Трэвис Скоттын тоглолтын үеэр хүмүүс амь насаа алдсанд Каяли Женнерийг буруутгаж байна

Реппер Трэвис Скоттын тоглолтын үеэр 8 хүн амиа алдаж, 300 орчим хүн бэртсэн аймшигт хэрэг хэдхэн хоногийн өмнө гарсан билээ. Хүмүүс тус харамсалтай үйл явдалд Трэвис Скотт болон түүний эхнэр Каяли Женнерийг буруутгаж байгаа юм. Үзэгчид нь амь эрэн орилж байхад Трэвис тайзан дээр дуулж, бүжиглэсээр байсан нь түүнийг буруутан болоход хүргэсэн. Мөн хүмүүс тоглолтоо зогсоо гэж зэрэг орилж, арын албаны ажилтанд хүртэл хэлээд байхад тоглолтыг зогсоох нь бүү хэл улам бүр доргиж, хөгжилдөж байсан нь хамгийн том алдаа болсон юм. Үүнээс гадна үзэгчдэд аюулгүй байдлын заавар зөвлөмж хангалттай өгөөгүй, анхааруулга өгч тайван байхыг сануулаагүй, зохион байгуулалт муу байсан гэхчлэн бүх буруу Трэвисийн толгой дээр буугаад буй. Тэгвэл түүний эхнэр болох Каяли Женнер ч мөн адил олон нийтээс ихээхэн шүүмжлэл хүртээд байгаа билээ.

Учир юу гэвээс Каяли нь нөхрийнхөө тоглолтон дээр охин Стормигийн хамтаар очсон бөгөөд хэд хэдэн стори оруулж үүнийгээ баталсан. Харин түүний инстаграм сторинд түргэний машин ирчихсэн, хүмүүсийг авч явж байгаа нь, замбараагүй байдал үүссэн зэрэг нь тодорхой харагдаж байв. Иймд Каяли тэнд юу болоод байгааг тун сайн мэдэж байсан болж таарч байгаа юм. Хүмүүс хажууд нь амиа алдаж байхад тэр утсаа гаргаж стори хийж байв. Угтаа түүний нөхрийн тоглолт тул Каяли яаралтай арын албаны ажилчдыг дуудаж, Трэвист мэдэгдэж, тоглолтыг зогсоож, хүмүүсийг тайвшруулж, хохирогчдын амь насыг аврах боломж ч түүнд хангалттай байсан. Гэсэн ч тэр юу ч хараагүй мэт царайлж, эцэст нь тийм аймшигтай явдал болсныг мэдээгүй хэмээн өөрийгөө өмгөөлсөн юм.

 

Мөн тэрээр тун удалгүй инстаграм сторигоо устгасан бөгөөд хүмүүс ихэд бухимдаж, түүнийг ямар нэгэн мэдэгдэл гаргахыг шаардав. Хүмүүс олноороо түүний инстаграм зургууд дор сэтгэгдэл бичиж, хариуцлагагүй хандсан, хүний амьнаас илүүтэй тоглолтоо үргэлжлүүлэхийг сонгосон зэргийг буруутгаж эхэлсэн билээ. Мөн “#cancelkylie” хөдөлгөөнийг ч эхлүүлсэн.

Харин Каяли өөрийн инстаграм хуудасны стори хэсэгт амь насаа алдсан хүмүүсийн өмнөөс маш их харамсаж буйгаа илэрхийлээд тэд тоглолтын дараа мэдээ гарахад л хүмүүс нас барсан, бэртсэн талаар мэдсэн хэмээсэн байв. Ямартай ч тус аймшигт өдрөөс хойш Каяли инстаграмдаа ямар нэгэн зураг, стори зэргийг оруулалгүй чимээгүйхэн байгаа юм.

Трэвисийн тухайд амь насаа алдсан хохирогчдын оршуулах зардлыг дааж, гэр бүлийнхэнд нь нөхөн төлбөр олгох болсноо мэдэгдсэн. Мөн хүмүүс тэнгэрт хальсан хохирогчдод хүндэтгэл үзүүлж, цэцэг лаагаар хашааг бүрхээд байгаа юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!