Гадаад эмэгтэйчүүдийг гайхшруулж орхидог Хятад бүсгүйчүүдийн 7 нууц
Хятад эмэгтэйчүүд залуухан дүр төрх, туранхай бие галбир хийгээд хөдөлмөрч зан чанараараа алдартай. Тэгвэл тэдний амьдрал дэлхийн бусад улсын бүсгүйчүүдээс өөр байх аж. Чухам юу нь өөр болох, тэднээс юу сурч авч болох талаар сонирхолтой мэдээллийг уншиж танилцацгаая.
Тампон хэрэглэдэггүй
Хэдийгээр 90-ээд онд Хятад улсад тампон орж ирсэн байдаг ч эмэгтэйчүүдийн ердөө 2% нь хэрэглэдэг байна. Хятадын уламжлалт анагаах ухааны зарчмуудаас үүдэж, тампоныг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үздэг. Цусыг биеэс гадагшлуулах ёстой болохоос биедээ байлгаад байж болохгүй, энэ нь нян үржих таатай нөхцөл болно гэж үздэг тул тампоны оронд дэвсдэг ариун цэврийн хэрэгсэл ашигладаг байна.
Сарын тэмдгийн өвдөлтийн үед эм уудаггүй
Сарын тэмдгийн өвдөлтийн үед охид бүсгүйчүүд өвдөлт намдаах эм уудаг. Харин Хятад бүсгүйчүүдийн тухайд өвчин намдаах хүчтэй эм уухаас илүүтэй уламжлалт аргаар өвдөлтөө намдаадаг байна. Ингэхдээ халуун усанд хөлөө дүрж, биеэ тайвшруулахыг хичээдэг аж. 20-30 минут бүлээн усанд хөлөө дүрж суух бөгөөд усандаа эмчилгээний ургамал зэргийг хийж болно.
Биеэ тусгай усаар угаадаг
Будаагаа угааж зайлсан усаа асгах бус, үүнийгээ ашиглаж нүүр болон биеэ угаадаг байна. Будааны ус нь арьсыг тайвшруулж, үрэвслийг намдаах төдийгүй цайруулах үйлчилгээ үзүүлдэг аж. Мөн тус усаар үсээ угаах, үсээ шавьших зэргээр ашигладаг байна. Учир нь энэ нь үсний ургалтыг дэмждэг гэнэ.
Хөгшрөлтийн эсрэг маск өөрсдөө бэлтгэж хэрэглэдэг
Хятад эмэгтэйчүүд үрчлээ үүсэхээс сэргийлэхийн тулд түүхий өндөгний цагаанаар нүүрний маск хийдэг. Өндөгний цагааныг ялгаж аваад, нүүрэндээ түрхэж 20 минутын дараа угаана. Тус арга нь маш түгээмэл бөгөөд Хятадын алдартай загвар өмсөгч Лю Вэн нэгэн ярилцлагадаа ч дурдаж байсан удаатай.
Кофе ууж байхдаа нүүрэндээ иллэг хийдэг
Хятадын гоо сайхны стандарт бол эрүүний шугамыг сайн тодорхойлсон V хэлбэрийн нүүр юм. Үүнийг “гуа жи лиан” гэж нэрлэдэг. Иймд бүсгүйчүүд нүүрний хавангаа арилгах, нүүрээрээ турах зорилгоор иллэг хийдэг байна. Кофейн агуулсан ундаа нь илүүдэл шингэнийг арилгахад тусалдаг тул тэд ихэвчлэн аяга кофе уунгаа, нүүрээ илж өглөөг эхлүүлдэг аж.
Маникюр хийлгэхэд тийм ч их цаг үрдэггүй
Хятадууд тун ч завгүй хүмүүс. Тиймээс хумсаа будуулахын төлөө гоо сайхны салонд 2-3 цаг суугаад байж чадахгүй. Үүнийг нь ч үйлчилгээний байгууллагууд сайн мэддэг тул нэг үйлчлүүлэгч дээр 2-3-аараа зэрэг ажиллаж, 20-30 минут хумсны будалтыг дуусгадаг аж.
Улаан өнгийн уруулын будганд дуртай
Орчин үеийн Хятад эмэгтэйчүүд улаан өнгийн уруулын будгийг илүүд үздэг. Нэгдүгээрт, энэ өнгө нь аз жаргал, амжилтыг бэлэгддэг. Хоёрдугаарт, улаан уруул нь эсрэг хүйсийн хүмүүсийн анхаарлыг татахад тусалдаг гэдгийг тэд сайн мэднэ. Уруулаа тод будчихдаг болохоор нүдээ аль болох хөнгөн буддаг байна.
Зөөлөн үнэртэй сүрчиг хэрэглэдэг
Хятадад барууны орнууд шиг сүрчигийг шүтдэггүй. Энд сүрчиг нь зайлшгүй шаардлагатай зүйл биш бөгөөд харин загварын бараа гэж нэрлэгддэг. Тийм ч учраас хүмүүст харилцах ажил хийдэг эсвэл нэр алдартай хүмүүс л сүрчиг түрхдэг байна. Мөн хажууд байгаа хүмүүстээ саад болохгүй, толгойг нь өвтгөж, дотрыг нь муухайруулахаас сэргийлэхийн тулд аль болох зөөлөн үнэртэй сүрчгийг бага хэмжээгээр түрхдэг аж.