Бидний өдөр тутамдаа өмсдөг, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг 10 хувцас

Эрдэмтдийн үзэж байгаагаар бүсгүйчүүдийн нурууны өвчлөлийн 73 хувь нь тэдний өдөр тутамдаа өмсдөг бариу хувцас, гутал, гоёл чимэглэлүүдээс болдог байна. Таны ч гэсэн шүүгээнд тэдгээр хувцасны ихэнхи нь байдаг болов уу. Иймээс бид та бүхэндээ сэрэмжлүүлэх үүднээс, бие организмд сөргөөр нөлөөлдөг хувцаснуудыг танилцуулъя.

1. Өсгийтэй гутал

Аубурны их сургуулийн судлаачид, өсгийтэй гутал өмсдөг бүсгүйчүүд, өмсдөггүй эмэгтэйчүүд болон эрчүүдийг бодоход хөлийн асуудалтай 4 дахин илүү тулгардаг болохыг тогтоожээ. Эдгээр хөлийн асуудалд, хөл эвэрших, шагай болон шөрмөс гэмтэх, цаашлаад мэдрэлийн үйл ажиллагаанд доголдол учруулж байдгийг онцолсон байна.

Мөн нарийнхан өсгийтэй гутал өмсдөг бүсгүйчүүд, бүдүүн өсгийтэй гутал өмсдөг эмэгтэйчүүдээс илүү тус өвчлөлүүдэд өртөх нь элбэг байдаг ажээ. Иймд та өсгийтэй гутал өмсөхөө багасгаж, хааяа ч болох намхан гутал өмсөж байгаарай.

2. “Бенз” дотоож

Сүүлийн үед охид бүсгүйчүүд дотуур хувцас сонгохдоо өөрт мэдрэгдэх тав тух, эрүүл ахуйн байдлыг бус гадаад үзэмж, бусдын харааг булаах байдлыг нь илүүтэй анхаарах болжээ. Бидний хэлж заншсанаар “бенз” буюу утсан дотоож нь хүйтэн сэрүүний улиралд халхавч болж чаддаггүйн зэрэгцээ элдэв нян бактерийг чөлөөтэй нэвтрүүлдэг байна.

Мөн нийлэг материалтай дотоож нь, бүсгүйчүүдийн эмзэг газрыг загатнуулах, элдэв өвчлөлд өртүүлэх зэрэг асуудлуудыг дагуулдаг. Тиймээс тус төрлийн дотоожийг шаардлагатай үед, аль болох богино хугацаанд өмсөх нь зүйтэй.

3. Хүнд ээмэг, зүүлт

Чихээ баталгаагүй газар цоолуулах, улмаар хуурамч төмрөн гоёлыг зүүх нь нянг биед шууд халдааж буй хэрэг юм. Ингэснээр элдэв өвчин авах магадлалыг 20 хувиар нэмэгдүүлж байдаг. Түүнчлэн төмөр, олон деталь чимэглэлтэй хүнд чимэглэлүүд нь тодорхой хэмжээгээр нуруу болон аарцганд ирэх даралтыг нэмэгдүүлдэг.

Энэ нь мэдээж тийм ч сүртэй биш мэт санагдах ч, удаан хугацаагаар үргэлж зүүх нь аюултай юм. Мөн арьсанд харшил өгөн загатнуулж, элдэв өвчин тусгах магадлалтай.

4. Сорочкан цамц болон зангиа

Зөвхөн бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд ч мөн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хувцсыг өөрийн мэдэлгүй өмсөж, зүүх нь бий. Корнелл их сургуулийн судлаачдын үзэж буйгаар, нийт эрчүүдийн 67 хувь нь, өөртөө таараагүй бариу сорочкан цамц өмсөж, зангиагаа хэт бариу зүүдэг байна. Бариу цамц болон зангиа нь цусны эргэлтийг боогдуулж, нүдний даралтыг нэмэгдүүлэх, толгой өвтгөх, хүзүүний хөдөлгөөнийг хязгаарлах, нуруу болон мөрний булчинд сөргөөр нөлөөлдөг аж.

5. Багадсан хөхний даруулга

Өөртөө таараагүй бариу хөхний даруулга зүүх мөн хэт их гоёлтой, металь оруулга ихтэй хөхөвч нь нуруу, мөр, болон сээр нуруунд сөргөөр нөлөөлдөг. Мөн хэрвээ та том хөхтэй бол, даруулга, нэмэлт тоноглолтойг авахаас зайлсхийгээрэй. Харин жижгэвтэр хөхтэй бол хөхний даруулганы төмөр нь арьсанд шигдэж, өвтгөхгүй байхаар сонгох хэрэгтэй.

6. Салаатай сандаал

Бид ихэвчлэн халуун зуны өдрүүдэд голын эрэг, амралт зугаалгаар явахдаа салаатай сандаалыг өмсдөг. Гэвч тус төрлийн сандаалыг удаан хугацаанд өмсөх нь хөлийн салааг шархлуулах, эмзэг болгох зэрэг олон сөрөг нөлөөтэй. Мөн хэт нам, хавтгай тул нуруунд сөргөөр нөлөөлж, бөөрийг өвчлүүлдэг. Иймд 2-3 см, эсвэл 5 хүртэлх см-ийн өндөртэй гутлыг өмсөж хэвшээрэй. Та энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

7. Галбиржуулах хувцас

Хэт бариу загвартай, нийлэг материал бүхий галбиржуулах хувцас нь амьсгалахад саад учруулан, дотор эрхтнийг шахаж, цусны эргэлтийг боодог. Мөн төмөр нум нь нурууг гэмтээж болно. Тус даруулгыг охид бүсгүйчүүд үдшийн даашинзан дотуураа өмсөж, гоолиг харагдахыг хичээдэг. Гэвч удаан хугацаанд, өдөр тутамдаа тогтмол зүүх нь аюултай юм.

8. Хүнд, том цүнх

Том, хүнд цүнх эрүүл мэндэд халтай. Ялангуяа тус төрлийн цүнхийг нэг мөрөндөө удаан үүрвэл, биеийн байрлалыг өөрчлөн, мөрийг унжгар болгодог. Ажил, хичээлийн шаардлагын улмаас бичиг цаас, зөөврийн компьютер авч явах хэрэгтэй бол зайлшгүй үүргэвч үүрч байгаарай. Эсвэл цүнхээ жижгэрүүлэн, хэрэггүй эд зүйлээ гэртээ үлдээж байх нь чухал билээ.

9. Бариу жинс

Сүүлийн үед охид бүсгүйчүүд бариу жинс буюу “Skinny” жинсийг илүүтэй сонирхох болсон. Энэ нь хэдийгээр охидыг туранхай гоолиг харагдуулдаг боловч, хэт бариу жинсийг үргэлж өмсөх нь биеийн цусны эргэлтийг боогдуулж, олон өвчлөлийн үндэс суурийг нь тавьж өгдөг байна. Иймд та дуртай бариу жинсээ өмсөхдөө илүү болгоомжтой байж, олон цагаар удаан хугацаанд өмсөхөөс аль болох зайлсхийгээрэй.

10. Харандаан юбка

Хэт бариу урт юбка нь хөлийн зайг хооронд нь ойртуулж, явах үед тэнцвэр алдагдуулах, унаж бэртээх аюултай. Мөн хөлийн алхам, хөдөлгөөнийг удаашруулснаар булчин, болон өвдгөнд ихээхэн дарамтыг учруулдаг. Тус төрлийн бариу юбкаг өмсөөд хол явж чадахгүй тул, машинтай үедээ өмсөх нь илүү тохиромжтой. Гэхдээ үргэлж өмсөх нь таны эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлөх юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!