Английн хатан хааны гэр бүлийнхэн Диана гүнжийг одоо ч дурсан санаж явдаг болохыг батлах зүйлс

Английн хатан хааны гэр бүлд тод гялалзаж, дэлхий нийтийн анхаарлын төвд амьдарч, олон сая хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн бол яахын аргагүй Диана гүнж. Ертөнцийн мөнх бусыг үзүүлээд цөөнгүй жил өнгөрсөн ч, тэрээр өнөө хэр нь хүмүүсийн зүрх сэтгэлд амьд хэвээр. Үүгээр үл барам хатан хааны гэр бүлийнхэн ч гүнжид ямагт хүндэтгэл үзүүлж, түүнийг санан дурсдаг болохоо өмсөж буй хувцас, зүүсэн гоёл чимэглэл зэргээрээ дамжуулан харуулдаг.

Алмаз, сувдан ээмэг

Диана гүнж 90-ээд оны үед энэхүү үнэт эдлэлийг цөөнгүй удаа зүүж, олон нийтийн арга хэмжээнд оролцож байсан. Ээмэг нь очир алмаазаар бүрхэгдсэн, дугуй хэлбэртэй бөгөөд доош унжсан сувд нь аргагүй л ээмэгний үнэ цэнэ хийгээд сүр барааг нэмэгдүүлэх аж.

Бусад үнэт эдлэлүүдийн адил тус ээмэг ханхүү Виллиамд өвлөгдөж очсон бөгөөд 2019 онд Кейт Миддлетон “BAFTA” шагнал гардуулах ёслолд тус алдартай гоёл чимэглэлийг тансаг даашинзтайгаа тохируулан зүүж ирсэн билээ.

Цэгэн хээтэй цэнхэр даашинз

Кембрижийн гүнгийн авхай 2013 оны 7-р сарын 23-нд дөнгөж мэндэлсэн ханхүү Жоржыг дэлхий нийтэд харуулахдаа цэгэн хээтэй цэнхэр өнгийн даашинз өмссөн байв. Харин энэ нь Диана гүнжид хүндэтгэл үзүүлсэн нэгээхэн хэлбэр байсан юм. Учир нь 1982 оны 6-р сарын 22-ны өдөр Диана гүнж Хунтайж Уильямыг танилцуулахдаа цэнхэр ногоон өнгийн цэгэн хээтэй даашинз өмсөж байсан билээ.

Улаан даашинз

Кейт Миддлтон 2018 оны 4-р сарын 23-нд гурав дахь хүүхдээ төрүүлж, хунтайж Луисыг тэвэрсээр гарч ирэхдээ улаан даашинз өмссөн. Энэ нь мөн л 1984 оны 9-р сарын 17-нд Диана гүнжийн ханхүү Харриг танилцуулахдаа өмссөн даашинзтай ижил юм.

Цэцгэн хээтэй даашинз

2017 онд Диана гүнжийн нас барсны хорин жилийн ойгоор Кейт Миддлтон өмссөн даашинзаараа гүнжид хүндэтгэл үзүүлжээ. Тэрээр урт ханцуйтай ногоон даашинз өмссөн байсан нь Диана гүнжийн өмсдөг байсантай ижил төрлийн даашинз юм. Мөн Кейтийн даашинзыг Их Британид дурсгалын бэлгэдэл болсон намуу цэцгүүдээр чимэглэсэн байв.

“Lover’s Knot” титэм

Энэхүү титмийг 1913 онд урласан бөгөөд алмаз эрдэнээр шигтгэж гоён, зангилаа үүсгэсэн бүтээл юм. Үүнд мөн 19 ширхэг барокко сувдыг суулгаж өгснийг дурдах хэрэгтэй болов уу. Тус титэм нь Диана гүнжийн хамгийн ихээр нандигнадаг үнэт эдлэл болж хувирсан бөгөөд гүнж нэр хүндтэй арга хэмжээнд оролцохдоо энэхүү титмийг зүүдэг байв. Кембрижийн гүнгийн авхай Кейт ч мөн өдгөө тус титмийг төрийн айлчлал, томоохон арга хэмжээнд энэхүү титмийг зүүж, хүндэтгэл үзүүлдэг байна.

Эрвээхий хэлбэрт ээмэг

Наяад оны дундуур Канадад айлчлах үеэр Диана гүнж алтан зүүлт, ээмэгний хослол зүүсэн байсан нь олны харцыг булаасан. Ээмэг, зүүлт нь алтаар бүрхэгдсэн бөгөөд дээрээ алмаз шигтгэж өгсөн байв.

30 гаруй жилийн дараа Сассексийн гүнгийн авхай Меган Маркл ханхүү Харрид хадгалагдаж байсан энэхүү үнэт эдлэлийг зүүж, нөхрийнхөө ээжид хүндэтгэл үзүүлсэн билээ. Меган Маркл Австралид айлчлах үеэр тус ээмгийг зүүсэн бөгөөд тухайн үед тэрээр бие давхар болсноо зарласан аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!