Өмсөх дуртай хувцас болон гутлаа арчлах супер аргууд
Саяхан худалдаж авсан хувцсандаа санамсаргүй толбо үүсгэлээ, өнгө зүсийг нь алдууллаа хэмээн бүү санаа зов. Учир нь тэрхүү асуудлыг шийдвэрлэж, ямар ч толбо, бохирдлыг хялбархан цэвэрлэж болох аргууд байдаг ажээ.
Тийм ч учраас бид өнөөдөр та бүхэндээ өмсөх дуртай хувцас болон гутлаа хэрхэн арчлах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
Санхүүгийн хямрал нүүрлэсэн өнөө үед хуучин хувцсаа шинэ мэт болгох эдгээр аргууд нь ус агаар мэт хэрэг болох нь гарцаагүй.
1. Ноосон хувцас
- Ноосон хувцсыг хадгалах
Та ноосон материалтай хувцсаа шинээр нь хадгалахыг хүсвэл хүнсний сода ашиглаарай. Уутанд хийсэн хувцсан дээрээ сода цацахад хангалттай. Мөн элдэв хорхой, эвгүй үнэрээс сэргийлж, хувцсаа хадгалахдаа, хатаасан лаванда цэцэг болон хар перецийг цацаж болно.
Хувцсаа өлгөж хадгалахдаа өлгүүрийг зөв сонгох ёстой. Нарийн төмөр өлгүүр нь хувцасны мөрийг сунгаж, хэлбэргүй болгох аюултай. Тиймээс цамцанд яг таарсан том хэмжээтэй өлгүүрийг сонгоорой. Харин сүлжмэл, торон хувцсыг уутанд хийж, хадгалах хэрэгтэй.
- Ноосон хувцсыг угаах
Тод өнгийн хувцсыг угаахдаа чимх давсыг нэмж хийгээрэй. Энэ нь хувцасны өнгийг сэргээж, улам бүр өнгөлөг болгоно. Харин хувцсаа угаасны дараа, кофетой (1 литр усанд нэг аяга кофе) эсвэл хар цайтай усанд зайлаарай. Ингэснээр таны хувцас өнгөө хэзээ ч алдахгүй бөгөөд үргэлж цоо шинэ мэт харагдана.
Ноосон хувцас эдлэлийг шинэ мэт болгохын тулд “үсний ангижруулагч” ашиглаарай. Та хувцсаа өмнөх орой нь үсний ангижруулагчтай усанд хийж, хонуулаад, өглөө нь угаахад хангалттай.
Та угаалгын машиныхаа дэргэд жижиг сав байрлуулаарай. Ингэснээр хувцсаа угаахдаа халаасан дахь эд зүйлсийг марталгүй авч, савандаа хийх болно.
- Бусад аргууд
Та өмднийхөө шуумгийг үрчийлгэж, нугалахгүйн тулд, хэдэн ширхэг зоосыг өмднийхөө шуумагт барьж, оёорой.
Шинээр худалдаж авсан шилэн триког өмсөхөөсөө өмнө норгож, чийглээд, хөргөгчинд 6-8 цаг байлгана. Ингэснээр таны трико урагдахгүй төдийгүй бариу чанга байдлаа удаан хадгалах болно.
Өмдний цахилгаан гацсан тохиолдолд савангаар үрээд үзээрэй.
Хэрэв хувцсан дээр тань толбо тогтсон бол хүүхдийн нунтаг цацлага эсвэл гурил цацаарай. Дараа нь үүнийгээ арчиж, цацлагаа арилгаад, угаалгын машинд хийж угаана.
2. Савхин болон арьсан хувцас
- Савхин болон арьсан хувцсыг хадгалах
Та арьсан болон савхин хувцас эдлэлийг хадгалахдаа анхааралтай байх хэрэгтэй. Жишээлбэл, арьсан гутлыг цаасан хайрцагт, цүнх болон хувцсыг нэхмэл саванд хадгалаарай. Нэхмэл буюу сүлжмэл сав бэлтгэхдээ хуучин цамц, дэр зэргийг ашиглаж болно. Арьсан эдлэлээ гялгар уутанд хадгалж болохгүй бөгөөд энэ нь агаар нэвтрүүлэхгүй тул хувцсыг үзэмжгүй, үрчгэр болгодог.
Харин илгэн хувцас, гутлыг наранд удаан байлгаж болохгүй бөгөөд энэ нь хувцасны өнгийг гундааж, өөрчилдөг.
- Арьсан гутал, хувцсыг арчлах
Цагаан өнгийн арьсан гутал болон хувцсыг сүүгээр арчиж, цэвэрлээрэй. Энэ нь хувцасны өнгийг сэргээж, гэрэлтүүлдэг.
Хар арьсан хувцасны өнгийг хадгалахын тулд, нунтаг кофегоор сайтар үрж, дараа нь зөөлөн алчуураар арчаарай.
Арьсан хувцасны үрчгэрийг арилгахыг хүсвэл, биеийн тосыг хөвөнтэй модонд шингээж, арчихад хангалттай. Хэд хэдэн удаа давтаж хэрэглэсний дараа, хувцасны үрчлээс арилах болно.
Элгэн гутал, хувцсан дээр үүссэн толбыг арилгахдаа, чийгшүүлэгч тосыг хөвөнтэй модонд түрхэж, арчих хэрэгтэй. Дараа нь бага зэрэг алхоколыг шүдний сойзонд шингээж, үрээрэй.
- Бусад аргууд
Арьсан хувцасны дотуур өндөр захтай хувцас өмсөж, ороолт зүүгээрэй. Энэ нь хувцасны зах наранд гандахаас сэргийлнэ. Мөн арьсан хүрэмний дотуур хар бараан өнгийн хувцас өмсөх хэрэггүй.
Хэрэв таны арьс болон савхин хувцаснаас таагүй үнэр гараад байвал, цайны идээ, шахмал кофе зэргийг халаасандаа хийж яваарай.
3. Лакан гутал, эдлэл
- Лакан гутал, эдлэл хадгалах
Лакан тэлээг буруу хадгалснаас болж, хагарч, үзэмжээ алддаг. Иймд та тэлээг бөөрөнхийлж, тавих биш, өлгүүрт өлгөж байгаарай.
Харин лакан гутлыг хадгалахдаа шилэн триког гадуур нь углан, хайрцагт хийж, цааш тавиарай. Энэ нь гутлыг зурагдаж, муухай болохоос сэргийлнэ.
- Лакан гутал, эдлэл арчлах
Лакан цүнх, гутал дээр тогтсон толбыг арилгахдаа, шил толь арчигчийг хэрэглээрэй. Харин өнгийг нь сэргээхийг хүсвэл сонгины шүүсийг, алчууранд шингээж, арчих хэрэгтэй. Энэ нь таны цүнх, гуталны өнгийг сэргээхээс гадна, жижиг зураас, сэвийг арилгах болно.
- Бусад аргууд
Та шинээр лакан гутал авсны дараа, дотор нь будаа эсвэл давс хийж орхиорой. Энэ нь таны гутлыг чийг татаж, хэлбэрээ алдахаас урьдчилан сэргийлж байгаа арга юм.
Гадагшаа гарахаас өмнө өвлийн лакан гутлаа 10 минут өмсөж, хөлдөө дасгаарай. Учир нь халуун хүйтэн агаар огцом өөрчлөгдсөнөөс болж гутал хагарч, муудах нь бий.