Хятадууд цагаан сарын баяртаа бэлтгэж, гэрээ цэвэрлэхдээ ашигладаг лайфхакууд

Улаан дэнлүү асааж, жагсаал цуглаан хийхээс гадна Хятадад цагаан сарын хамгийн чухал уламжлалуудын нэг бол да сао чу гэгддэг гэрээ цэвэрлэх зан үйл юм. Баяраас хэд хоногийн өмнөөс айл бүхэн гэртээ их цэвэрлэгээ хийж, булан тохой бүрийг цэвэрлэн, азгүйтлээс ангижирч, ирээдүйг өөдрөг угтдаг. Өнөөдөр хамтдаа Хятадуудын гэрээ цэвэрлэхдээ ашигладаг сонирхолтой аргуудыг мэдэж авцгаая.

Хуучин шилэн триког тоос арчигч болгох

Шүүр, шалны мод зэрэгт хуучин шилэн трикогоо углаж бэлтгэнэ. Дараа нь үүгээр гар хүрэхээргүй тааз, хана зэргээ арчиж, тоосыг нь цэвэрлээрэй. Нейлон материал нь тоосыг өөртөө татдаг тул амархан аргаар тоосноос салах боломжтой.

Тавилгын гадаргууг гашилсан сүүгээр арчих

Гашилсан сүүг хаях гэж бүү яар. Мод, гантиг, лакаар бүрсэн тавилгыг гашилсан сүүгээр арчиж өнгөлж болно. Сүүнд даавуугаа дүрж базаад, тавилгуудаа арчиарай. Дараа нь цэвэр чийгтэй алчуураар ахин нэг удаа арчих ёстойг анхаараарай.

Богино долгионы зуухны таагүй үнэрийг арилгахдаа жүржний хальс ашиглах

Жүржийн хальс нь хүнсний үнэртэй тэмцэх гайхалтай байгалийн “хэрэгсэл” юм. Богино долгионы зууханд хэдэн шинэ жүржийн хальс хийгээд 1 минут эргүүлээрэй. Ингэснээр богино долгионы зуухны таагүй үнэр арилж, харин ч сэнгэсэн шинэхэн үнэрээр солигдсон байх болно.

Тогоог төмсөөр угаах

Гал тогооны хэрэгслийг гялалзуулахын тулд төмс ашиглаж болно. Энэ нь цагаан талст бодис болох оксалийн хүчил агуулдаг бөгөөд бохирдлыг арилгах чадвараараа алдартай. Та тал төмсийг давсанд дүрж, сав, хайруулын таваг зэргээ үрж цэвэрлээрэй.

Угаалгын өрөөний эд зүйлсийг шүдний оогоор цэвэрлэх

Угаалтуур, ваннд тогтсон зэвний толбо, бохирдол зэргийг арилгахдаа шүдний оо болон сойзыг ашиглаад үзээрэй. Энэ нь бохирдлыг хялбархан арилгадаг болохыг Хятад гэрийн эзэгтэй нар онцолж байна.

Модон тавилгын гадаргууг цайгаар өнгөлөх

Цай чанаж, сайтар идээшүүлнэ. Үүнийгээ шүүж бэлтгээд алчууранд шингээж норгоорой. Дараа нь үүгээрээ модон тавилгуудаа арчиж өнгөлж болно. Энэ нь модон гадаргуу дээрх толбо, зураасыг арилгана.

Зөөлрүүлэгчийн тусламжтайгаар тоос хуримтлагдахаас сэргийлнэ

Өдөр бүр тоосоо арчсан ч маргааш нь ахиад л тоос тогтсон байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд усанд хэдэн дусал хувцас зөөлрүүлэгч хийж, даавуугаа норгоорой. Тус чийгтэй даавуугаар тавилгуудаа арчина. Ингэснээр тоос тогтохгүй.

Цонхны шилийг сонгиноор арчих

Цонхны шилийг төгс харагдуулах Хятадуудын нууц бол сонгино юм. Сонгиныг таллаж, цонхоо үрж арчиарай. Сонгины шүүс хатахаас өмнө чийгтэй даавуугаар арчиж цэвэрлэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!