмүүс хуримандаа зориулан их хэмжээний мөнгө зээлэхэд бэлэн байдаг. Гэвч энэ нь ямар ч үндэслэлгүй хэрэггүй зээл болохыг огтхон ч боддоггүй. Хурим гэдэг нь танд илүү их мөнгө авчрах зүйл биш бөгөөд энэ арга хэмжээ нь үр дүнгээ өгөх баталгаа байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хурим болоод л дуусна харин зээл танд үлдэх бөгөөд та шаардлагагүй өрөөр амьдралаа эхлүүлэх болно шүү дээ. Энэ нь мэдээж хосуудын мөрөөддөг зүйл биш юм. Үүнээс гадна мөнгөний талаарх санал зөрөлдөөн нь гэрлэсэн хосуудын хоорондох маргаан гарах гол шалтгаануудын нэг болдог.
2. “Би өдөржингөө ажилладаг, би үүнийг төлж чадна.”
Сайн мөнгө олохын тулд өдөрт 12 цаг ажиллах шаардлагагүй, зөвхөн оюун ухаанаа дайчлан, чадвараа эзэмшихэд л хангалттай шүү дээ. Өдөржингөө ажиллахад танд амьдралаа сайхан байгаа юм шиг сэтгэгдэл төрж магадгүй л юм. Ингэж удаан явах нь амьдрал чинь нэгэн хэвийн бас уйтгартай, цаг хугацаанд баригдмал мэт байдалтай болох юм. Бусад хэрэгцээтэй зүйлс, хобби тэр ч бүү хэл амьдралаа хэрхэн дээшлүүлэх талаар бодох цаг гарахгүй. Ингээд өдөржин ажиллаад гэртээ харихдаа шахсан нимбэг шиг ямар ч эрч хүчгүй болсон байх мэдрэмж төрдөг.
Хүн ажил, хобби хоёрын хооронд шилжиж сурч, орчноо бага зэрэг өөрчилдөг байж чадвал амьдралынхаа утга учрыг алдагдуулахгүйгээр ажил үүргээ гүйцэтгэх боломжтой. Чөлөөт цагаа хобби боловсрол хоёртоо аль алинд нь зарцуулж чадвал карьераа шат шатаар ахиулах бүрэн боломжтой юм.
3. “Ганц л амьдрана, тиймээс мөнгөө иймэрхүү зүйлд зарцуулах нь буруу биш.”
Эдгээр үгсийг хүмүүс цалингаа бүгдийг нь үрэхээсээ өмнө хэлдэг. “Маргааш биднийг юу хүлээж байгааг хэн нь ч мэдэхгүй, тиймээс мөнгөө хэмнэхийн оронд энд, одоо зарцуулж, үүнээс таашаал авах нь илүү утга учиртай хэрэг” гэх хэллэгийг бидний ихэнх нь зөвтгөдөг.
Гэхдээ та бүх дансаа хоослож, орлогоо хайхрамжгүй зарцуулахгүйгээр бага мөнгийг утга учиртай зүйлдээ зарцуулж болно шүү дээ. Мэдээж хэрэг, ихэнх зүйлийг урьдчилан таамаглах аргагүй ч бидний ихэнх нь урт удаан, аз жаргалтай амьдрахыг хүсдэг үүний тулд бидэнд мөнгө хэрэгтэй байдаг. Тийм ч учраас ирээдүйн сайн сайхны төлөө аль болох эрт төлөвлөж, хөрөнгө мөнгө аар саархан зүйлд зарцуулахын оронд хадгаламжийн данс нээх нь зүйтэй юм.
4. “Энэ бол онцгой үйл явдал, би үүнээс зайлсхийх ёсгүй.”
Мөнгө зарцуулахад зайлшгүй хүргэдэг үйл явдлууд бидний амьдралд хааяа тохиолддог. Гэхдээ нөхцөл байдал өөр байж болох бөгөөд та зардал үнэхээр шаардлагатай эсэхийг ялгаж салгаж чаддаг байх хэрэгтэй.
Ямар үед зарцуулалт хийх хэрэгтэйг анзаарах нь нилээд хялбар юм. Та бүх нөхцөл байдлын талаар урьдчилан бодож, мөнгөний зарцуулалт хэзээ туйлын хэрэгтэй, хэзээ мөнгөө зарцуулах шаардлагагүй талаар жагсаалт гаргаад үзэх хэрэгтэй. Өвчин эмгэг, ажилгүй болох, зайлшгүй авах хэрэгтэй гэр ахуйн цахилгаан хэрэгслийн эвдрэл, эсвэл ирэх улиралд яаралтай гутал худалдаж авах хэрэгцээ зэргийг зайлшгүй шаардлагатай жагсаалтанд оруулах нь зүйтэй. Бусад бүх тохиолдолд та гэнэтийн бүх зардлыг үгүй гэж хэлэх хэрэгтэй. Учир нь маш үнэтэй гутал эсвэл ганцхан удаа өмсөх даашинз худалдаж авах нь таны хувьд чухал уулзалт байсан ч гэсэн утгагүй, үргүй зардал болдог.
5. “Би энэ мөнгийг үнэхээр амархан олсон юм чинь хялбар зарцуулахад буруу байхгүй.”
Өөр нэг өргөн тархсан алдаа бол амархан олсон мөнгөө ямар ч бодолгүйгээр зарцуулах явдал юм. Энэ тохиолдолд үүнийг хэрхэн үр ашигтай зарцуулахаа урьдчилан бодож үзэх нь дээр. Дашрамд дурдахад ийм төрлийн сэтгэлгээ нь их хэмжээний мөнгө өвлөж авсан эсвэл сугалаанд хожсон ихэнх хүмүүст тохиолддог бөгөөд мөнгөө үнэхээр хурдан шавхаж, удалгүй урьдын адил ажилгүй, амьдралын хэв маягруугаа эргэж орох шалтгаан болдог.
6. “Хямдрал зарлачихаж”
Бид өөрсдийн болон бусдын өмнө хийсэн сонголтоо хамгаалах хандлагатай байдаг. Үнэтэй зүйл худалдаж авахдаа хүн өөрийгөө буруутгахын оронд, “Эцсийн эцэст би хямдралтай үнээр худалдаж авсан шүү дээ!” гэж өөрийгөө зөвтгөх нь олонтаа. Худалдааны үеэр дэлгүүрээс өөрийгөө олж харахдаа бусдын сэтгэл хөдлөлийн мэдрэмжтэй тааруулахгүй байх нь чухал юм. Худалдаж авах зүйлсийн жагсаалт гаргаж, нэмэлт зүйл худалдаж аваагүй нь дээр. Түүнчлэн, та өөрөөсөө “Хэрэв хямдралгүй байсан бол би энэ зүйлийг худалдаж авах уу?” гэж асууж болох юм.
7. “Би ямар ч судалгаа хийхийг хүсэхгүй байна. Илүү үнэтэй зүйл илүү сайн байх магадлалтай.”
Заримдаа бид чиг хандлагын дагуу их хэмжээний мөнгө зарцуулдаг. Жишээлбэл, бид цахилгаан хэрэгслээ солихоор шийдсэн тохиолдолд чанарыг нь шалгахгүйгээр зөвхөн брэндийн өргөн алдаршсан нэр болон багцад орж буй олон тооны дагалдах хэрэгслийг үзэх замаар хамгийн үнэтэйг нь сонгодог. Мэдээж хэрэг, худалдан авалт хийх үед бид бүгдийг нь ашиглах болно гэж боддог. Хэсэг хугацааны дараа бид уг цуглуулгад ордог дагалдах хэрэгслийг илүү төлсөн боловч хэзээ ч ашигладаггүй болохыг ойлгодог. Үүнээс гадна бид эдгээр бүх шинэ зүйлийн төлбөрийг зээлийн картаар төлдөг зэрэг нь бас нэг алдаа юм.
Зээлээр амьдардаг хүн ер нь юм худалдаж авах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Тэд харьцуулах, сонгох, төлөвлөхийг хүсдэггүй. Харамсалтай нь энэ нь илүү төлбөр болж зүгээр л мөнгө үрэгдэх шалтгаан болдог.
8. ” Энэ нь тийм ч их мөнгө биш юм чинь би зээлийн картаараа төлбөрөө хийх болно.”
Зээлийн картаар төлсөн бага хэмжээний худалдан авалт нь ач холбогдолгүй юм шиг санагддаг. Жишээлбэл, зээлийн картын хязгаар 5 сая төгрөг байхад гоо сайхны салонд 150 мянгыг зарцуулах бол бидний хувьд ач холбогдолгүй мэт санагддаг.
Гэхдээ та өөрийн мөнгөөр (зээлийн картаар биш) төлж байсан бол төсөвт тань илүү ээлтэй арга замыг сонгох эсвэл ядаж юу юунд зарцуулах талаар илүү сайн төлөвлөх байсан байх.
Зээлийн картын хүч чадал нь худалдан авалтаас авах таашаал, мөнгөө хувааж авахдаа харамсах мэдрэмжийг ялгаж өгдөгт оршино. Та долоо хоног бүр зөвхөн тодорхой хэмжээний мөнгө буцааж авах, ямар нэгэн зүйл төлөхдөө бэлэн мөнгө ашиглан зардлаа хянахыг оролдож болно.
9. “Өнгөрсөн сард би сайн хадгалсан тул одоо илүү их мөнгө зарцуулах боломжтой боллоо.”
Тухайн хүн тээврийн хэрэгсэлд зарцуулах мөнгөө хэмнэж, ресторанд мөнгө үрэхгүй байх нь сайн хэрэг. Энэ нь хичнээн их мөнгө хэмнэдэг ч эргүүлээд хэр их мөнгө зарцуулдаг болохыг ойлгоход хялбар болгодог. Гэхдээ энэ нь тайвшрах шалтгаан биш юм. Учир нь та зарлагаа хянаж чаддаггүй бол санхүүгийн хүнд байдалд орох нь амархан байдаг. Төсвөө үргэлж хянах ёстой бөгөөд үүнийг мөнгөн урсгалын хэмжээнээсээ үл хамааран хийх хэрэгтэй.
Ямар нэгэн зүйл худалдаж авсны дараа та үүнээс хамаагүй бага мөнгө зарцуулж болно гэдгээ мэдээд ийм харамсалтай мэдрэмж төрж байсан уу? Өөрийгөө шаардлагагүй зардлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.