Гэрт ирсэн зочдыг эвгүй байдалд оруулж, таагүй сэтгэгдэл төрүүлдэг зүйлс

Гэртээ зочид урьсан үедээ та юу бэлддэг вэ? Амттай хоол хийгээд тавьчихад л асуудалгүй гэж боддог юм биш биз? Тэгвэл одооноос гэртээ хүмүүс ирэхэд урьдаас бэлтгэсэн байх шаардлагатай. Гэрээ цэмцийтэл цэвэрлэж, угаалгын өрөөндөө шаардлагатай бүх зүйлсийг тавьж, аль хэдийн ширээгээ засаад тавьчихсан байх ёстой. Та бүхэндээ хэрэг болох болов уу гэх үүднээс гэртээ зочид урьсан үедээ хэрхэвч хийж болохгүй зүйлсийг танилцуулж байна.

Гэрээ гүйцэт цэвэрлэлгүй орхих

Танайх гэрийн тэжээвэр амьтантай бол заавал буйдан, ор зэргээ цэвэрлэж, амьтны үс наалдсан эсэхийг шалга. Зочид ирээд буйдан дээр суухад хамаг хувцсанд нь амьтны үс ноос наалдаад байвал хэн дуртай байх билээ дээ. Энэ нь зочид гийчдийг тун ч тухгүй, таагүй байдалд оруулж орхино.

Гэрийн шаахай санал болгох

Гэртээ орж ирсэн хүн бүрийг шаахай өмс гэж шаардах хэрэггүй. Зарим хүн бусдын өмсдөг шаахайг өмсөхийг хүсэхгүй ч байж болно. Тиймээс сонголтыг өөрсдөд нь үлдээ. Үүдэндээ хэдэн шаахай тавиад орхичих. Гэрийн шаахай өмсөх хүн байвал үүдэнд тавьсан байгаа шүү гээд сануулахад л болох юм.

Дурын цайгаа хийж өгөх

Хүн бүр өөр. Зарим хүмүүс ногоон цай уух дуртай бол, зарим нь цайнаас илүү кофе уухыг хүснэ. Гэтэл зарим нь зөвхөн ундаа жүүс уудаг бол, чихэртэй хар цайнд дурлах нэгэн ч бий. Тиймээс өөрийн дур мэдэж хамаагүй уух зүйл өгөх хэрэггүй. Эс бөгөөс тухайн хүн ууж чадахгүй, асгаж ч чадахгүй дэмий л хааяа нэг шимж таагүйхэн царайлж сууна. Энэ нөхцөл байдлаас сэргийлэхийн тулд зочдоос юу уухыг нь нэг бүрчлэн асуугаарай.

Угаалгын өрөөндөө үл анхаарах

Зочид угаалгын өрөөг ашиглах үед ариун цэврийн цаас байхгүй, агааржуулагч ч ойр хавьд харагдахгүй, гарын саван хаана байгаа нь мэдэгдэхгүй гэхчлэн асуудал үүсгэж болохгүй. Иймд урьтаж бүхнийг нүдэнд ил харагдахаар байрлуулж тавихыг зөвлөе.

Хоол бэлтгэхэд туслахыг хүсэх

Та гэртээ хүн урьсан бол тэднийг ирэхээс өмнө бүхнийг амжуулсан байх хэрэгтэй. Харин дөнгөж ирсэн зочиддоо цай өгсөн болчихоод одоо л хоолоо хийж эхлэнэ гэдэг байж боломгүй зүйл. Тэр бүү хэл хоол хийхэд туслаач гэж хэлэх нь таныг тун ч бүдүүлэг нэгэн болохыг илтгэнэ.

Бэлгээ далд хийх

Зочид мэдээж хоосон гартай айл ирэхгүй. Амттан, жимс, дарс гээд олон зүйлс барьж ирдэг. Харин тэдний өгсөн бэлгийг шууд л цааш нь хийчихэж болохгүй. Ширээн дээрээ гаргаж тавиад хамтдаа идэх хэрэгтэй шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!