Хүмүүсийн өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг хуурамч эсэхийг шалгах аргууд

Давс, элсэн чихэр, гурил, сүү – эдгээр нь бидний байнга худалдаж авдаг түгээмэл хүнсний бүтээгдэхүүн бөгөөд эдгээрийг хуурамчаар үйлдвэрлэж болно гэх бодол хэний ч санаанд буудаггүй. Тийм ч учраас бид санаандгүй байдлаар хуурамч буюу хольцтой хүнсний бүтээгдэхүүн авч хэрэглэх нь бий. Хоолны давсыг заримдаа иоджуулсан давс хэлбэрээр гаргаж, элсэн чихэрт шохойн тоос нэмж, сүүг усаар шингэлдэг. Энэ мэтчилэн бидний мэдэхгүй олон нууцууд оршин байх аж. Өнөөдөр та бүхэндээ хүнсний бүтээгдэхүүнийг сайн чанартай эсэхийг шалгах аргуудыг танилцуулж байна.

Оливын тос

Оливын тосыг хуурамчаар үйлдвэрлэх нь түгээмэл байдаг. Үнэтэй extra virgin oil гэх шошго наачихаад, үнэн хэрэгтээ хямдхан наран цэцэг, шар буурцагны тосыг савлаж худалдаалдаг байна. Харин та хуурамч тос авахаас сэргийлэхийн тулд оливын тос худалдаж авахаасаа өмнө шошгон дээрээс ургац хураасан огноо, тосыг дарж, савласан хот, бүс нутгийн нэрийг харна уу. Хэрэв эдгээр мэдээллүүд бүгд бичигдсэн байвал айх зүйлгүй. Мөн олив ургадаггүй бүс нутагт үйлдвэрлэгдсэн тос сонгож авахгүй байх хэрэгтэй.

Хэрэв та бүтээгдэхүүнийг аль хэдийн худалдаж авсан бол үнэрлэж, амталж үзээрэй. Энэ нь сүрэл, ялзарсан жимс, цуу шиг үнэртэх ёсгүй. Тосыг хуурамч эсэхийг шалгах хамгийн баттай арга бол тосыг хөргөгчинд хэдэн цагийн турш хийх юм. Хэрэв тос өтгөрч, булингартсан байвал энэ нь чанартай тос гэдгийн баталгаа болно.

Элсэн чихэр

Хуурамчаар бараа үйлдвэрлэгчид элсэн чихэрт хүртэл шохой нэмж худалдаалдаг байна. Нүдээр хараад мэдэхэд хэцүү тул тусгай арга хэрэглэж, хуурамч эсэхийг мэдэж болно. Элсэн чихрээ усанд хийж хутгаад хэсэг ажиглана. Элсэн чихэр нь усанд уусах бол шохой уусахгүй. Иймд хэрэв тус элсэн чихэрт ямар нэгэн хольц байгаа бол усны ёроолд тунаж үлдэх юм.

Гурил

Гуриланд сүрэл, гэмтсэн үр тариа, хивэг зэрэг гадны хольцыг нэмж, жинг нэмэгдүүлэхийг оролддог байна. Гурилаа хольцтой эсэхийг шалгахдаа мөн адил ус ашиглана. Усанд гурилаа хийх бөгөөд гурил нь усны ёроолд үлдэх бол, хивэг нь дээр хөвнө. Гэхдээ хөх тарианы гуриланд бага хэмжээний хивэг байх нь хэвийн зүйл гэдгийг санаарай.

Сүү

Заримдаа сүүг усаар шингэлж, үйлчлүүлэгчдийг хуурдаг. Худалдан авсан бүтээгдэхүүнээ шингэрүүлсэн эсэхийг энгийн аргаар олж мэдэх боломжтой. Хар бараан өнгөтэй таваг гэх мэт гөлгөр гадаргуутай зүйлийг аваад, дээр нь сүү дусааж, хазайлгана. Шингэрүүлсэн сүү нь амархан бөгөөд хурдан урсаж, үл мөр үлдээхгүй. Цэвэр сүү нь аажмаар урсаж, тавган дээр үлдэнэ.

Сүүнд бас угаалгын нунтаг нэмдэг байна. Худалдан авсан бүтээгдэхүүнд нэмэлт бодис агуулагдаж буй эсэхийг шалгахын тулд ижил хэмжээтэй сүү, усыг хольж таглаад сэгсрэнэ. Хэрэв сүү цэвэр бол хөөс нь нимгэн буюу шингэн байна. Харин ямар нэгэн хольц, тэр дундаа угаалгын нунтаг бий бол хөөс нь өтгөн, зузаан байх аж.

Давс 

Та үнэхээр иоджуулсан давс худалдаж авсан эсэхээ төмс, нимбэгний шүүс ашиглан мэдэж болно. Төмсийг зүсээд давс түрхээд хүлээнэ. Дараа нь төмсөн дээрээ багахан нимбэгний дусал дусаагаарай. Хэрэв иоджуулсан давс мөн байвал хөх өнгөтэй болно. Харин энгийн давсыг иоджуулсан хэмээн хуурч худалдаалсан байвал төмсөн дээр өнгө гарч ирэхгүй.

Хар перец

Хар перецийг хүртэл хуурамчаар үйлдвэрлэнэ гэхээр итгэмээргүй санагдаж байгаа биз. Нунтагласан папайя үр, Сагаган цэцэг, хар чинжүүний иш зэрэгтэй хольж хуурамч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байна. Чанартай хар перец худалдаж авсан эсэхээ тодорхойлох хэд хэдэн арга байдаг. Жишээлбэл, үрлэн хар перецийг хуруугаараа буталж үзээрэй. Хэрэв энэ нь жижиг хэсгүүдэд амархан бутарч байвал чанар муутай түүхий эд юм. Сайн бүтээгдэхүүн нь том хэсгүүдэд хуваагдах ёстой.

Цагаан будаа

Хүмүүс будааг хуурамчаар үйлдэж, хуванцар гэх мэт аюултай хольц нэмж оруулдаг нь тодорхой болсон. Хуванцар бүтээгдэхүүнийг бодит бүтээгдэхүүнээс ялгах нь тийм ч хялбар биш юм. Гэхдээ бидэнд арга бий. Цөөн цагаан будаа аваад савтай усанд хийж хутгана. Хэдэн минутын дараа шалгахад будаа усан дээр хөвж байвал энэ нь хуванцар болж таарна. Харин усны ёроолд байвал жинхэнэ будаа болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!