Реппер Трэвис Скоттын тоглолтын үеэр хэт хөөрсөн үзэгчид нэгнээ түлхэж гишгэлэн 8 хүн амиа алджээ

11 сарын 5-ны өдөр реппер Трэвис Скоттын “Astroworld” тоглолт Хьюстон хотод болж өнгөрсөн. 50,000 орчим хүн цугларсан тус тоглолтын үеэр хүмүүс нэгнээ түлхэж шахаж, замбараагүй байдал үүссэн бөгөөд үүний үр дүнд 8 хүн амь насаа алдаж, 300 орчим хүн бэртжээ. Нас барсан хүмүүс 14-27 насны залуус байсан аж.

 

Бэртсэн хүмүүсийн биеийн байдал янз бүр байгаа бөгөөд зарим нь сэхээн амьдруулах тасаг руу шилжсэн гэх мэдээ бий. Үүгээр дамжуулан нас барагсдын тоо улам ч нэмэгдэж болзошгүй гэдгийг анхааруулаад байгаа юм.

Репперийн тухайд үзэгчид эмх замбараагаа алдаж, унаж бэртэцгээж байхад дээрээс нь хараад дуулж бүжиглэсээр байсан нь хүмүүсийн бухимдлыг төрүүлсэн байна. Үзэгчид “Тоглолтоо зогсоо” хэмээн орилж байсан ч реппер үглэж дуулсаар тоглолтоо дуусгажээ.

Үзэгчид тоглолтын үеэр тайз руу шахаж, нэгнээ түлхэж эхэлсэн бөгөөд хүмүүс газар унасан ч босч чадалгүй, бусдаар гишгүүлж, амьсгалж чадахгүйд хүрчээ. Байдал улам бүр даамжирч, хүмүүс хашхиралдаж, амь эрэн тэмцэлдэж байсан ч эцэст нь олон тооны хүн бэртэж, 8 хүн амиа алдаж төгсөв. Тусламжийн багийнхан аль болох яаран ирж байдлыг намжаасан ч хэтэрхий хожимдсон байв.

Реппер Трэвис Скотт тус үйл явдлыг тоглолт дууссаны дараа л мэдсэн хэмээгээд маш их харамсаж, уй гашууд автаад буйгаа мэдэгдсэн юм. Түүний эхнэр болох Каяли Женнер ч мөн адил өөрийн инстаграм хаягаар дамжуулан харамсаж буйгаа илэрхийлж, амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн.

Гэсэн ч хүмүүс Трэвисийг ихэд буруутгаж, эмх замбараагүй байдал бий болсныг мэдсэн даруйдаа тоглолтыг зогсоох байсан, фенүүддээ илүү сайн анхааруулга өгөх ёстой байсан ч, хүмүүсийг турхирч хэт хөөргөхгүй байх байсан гэхчлэн бухимдлаа илэрхийлээд байгаа билээ. Ямартай ч реппер хоёр өдрийн дараа болох байсан тоглолтоо цуцлаад байгаа юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!