Үйлдвэрийн боов талхнаас татгалзаж, өөрөө хийж сурцгаая: Хөвсгөр зөөлөн, амттайхан талхны жор

Юмны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Цалин хөлс хэвээрээ ч өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж, бид хэмнэлт хийхээс өөр аргагүйд хүрээд байгаа билээ. Хэмнэлтийг том зүйлээс хайх биш, өдөр тутмын жижиг зүйлсэд гаргаж байх хэрэгтэй юм. Хамгийн наад зах нь үйлдвэрийн боов талхнаас татгалзаж, өөрөө талхаа бариарай. Энэ нь харьцангуй хэмнэлттэй төдийгүй амт чанартай. Өнөөдөр та бүхэндээ хөвсгөр зөөлөн талх барих жорыг хуваалцахаар бэлтгэлээ.

Орц:

  • Сүү – 500 мл
  • Элсэн чихэр – 100 гр
  • Давс – 1 амны халбага
  • Эсгэгч – 10 гр
  • Өндөг – 2 ширхэг
  • Ургамлын тос – 80 мл
  • Ваниль
  • Гурил – 900 гр
  • Масло – 50 гр
  • Цагаан цуу 9% – 1 халбага
  • Хөөлгөгч – тал амны халбага

Бүлээн сүүндээ эсгэгчээ хийж хутган уусгаарай. Үүн дээрээ элсэн чихрээ нэмж сайтар хутгана. Ваниль, давс, ургамлын тос, өндөг зэргээ сүүн дээрээ нэмж, жигд болтол нь хутгах хэрэгтэй.

Хуурай гурилан дээрээ хөөлгөгчөө хийж, дээр нь хутгаж бэлтгэсэн сүү, зөөлрүүлсэн масло, цагаан цуу зэргээ хийж зуурна. Зуурсан гурилаа таглаад дулаан газар 1 цаг байлгаж амраана.

Амраасан гурилаа авч тэнцүү хэсгүүдэд хувааж хэлбэрт оруулна. Шарах шүүгээний тавцан дээрээ калькин цаас дэвсэж, үүн дээрээ талх хэлбэрт оруулсан гурилаа тавьж, ахин 10 минут амраагаарай.

Талх тус бүр дээрээ өндөгний шар түрхэж, дээгүүр нь гүнжидийн үр цацаарай. Ингээд 180 хэмд 20-25 минут жигнэснээр таны амттайхан талх бэлэн болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!