Он дуусахаас өмнө заавал амжуулах хэрэгтэй 4 зүйл

Хуучин одоо үдэж, шинэ он гарахад ердөө хэдхэн хоног үлджээ. Нэг л мэдэхэд бид хундгаа тулган, он солигдох нандин мөчийг хүлээн баярын ширээнийхээ ард зогсож байх болно. Хаяанд ирчихээд байгаа 2022 он гарахаас өмнө доор дурдсан 4 зүйлийг ажлынхаа хажуугаар амжуулахыг та бүхнээсээ хүсэж байна.

1. Нарийвчилсан тэмдэглэл хөтлөх

Нэн түрүүнд өөртөө зориулж шинэ тэмдэглэлийн дэвтэр худалдаж аваарай.

  • Шинэ зорилгуудаа тодорхойлох – Бялуу хийх ур чадвараа ахиулах, IELTS-ын шалгалт өгөх, шинэ номын агуулга дээр ажиллах, философи, түүх, шинжлэх ухааны номууд түлхүү унших, усан спортоор хичээллэх.
  • Хүслийн жагсаалт бичих (аялах газар, үзэх кино, идэж үзэх хоол, очих чухал арга хэмжээ) – Намрын Хөвсгөл далайг үзэх, Хонг конгт очиж Буддагийн аварга хөшөө болох Тиан Тианыг үзэх, Суши идэх
  • Ирэх онд хийх зүйлсийн жагсаалт гаргах – Аялалд зориулсан хадгаламж нээх, IELTS-ын шалгалт өгөх, гал тогооны өрөөний дизайныг өөрчлөх
  • Ирэх онд хэвшүүлэх шинэ дадлуудын жагсаалт гаргах – Гэрээсээ хоол бэлтгэж авч явах, сунгалын дасгал хийж хэвших, долоо хоногийн төлөвлөгөөг ягштал мөрдөж сурах, ууланд алхдаг болох, нүүрний иога хийх
  • Ирэх онд солих муу зуршлуудаа бичих – Орой унтдаг, чихэр их иддэг, зурагт хэт ойроос үздэг зуршлуудаа 2022 онд сайнаар өөрчилнө.

2. Уншиж хараахан дуусгаагүй байгаа номуудаа дуусгах

Уншиж дуусаагүй дөнгөж л дундаа орж байгаа номнуудаа он дуусахаас өмнө заавал дуусгана гэж өөртөө амлаж номын өрөө дараарай. Эхэлсэн зүйлээ дуусгаж чадаагүй үед төрдөг тухгүй мэдрэмж сэтгэлд ном уншихад хүртэл төрөөд болдоггүй шүү. Танд ч гэсэн ийм мэдрэмж төрдөг бол дундаас нь орхисон номуудаа дуусгаж санаагаа амраагаад, шинэ оноо шинэ номуудтай угтаарай.

3. Зээл, өрийн асуудлуудаа цэгцлэх

“Шинэ онд өртэй орчихвол тэр жилийн турш өр чамайг дагана даа” гэж хүүхэд байхаас л бидэнд тоглоом шоглоомоор хэлдэг байж билээ. Нээрээ л өртэй орж болохгүй гэж чармайж хүнээс зээлсэн мөнгөө оны өмнө төлж, нэгжийн зээлээ хүртэл дарж сураарай. Хэрэв танд ямар нэг санхүүгийн өр бий бол шинэ оны өмнө заавал цайруулахыг хичээгээрэй.

4. Хэн нэгэнд сэтгэлээ “илэрхийлэх”

Чин сэтгэлийн уучлалт гуйх, талархсан сэтгэлээ илэрхийлэх, хайртайгаа хэлэх зэрэг “хэлэхгүй л бол болохгүй” байгаа чин сэтгэлийн үгсээ ил гаргаж уудлаарай. Шинэ он гарахаас өмнө сэтгэлдээ байгаа мэдрэмжүүдийг ил гаргаж, сэтгэлийн өрөө тэглээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!