Хамгийн сайхан биетэй Солонгос алдартан хэмээгддэг дуучин бүсгүй хоолны дэглэмтэй үедээ юу иддэг болохоо хуваалцжээ

Өмнөд Солонгосын “idol” буюу дуучин охид залуус бүгд туранхай хийгээд төгс бие галбиртай байдаг. Харин тэр гайхалтай биеийг бий болгохын тулд юу идэж, ямар дасгал хөдөлгөөн хийдэг бол? Яг үүний хариултыг “Mamamoo” хамтлагийн дуучин Solar өгчээ.

Түүний жинхэнэ нэрийг Ким Ён Сун /Kim Yong-sun/ гэдэг бөгөөд 30 настай. Дебутээ хийгээд 7 жилийн нүүрийг үзэж буй тэрээр хүчтэй хоолой, сайхан зан чанар болон гайхалтай бие галбираар алдартай.

Жижиг компаниас төрөн гарсан хамтлагийн ахлагч Сулла нь youtube хуудаснаа өдөр тутмын амьдрал, сонирхолтой зүйлсийн талаар хуваалцсан бичлэгүүд оруулдаг. Харин энэ удаад дэглэмтэй үедээ юу иддэг, ямар дасгал хийдэг зэргээ хуваалцсан байна.

Өглөөний цай

Өглөө сэрсэн даруйдаа Суллагийн иддэг зүйл бол алим. Гэхдээ алимаа таллаж хуваагаад талыг нь иддэг байна.

30 минутын дараа жинхэнэ өглөөний хоолоо иднэ. Ингэхдээ 150 гр үхрийн махыг шарж иддэг бөгөөд сүүлийн үед тахианы цээж махнаас залхаад байгаа тул үхрийн мах сонгох болсон аж.

Тэрээр үхрийн махаа солонгосоор конгбап гэж нэрлэдэг шар буурцагтай 110 гр будаа, лууван, кимчитэй хольж иддэг байна.

Сулла ногоонд тийм ч дуртай биш учраас юу ч идсэн байцааны навчаар ороож иддэг байна. Энэ нь түүнд ногоо идэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг аж.

Хоолноос 30 минутын дараа витаминаа ууна. Витамин С, витамин Д, L-карнитин болон бусад витамин агуулсан нэгдмэл багц витамин уудаг байна.

Дасгал хөдөлгөөн

Хоолоо идэж, нэмэлт витаминаа уусны дараа хэсэг амрах эсвэл хийх хэрэгтэй зүйлсээ хийнэ. 2 цаг орчмын дараа дасгалдаа орно. 2 цагийн турш тасралтгүй дасгал хийж, хөлсөө гаргана.

Хоёр цаг орчим дасгал хийсний дараа тэрээр биеэ сэргээхийн тулд уурагтай коктейль уух ёстой. Хоолноос хангалттай уураг авч чаддаггүй юм шиг санагддаг тул заавал нэмэлтээр уураг уудаг тухайгаа хуваалцжээ.

Өдрийн хоол

Уургаа ууснаас хойш ахин нэг цаг дасгал хийнэ. Үүний дараа өдрийн хоолоо идэх хэрэгтэй.

Сулла будаагаа 100 гр амтат хулуугаар сольж, нимгэн хэрчээд хайруулын тавган дээр хуурч бэлтгэнэ.

Амтат хулуутайгаа хамт долоон ширхэг дүфү, далайн ургамал, лууван зэргийг навчтай хольж иднэ.

Оройн хоол

Өдрийг ингэж өнгөрүүлсний дараа нохойгоо салхилуулдаг байна. 2 цаг орчим гадуур алхаад гэртээ өлссөөр орж ирнэ.

Оройн хоолонд өндөг чанаж иднэ. 6 ширхэг өндөг чанаж оройн хоолоо бэлтгэжээ.

Чанасан өндгөө лууван, тараг, нэрс жимс зэрэгтэй хамт идэхээр бэлтгэсэн байна. Суллагийн тухайд өдөр бүр өөр хоол идэхийг зорьдог гэнэ. Тэрээр амархан хоолноос уйдах хандлагатай байдаг тул өөрийгөө залхаахгүйн тулд олон төрлийн хоол туршиж, тун ч их хичээж амьдардаг болохоо хуваалцжээ.

Дуучид бүгд л хоолны дэглэм барьж, амттай бүхнээс татгалзаж, өөрийгөө хорьж, өөртэйгээ тэмцэлдэж амьдардаг. Харин үүнийг илүү амар хялбар болгож, өөрийгөө стресст оруулахгүйн тулд төрөл бүрийн хоол туршиж, хоолоо илүү амттай болгож идэх нь чухал гэдгийг Сулла онцолжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!