Солонгос алдартнууд өөрсдийн гоймон чанах тусгай аргуудыг хуваалцжээ

Солонгосчууд гоймонг төрөл бүрээр амталж чанаж иддэг. Өөр өөрийн амтлах мэдрэмжинд тааруулж гоймонгоо чанаж бэлтгэдэг гэж болно. Тэгвэл Солонгосын алдартай хамтлагийн дуучид өөрдсийн тусгай гоймон чанах аргуудаас хуваалцжээ. Хамтдаа тэдний тусгай гоймон чанах аргуудыг сурч аваад, туршиж үзэцгээе.

“Seventeen” хамтлагийн Мингю-ийн гоймон

Орц:

  • Ургамлын тос – 1 халбага
  • Татсан гахайн мах – 100 гр
  • Ногоон сонгино
  • Кимчи – 150 гр
  • Ус
  • Чанадаг гоймон – 2 уут
  • Өндөг – 2 ширхэг

Татсан гахайн мах, хэрчсэн ногоон сонгино, хэрчсэн кимчи зэргээ тосон дээр хийж хуурна. Үүн дээрээ усаа тохируулж хийгээд, буцлаад ирмэгц нь чанадаг гоймонгийн амтлагчаа нэмээрэй. Ус нь багасч, соус өтгөрөөд ирмэгц соуснаас аяганд хийж аваад, мах кимчигээ тусад нь өөр саванд хийнэ.

Энэ хооронд гоймонгоо усанд хийж чанаад, болмогц нь шүүж авна. Шүүж авсан гоймон дээрээ шингэн соуснаасаа хоолны халбагаар нэг хийгээрэй. Үүнийгээ гал дээр халааж хуурах бөгөөд өндгөө дээр нь хагалж хийгээд гоймонгоо хутгана. Ингээд гоймонгоо гал дээрээс авч, дээр нь мах, кимчинээсээ багаханг тавьж өгнө.

“TWICE” хамтлагийн рабугги

Орц:

  • Гахайн мах – 200 гр
  • Өндөг – 4 ширхэг
  • Ус – 6 аяга
  • Гучужан – 2 халбага
  • Зөгийн бал – 2 халбага
  • Кетчуп – 2 халбага
  • Догбугги – 300 гр
  • Бөдөн шувууны өндөг – 8 ширхэг
  • Лаазалсан эрдэнэ шиш – 200 гр
  • Омуг – 150 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Байцаа – 100 гр
  • Чанадаг гоймон – 2 уут

Хайруулын тавгаа халааж, гахайн махаа бор шаргал болтол нь хуурна. Өндгөө шараад авна. Усаа тогоонд хийж, үүн дээрээ гучужан, зөгийн бал, кетчуп зэрэг амтлагчаа хийж буцалгана. Буцлаад ирэхээр нь хэрчсэн омуг, хуурсан гахайн мах, чанасан бөдөнгийн өндөг, лаазалсан эрдэнэшиш, догбугги, хэрчсэн сонгино болон хэрчсэн байцаагаа хийж, 8 минут чанаарай.

Шөлөн дээрээ гоймонгоо хийгээд, амтлагчуудыг нь нэмж болно. Ингээд гоймонгоо болохоор хоолоо гаргана. Шарсан өндгөө хоолон дээрээ тавьснаар хоол идэхэд бэлэн болох юм.

“Got7” хамтлагийн Маркийн тусгай гоймонгийн жор

Орц:

  • Халуун ногоотой савтай гоймон – 1 ширхэг
  • Савтай догбугги – 1 ширхэг
  • Жижиг зайдас – 50 гр
  • Моцерелла бяслаг – 30 гр

Гоймон болон догбуггигээ зааврын дагуу дэвтээж болгоно. Догбуггигээ гоймон дээрээ нэмж хийгээд, дээр нь жижиг зайдсаа хийгээрэй. Хамгийн дээр нь үрсэн бяслагаа цацаад, богино долгионы зууханд хийж 1 минут эргүүлнэ. Ингээд гаргаж ирээд идэхэд үнэхээр гоё байх болно.

“Mamamoo” хамтлагийн Хвасагийн гоймонгийн жор

Орц:

  • Жантай чанадаг гоймон – 1 уут
  • Трюфель тос
  • Өндөгний шар – 1 ширхэг

Гоймонгоо усанд хийж зааврын дагуу чанана. Амтлагчаа хийж буцалгаад усыг нь ширгээнэ. Одоо гоймон дээрээ трюфель тос хийгээрэй. Айх хэрэггүй их хэмжээгээр тосоо хийж хутгана. Ингээд гялалзсан гоймонгоо гал дээрээс авч таваглаад, дээр нь нэг ширхэг өндөгний шар тавьж хутгаж холиорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!