Таны амьдрал, аз жаргал нөхрөөс тань хэтэрхий их хамааралтай байгааг илтгэх шинжүүд

Ихэнх хосууд бие биенээсээ хэт хамааралтай байдаг. Үүнээс болж нэг нэгнийхээ хувийн орон зай, хобби, чөлөөт цагийг боогдлуулахаас гадна өөрийгөө ч давхар үгүй хийдэг. Нэг ёсондоо бие хүн гэж байхгүй болно. Тэгвэл тэр дундаа хос хоёрын нэг нь илүүтэй хамтрагчаасаа хамааралтай болчихсон, хувийн амьдрал хүртэл үгүй болчихоод тэр хүнийг л харж амьдардаг тохиолдлууд бий. Энэ нь тун ч буруу бөгөөд насан туршдаа сэтгэлийн шаналалтай амьдрахад хүргэдэг. Харин та өөрийн мэдэлгүй тийм болчихоогүй байгаа? Та бүхэндээ нөхөр/эхнэрээсээ хэтэрхий хамааралтай амьдардаг хүмүүсийн шинжүүдийг танилцуулж байна.

Таны юу мэдэрч байгаа хамаагүй, тэр хүн л жаргалтай байвал болоо

Танд таатай мэдрэмж төрүүлээгүй, жаргалтай биш байсан ч хамаагүй хайрт тань л инээж хөөрч байвал түүнийг дагадаг. Үргэлж өөрийн мэдрэмжээс урьтаж хайртынхаа мэдрэмжийг нэгдүгээрт тавих бөгөөд жинхэнэ мэдрэмжээ ямагт нууж, нүүрэн дээрээ дүр эсгэж амьдардаг байна. Үүнийгээ хайртай болохоороо, хайрыгаа гомдоохгүй гэсэндээ хэмээн тайлбарлах боловч үнэн хэрэгтээ өөрийгөө бага багаар үгүй хийж байгаа хэрэг юм.

Хайрт тань өөртөө цаг гаргаж, өөрийгөө жаргалтай байлгах зүйлстэй болоод ирвэл бухимдана

Таны хувьд таныг жаргалтай болгох цор ганц зүйл бол нөхөр/эхнэр тань. Тэр хүнтэй л бүхнийг хийж, тэр хүнийг л харж амьдарна. Харин нөгөө хүн нь өөрийн гэсэн хоббитой, хийдэг зүйлстэй, үүнээсээ баяр хөөр, аз жаргалыг мэдэрч чаддаг. Гэвч танд тийм зүйлс байхгүй. Таны аз жаргалтай эхнэр/нөхөртэй тань шууд хамааралтай.

Өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргуулдаг

Ирэх хариуцлагаас эмээж та хэзээ ч дур мэдэн шийдвэр гаргаж чаддаггүй. Харин тэр шийдвэр гаргах эрхийг шууд л хамтрагчдаа өгчихдөг. Өөрөө хүсэхгүй байсан ч хамаагүй тэр хүнд итгээд л, тэр хүнийг дагаж амьдардаг.

Хайртынхаа хүслийн дагуу өөрийгөө өөрчилдөг

Хайрт тань богино үстэй бүсгүйчүүдэд дуртай гэвэл үсээ тайрч, даруухан бүсгүй үзэсгэлэнтэй харагддаг гэвэл дэврүүн зангаа гээж, дуу цөөтэй дулаахан инээмсэглэлтэй нэгэн болж хувирна. Хоол сайн хийдэг эмэгтэй ч сайхан шүү гэвэл гэрээс гарахаа умартаж өдөржин хоол хийж сууна гэхчлэн тэр хүн юунд дуртай, ямар хүнийг сонирхдог яг тийм болгож өөрийгөө хувиргахыг хичээнэ. Ингэж л байж л түүнд хайрлуулах мэт санагдаж, үүнээс нь зөрчихвөл хайр нь хөрчих вий гэж айна.

Түүний төлөө өөрийгөө золиослоно

Эрүүл харилцаанд хосууд өгч авалцах чухал байдаг. Гэвч та л дандаа өгдөг. Түүний төлөө дандаа бууж өгнө. Өөрийн ажил, хүсэл мөрөөдөл гээд бүх зүйлсээ золиослоно. Энэ бүхнийг харилцаагаа хадгалж үлдэхийн тулд, хайртыгаа дэргэдээ байлгахын тулд хийдэг.

Түүнээс өөр юу ч мэдэхгүй

Таны хамгийн их боддог хүн гэвэл хайрт тань, хамгийн их санаа тавьдаг хүн ч хайрт тань, ажил дээрээ хүртэл түүнийг бодно, хажууд байхгүйд нь хаана байгаа бол гэж бодно. Утсаар ярихгүй жоохон удахад л яачихав гэж санаагаа чилээнэ.

Ууртай байсан ч сэтгэл хөдлөлөө нуудаг

Та түүн рүү уурлаад хашхирвал түүнийг гомдоод явчих байх гэж айдаг. Өөдөөс нь хэлэхийг хүссэн өчнөөн үгс аман дээр тань гарч ирсэн ч буцаагаад л залгина. Өөрийгөө сайн хүн, зөв хүн гэх тодотгол тань алга болчих вий гэсэндээ давчдаж үхэх гэж байсан ч амаа хамхиад дуугай л сууна.

Хайрт тань хажууд байхгүй үед сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй

Хайрт тань хажууд тань байгаа үед л жаргалтай байдаг. Харин тэр хүн байхгүй үед бүх зүйлс бүтэхээ больчихсон мэт санагдаж, бухимдаж уурлаж эхэлнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!