5 минутын дотор загварын ертөнцийг ойлгоход туслах алдартай брэндүүдийн ялгаа

Дэлхийн хамгийн алдартай брэндүүдийн талаар та хэр ихийг мэдэх вэ? Хамаг л алдартай, чинээлэг гэсэн хүмүүсийн өмсөж гоёдог эдгээр брэндүүдийн үүсэл ямар байсан, хаанаас эхлэлтэй зэрэг сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.

” Chanel”

Коко Шанель ядуу гэр бүлд төрсөн бөгөөд хүүхэд насаа сүмийн асрамжийн газарт өнгөрүүлжээ. Оёдол сурч, малгай хийж эхэлсэн тэрээр 1910 онд анхны дэлгүүрээ нээсэн байна. Түүний бизнес амжилттай байсан тул малгай төдийгүй даашинз, пальто зэргийг урлаж, Шанель брэндийг үүсгэж байгуулжээ.

Коко Шанель бол Times сэтгүүлийн 20-р зууны хамгийн нөлөө бүхий 100 хүний ​​жагсаалтад багтсан цорын ганц загвар зохион бүтээгч юм. Коко Шанелийн хэв маяг өөрөө брэндэд асар их нөлөө үзүүлсэн нь эргэлзээгүй: энгийн, дэгжин, тав тухтай байдлыг хамтад нь хувцаснууддаа багтааж өгсөн нь түүний хувцаснууд алдартай болох шалтгаан болж өгсөн аж.

“Hermès”

Энэхүү брэнд нь ороолт, бүс, цаг зэрэг тансаг зэрэглэлийн дагалдах хэрэгслийн үйлдвэрлэгч гэдгээрээ алдартай. Тус брэндийн түүх 1837 оноос эхлэлтэй боловч бараг зуун жилийн дараа анхны гар цүнхний цуглуулгыг танилцуулсан байдаг. “Hermès”-ээс худалдан авалт хийхийн тулд хэдэн сар цаашлаад жил хүлээх хэрэгтэй болдог. Өөрийгөө найдвартай худалдан авагч гэдгээ баталгаажуулж, урьдчилсан захиалга өгч, хүлээж бас дахин хүлээнэ. Энэ нь л тус брэндийг улам бүр үнэ цэнэтэй болгож байгаа юм.

“Christian Louboutin”

Загвар зохион бүтээгч Кристиан Лубутин өсвөр насандаа гутлын загвар зохион бүтээж эхэлсэн бөгөөд 90-ээд оны эхээр эмэгтэй гутал үйлдвэрлэж эхэлжээ. Одоо харин эрчүүдэд зориулан цүнх, гутал бүтээхээр ажиллаж байна.

Улаан ултай өндөр өсгийтэй гутал тус брэндийн нэр хүндийг дэлхийд гаргасан билээ. Загвар зохион бүтээгч нь туслах бүсгүйг хумсаа улаан өнгөөр будсан байхыг хараад гуталныхаа улыг улаанаар будах санаа гаргасан нь тун ч амжилттай болсон аж. Энэхүү брэндийн өндөр өсгийтүүд тун ч алдартай боловч хөлд эвтэйхэн биш хэмээх шүүмжлэл хүлээдэг. Үүний хариулт болгож, алдарт загвар зохион бүтээгч “Хүмүүс миний зохион бүтээсэн гутлуудыг хөл өвтгөдөг гэж ярьдаг. Мэдээж би хүмүүсийн хөлийг өвтгөхийг хүсэхгүй. Гэсэн ч хамгийн тухтай гутал бүтээх нь миний ажил биш. Би өндөр өсгийтийг аль болох эвтэйхэн болгохыг хичээдэг ч дизайн, гоо сайхныг эрхэмлэдэг.” хэмээжээ.

“Louis Vuitton”

“Louis Vuitton” брэндийг Луи Виттон хэмээх франц гаралтай энгийн нэг иргэн өөрийн нөр их хөдөлмөрөөрөө үүсгэн байгуулжээ. Луи Виттон 1821 онд Францын зүүн зүгт байрлах нэгэн жижиг тосгонд төржээ. Харамсалтай нь эцэг, эх нь эрт нас барсан тул хүү өөр гэр бүлд үрчлэгдсэн аж. Луи өргөж авсан эцгийнхээ ачаар багаж зэвсэгтэй ажиллаж сурсан бөгөөд 13 нас хүрээд гэрээсээ явахаар шийдсэн нь ээжийнхээ муухай ааш авирыг тэвчихгүй болсонтой нь холбоотой. Ирээдүйн алдартны  дэлхийд танигдсан түүх гурван жилийн хугацаанд 470 км зам туулж, амь зогоох ажил хийж эхэлснээр эхэлжээ. Тэрбээр ийнхүү аялж явахдаа нийслэл хотод ирээд баян чинээлэг хүмүүсийн аян замын авдар урлаж хийдэг Марешаль мастерын сурагч болсон байна.

1885 онд Лондонд “Louis Vuitton” буюу өөрийн нэрээр нэрлэсэн анхны дэлгүүрээ нээж, харин дараагийн дэлгүүрүүд Нью-Йорк болон Филадельфи хотод үүд хаалгаа нээсэн юм. Виттоны чемоданы онцлог чанар нь найдвартай бөгөөд эвтэйхэн түгжээндээ оршдог. 1901 онд Жоржийн удирдлага дор (эцгийгээ нас барсны дараа компанийг удирдах болсон) “Louis Vuitton” компани анх удаа эмэгтэй цүнх үйлдвэрлэж эхэлжээ. “Louis Vuitton” буюу LV нь дээд зэрэглэлийн чанартай, өвөрмөц загвартай, арьсан бараа үйлдвэрлэлтээрээ брэнд болж чадсан  компани юм.

“Versace”

“Gianni Versace S.p.A” буюу “Versace Group” нь 1978 онд Жани Версачегийн үндэслэн байгуулсан Италийн алдартай загварын компани юм.

Тансаг хэрэглээг эрхэмлэдэг хэн бүхэнд зориулан “тансаг” гэх тодотголтой хувцас, үнэртэн, гоёл чимэглэлийн зүйлс, гоо сайхны бүтээгдэхүүнээс эхлээд гэр ахуйн бүхий л тавилга, тансаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг “Versace Group” нь өдгөө дэлхийн тэргүүлэх загварын ордуудын нэгд зүй ёсоор тооцогддог.

“Vera Wang”

Алдарт загвар зохион бүтээгч Вера Вонг 40 настайдаа хуримын загварын ертөнцөд хөл тавьжээ. Тэрээр Ralph Lauren-ийн Vogue сэтгүүлийн редактор, дизайнераар ажиллаж байгаад Нью-Йоркт өөрийн нэрийн дэлгүүр нээхээр шийдсэн байна. Загвар зохион бүтээгчийн бизнес нь зөвхөн хуримын даашинз төдийгүй дотуур хувцас, гоёл чимэглэл, гэрийн тавилга, амттан хүртэл өргөжин тэлжээ.

 “Gucci”

“Gucci” брэндийг анх Гуцио Гүччи (Guccio Gucci) 1921 онд үндэслэн байгуулжээ. Анх зочид буудлын хаалгач байсан залуу зочдын гар тээшийг ихэд сонирхон хардаг байж. Үүнээсээ улбаалан тансаг арьсан эдлэлийн брэнд Гүччиг байгуулах санаа төржээ. Гүччигийн дэлгүүрийг анх өөрийн төрсөн нутаг Италийн Флоренц хотод байгуулсан байна.

1953 онд анх Нью-Йорк хотод анхны брэндийн дэлгүүрээ нээсэн нь Итали улсын хамгийн анхны бүтээгдэхүүн борлуулах брэндийн дэлгүүр болсон түүхэн үйл явдал болжээ. Харин одоо олон зуун дэлгүүртэй, Итали улсын хувьд хамгийн их тансаг зэрэглэлийн, гар урлалын, арьсан эдлэл болон хувцас загварын бүтээгдэхүүн борлуулдаг групп компани болоод байгаа билээ.

 

“Yves Saint Laurent”

Франц гаралтай дизайнер бага залуу насандаа загвар зохион бүтээгч болох мөрөөдлөө биелүүлэхээр Парис хотыг зорьж байв. Түүний энэ мөрөөдөл Кристиан Диортой уулзах үед бүр ч илүү биеллээ олсон бөгөөд түүнийг нас барсны дараа хойчийг нь залгамжлагч хэмээн нэрлэгдэж байсан юм. Гэсэн хэдий ч тэрээр хожим нь энэ албан тушаалаасаа чөлөөлөгдөж, “Pierre Bergé”-тэй хамтран өөрийн фирмийг үүсгэн байгуулахаар шийджээ. Тэрхүү фирм нь одоогийн бидний мэдэх “Saint Laurent” эзэнт гүрний эхлэл байсан юм.

“Dior”

Францын нэр нөлөө бүхий загвар зохион бүтээгч Кристиан Диор Францын нэгэн хөрөнгөтний гэр бүлд төржээ. Коллежид улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр сурсны дараа тэрээр загварын чиглэлээр сурахын тулд сургуулиа орхисон байна. Тэрээр алдарт дизайнер “Robert Piguet”-ийн урланд загвар зохиохоос ажлын гараагаа эхлүүлжээ. Дараа нь 1946 онд Парис хотод өөрийн оёдлын газрыг нээв. Тэрбээр өөрийн “New Look” хөдөлгөөнөөрөө алдартай болсон бөгөөд нарийхан бэлхүүс, өргөн мөр, өргөн банзал бүхий эмэгтэйлэг загвараараа ялгарч алдрын оргилд хүрчээ.

“Balenciaga”

Загварын ордны үүсгэн байгуулагч Кристобал Баленсиага 1918 онд Испанид анхны нэрийн дэлгүүрээ нээсэн бөгөөд загвар зохион бүтээгч түүний хувцсыг хүчтэй зан чанартай эмэгтэйчүүд өмсөхийг хүсдэг байжээ. Тансаг зэрэглэлийн брэнд нь хувцас, гутал, цүнх, дагалдах хэрэгсэл үйлдвэрлэдэг. Мөн түүний “бага бол илүү” гэх үзэл баримтлалын дагуу тус брэнд нь өрсөлдөгчдөөсөө 3 дахин цөөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Бүх үйлдвэрлэлийн бараг 1/5 нь гутал байдаг бөгөөд эмэгтэйчүүдийн хувцаслалтанд хувьсал хийж чадсан брэнд хэмээн нэрлэгддэг билээ.

“Prada”

Домогт брэндийн түүх 1913 онд Марио Прада Миланд цүнх, чемодан, аялалын хэрэгслүүд зардаг анхны дэлгүүрээ нээснээр эхэлсэн юм. 2000-аад оны эхээр Prada болон Miu Miu нарны шил гаргаж, жинхэнэ шуугиан тарьсан билээ. Өнөөдөр тус брэнд нь орчин үеийн, шинэлэг, боловсронгуй загваруудыг хослуулсан гар хийцийн арьсан эдлэл, хувцас, гутлыг хэрэглэгчдэд санал болгож байна. Захиалгат бүтээгдэхүүнүүд нь Prada брэндийг илүү онцгой, үнэ цэнэтэй болгодог.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!