Таныг ихэмсэг, дэгжин харагдуулах хувцаслалтууд

Эмэгтэй хүн бүхэн л ихэмсэг, бардам төрхийг бүрдүүлж, эрчүүдийн харцыг унагаахыг хүсдэг. Харин тэрхүү хүслээ зөвхөн сэтгэлдээ тээж, хэрхэн хувцаслахаа мэддэггүй бүсгүйчүүд олон байдаг бөгөөд зүгээр л нүдэнд өртөж, гоё харагдсан хувцсаа худалдаж авдаг сөрөг талтай.

Тэгвэл бид та бүхэндээ ихэмсэг, дэгжин харагдахын тулд юуг анхаарах хэрэгтэй, ямар хувцас өмсөх ёстой болохыг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Оёдол сайтай хүрэм сонгох

Та хүрэм, цув зэргийг сонгохдоо дотор талын оёдлыг нь сайтар ажиглаарай. Хэрэв бүсгүй та илүү ихэмсэг, тансаг харагдахыг хүсч байвал, дотор оёдол сайтай, цэвэрхэн хүрмийг сонгох хэрэгтэй.

2. Хээ нь нийлж байгаа эсэхийг анхаарах

Таны нүдэнд тусч, харааг тань булаасан хээтэй, өнгөлөг даашинзны хээнүүд нь хоорондоо нийлж байгаа эсэхийг заавал анхаарах хэрэгтэй. Харин анзаарч харалгүйгээр, хээ нь зөрсөн даашинз, цамц өмсөж гадуур алхах нь таны хувцасны чанарыг унагааж, хямдхан, дуураймал мэт харагдуудах сөрөг талтай юм.

3. Хувцасны материал чухал

Өмсөж байгаа хувцасны тань материал олон зүйлийг хэлж өгөх болно. Жишээлбэл нийлэг, неопрен зэрэг материал нь таны хувцсыг хямд харагдуулах сөрөг талтай. Тиймээс аль болох биетэй, чанартай материалаар хийгдсэн хувцас өмсөж, ихэмсэг төрхөө тодотгож байгаарай.

4. Дууриамал савхинаас татгалз

Дуураймал буюу хиймэл савхин материалтай хүрэм өмсөхөөс татгалзаарай. Үүний оронд энгийн хүрмийг сонгож өмсөхийг зөвлөж байна.

5. Ил цахилгаантай хувцаснаас татгалзах

Ил цахилгаантай хувцас нь таны өнгө төрх, үзэсгэлэн гоог гундаах болно. Тиймээс далд цахилгаантай хувцсыг сонгон өмсөж байгаарай. Далд цахилгаантай хувцас нь таныг улам бүр үзэсгэлэнтэй, ихэмсэг харагдуулах болно.

6. Өндөр өсгийтэй гутлаа зөв сонгох

Та үргэлж хурц хоншоортой, материал сайтай, өндөр өсгийтэй гутлыг сонгож байгаарай. Тус гутлыг өмссөн нөхцөлд та ямагт дур булаам, чинээлэг нэгэн мэт харагдах болно. Харин зузаан ултай, дугуй хоншоортой өндөр өсгийтөөс аль болох татгалзах хэрэгтэй.

7. Хувцсаа зөв тохируулж өмсөх

Та зөвхөн үнэтэй хувцас өмслөө гээд ихэмсэг харагдаж чадахгүй. Хамгийн гол нь хувцсаа зөв тохируулж өмсөх хэрэгтэй.

  • Үрчийсэн хувцсыг хэзээ ч бүү өмс
  • Хувцсаа хайхрамжгүй өмсөж, товчоо буруу товчилж болохгүй
  • Хувцасны хэлбэрүүд хоорондоо тохирч байх ёстой
  • Биеийн хэлбэртээ тохируулж хувцаслах хэрэгтэй

8. Цүнхэндээ анхаарлаа хандуул

Цүнх сонгохдоо маш анхааралтай байх хэрэгтэй. Хамгийн түрүүнд материалыг нь ажиглаж, өнгө төрхийг нь хараарай. Дууриамал цүнхийг хэрхэвч худалдан авч болохгүй. Энэ нь энгийн нүдээр харахад л ялгагдах тул таны үзэмж, гоо төрхөнд хар туяа татуулж мэднэ.

Цүнхний өнгө болон материал чухал бөгөөд үргэлж хар бараан цүнх үүрэхээс татгалзаж, биеийн өнгөтэй, завсрын өнгөний хослол бүхий чамин цүнхнээс сонголтоо хийгээрэй.

Дараа нь нарийвчилж ажиглан, цүнхний оёдол, цахилгаан, чимэглэл зэргийг харна. Тод оёдолтой, төрөл бүрийн чимэглэлтэй, бүдүүн цахилгаантай цүнхнээс татгалзаарай. Аль болох чамин, маш цэвэрхэн цүнхийг сонгох хэрэгтэй.

9. Хувцсандаа тохируулж чимэглэл зүүх

Ямар хувцас өмсөж байгаагаас хамаарч, хэр их гоёл чимэглэлийг хэрхэн зүүх вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Хэрвээ өнгө өнгийн цэцэг алагласан, гоёмсог даашинз өмссөн бол үүнд чимэглэл зүүж, улам бүр сүртэй харагдуулж болохгүй. Харин энгийн жинс, хүрэм өмссөн бол тохирох чимэглэлийг бага хэмжээгээр зүүгээрэй.

10. Шороон өнгөтэй буюу хар ногоон хувцаснаас татгалз

Хар ногоон өнгийн хувцсыг хооронд нь хослуулж өмсөж болохгүй. Үүний оронд аль болох гэгээлэг, гоёмсог хувцсыг сонгож өмсөхийг зөвлөе.

11. Өндөр суудалтай, классик өмд

Өндөр суудалтай, классик өмд нь таныг үргэлж дэгжин, хараа булаам, ихэмсэг харагдуулна. Та тус өмдийг цэвэрхэн цамцтай хослуулан өмсөж байгаарай.

12. Алтлаг гоёл чимэглэл

Алтлаг өнгийн гоёл чимэглэл нь бүх төрлийн хар өнгийн хувцастай төгс зохицдог. Хувцасны үнэ цэнийг нэмэгдүүлж, гайхалтай харагдуулах болно.

13. Өөр өөр материалтай хувцаснуудыг тохируулж өмсөх

Яг адилхан материалаар хийгдсэн хувцсыг хослуулж өмсөж болохгүй. Жишээлбэл жинсэн өмд, жинсэн хүрмийг хамт өмсөх, силкэн материалтай өмд цамцыг өмсөх нь мэдрэмжгүй, хямдхан харагддаг байна.

14. Жижиг зүйлсэд анхаарлаа хандуул

Та хувцсыг гаднаас нь хальт хараад сонгож болохгүй. Нарийвчлан ажиглаж, жижиг зүйлсийг ч орхигдуулж болохгүй бөгөөд оёдол, товч зэргийг анхаарч хараарай.

15. Цагаан өнгийг сонго

Цагаан өнгийн хувцас үргэлж тансаг, цэвэрхэн харагддаг. Хэрвээ та ихэмсэг, дэгжин харагдахыг хүсвэл, цагаан өнгийг сонгоорой.

16. Мөнгөө зөв хувцсанд зарцуул

Та өдөр тутамдаа буюу тогтмол өмсдөг хувцсандаа илүү их мөнгө зарцуулах шаардлагатай. Ингэж байж л та өдөр бүхэн дэгжин, үзэсгэлэнтэй харагдаж чадна. Харин ганц өдөр өмсөөд өнгөлөх даашинзанд төдийлөн их мөнгө зарцуулах шаардлагагүй. Ердөө л цэвэрхэн, дэгжин байхад хангалттай юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!