Таны шээс ойр ойрхон хүрээд байгаа юм биш биз? Тэгвэл ийм учиртай!
Ойрхон ойрхон шээс хүрч, шөнө унтаж байхдаа хүртэл сэрэн байж, угаалгын өрөө ордог бол та анхаарлаа нааш нь хандуулаарай. Шөнө дунд босч шээх, байн байн угаалгын өрөөг зорих нь хэд хэдэн шалтгаантай аж. Та бидний бэлтгэсэн мэдээллээс, шээс ялгаруулалт ихсэх болсон шалтгаанаа олж мэдэн, асуудлаа шийдвэрлээрэй.
1. Орондоо орохоос өмнө хэт их ус уух
Орой орондоо орохоос өмнө ус уух нь, шөнө шээс хүрэх хамгийн том шалтгаан юм. Та унтахаас 1-2 цагийн өмнө шингэн ууж, хэвтэхээс өмнө заавал угаалгын өрөө орж хэвшээрэй. Ингэснээр шөнө сэрж, нойроо хугаслах хэрэг гарахгүй. Энэ нь хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга билээ.
2. Унтахаас өмнө согтууруулах ундаа, кафейны агууламжтай зүйлс уух
Согтууруулах ундаа болон кафейны найрлагатай уух зүйлс нь шээсний ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. Унтахаасаа өмнө кофе, хундага дарс уух дуртай хүмүүст, энэхүү зуршлаа орхихыг зөвлөж байна. Эмч нар хэлэхдээ, 6 цагаас хойш кофе, цай ууж болохгүй хэмээсэн бол, орондоо орохоос 3 цагийн өмнө л багахан дарс, согтууруулах ундаа ууж болно гэж үзжээ. Хэрэв энэхүү арга тус болохгүй бол эмчид хандаарай.
3. Дааврын дутагдал
Даавар нь биеийн шингэний хэмжээг хянах үүрэгтэй бөөрөнд тусалж, үйл ажиллагааг нь дэмждэг. Харин биед даавар дутагдсанаар, ойр ойрхон угаалгын өрөө явах шаардлагатай болж, шээс хүрдэг байна. Эмч нарын үзэж байгаагаар, хүн 40 нас хүрмэгц дааврын хэмжээ алдагдаж, эхлэх бол, 60-70 насанд энэхүү шинж тэмдэг мэдэгдэхүйц илэрч, төвөгтэй асуудал үүсдэг аж.
4. Шээсний замын халдвар
Шээсний замын халдварт өвчнөөр, эмэгтэйчүүд өвчлөх магадлал харьцангуй өндөр байдаг. Иймд бүсгүй та ойр ойрхон угаалгын өрөө орох шаардлагатай болсон бол, энэ нь шээсний замын халдарт өвчин байхыг үгүйсгэхгүй. Тиймээс та яаралтай эмчид хандаж, бүх зүйл зүгээр байгаа эсэхийг шалгаж мэдээрэй.
5. Хөл хавагнах
Хөл хавагнах нь, байн байн шээс хүрэх бас нэгэн шалтгаан болдог. Хөлөнд биеийн ихэнх шингэн хуримтлагдаж, алхах төдийд шээс хүрч, асуудал болох аж. Иймд та орой гэртээ ирмэгцээ хөлөө усанд дүрж амрааж байгаарай. Таны шээх давтамж харьцангуй багасгаж, асуудлыг шийдвэрлэх болно.
6. Чихрийн шижин өвчин
Чихрийн шижин өвчтэй болох, өвчний шинж тэмдэг илэрч байгаа хүмүүсийн шээсний ялгаруулалт эрс нэмэгдэж эхэлдэг байна. Мөн хичнээн их ус уусан ч цангаж, байн байн шээс хүрэх нь тус өвчний нэгээхэн шинж тэмдэг юм. Цусан дахь илүүдэл чихэр нь шээс үйлдвэрлэлтийг нэмэгдүүлж, давсгийг чинэрүүлдэг байна.
7. Бэлгийн замын халдварт өвчин
Заг хүйтэн, хламид зэрэг бэлгийн замын өвчний үед шээс ойр ойрхон хүрч, инээх, найтаахад дусч эхэлдэг аж. Тус өвчнөөр голдуу дунд насны хүмүүс өвчлөх бөгөөд хувийн ариун цэвэр сахиагүй, анхаарал болгоомжгүйгээс болж, бэлгийн замын халдварт өвчинтэй болдог байна. Хэрэв танд дээрх шинжүүд илэрвэл, эмчид хандаж, зөвлөгөө хүсээрэй.
8. Умай болон өндгөвч томрох
Өндгөвчний уйланхай, хорт хавдар, умайн үрэвслийн гол шинж тэмдгүүдийн нэг нь шээс ихээр хүрэх юм. Энэ нь давсганд илүүтэй даралт өгч, шээсийг ойр ойрхон гадагшлуулахаас өөр аргагүйд хүргэдэг. Таны шээс их хүрдгээс гадна, умай хэсэгт асуудал үүсч, загатнаж, шээхэд хүртэл хорсвол эмчид яаралтай хандах хэрэгтэй.
9. Давсаг сулрах буюу шээс задгайралт
Шээсээ барьж чадахгүй болж, санамсаргүй дусаахыг шээс задгайрах буюу “давсаг сулрах” хэмээдэг аж. Ялангуяа хүүхэд төрүүлсний дараа эмэгтэйчүүд давсаг султай болж ханиалгах, найтаах төдийд бага хэмжээний шээс дусааж, эвгүй байдалд орох магадлалтай байдаг. Үүнийг тоолгүй өнгөрч болохгүй бөгөөд эмчид хандаж, зөвлөгөө авахаас гадна, өөрөө амьдралын хэвшлээ өөрчилж, тус асуудлаас ангижирч болох аж.
Та урьд нь “Кегелийн дасгал” гэж сонсож байсан уу? Энэ нь аарцгийн доод ханыг чангалж, давсаг сулрахыг арилгах төдийгүй бэлгийн амьдралд онцгой сайн нөлөө үзүүлдэг. Та тус дасгалыг өдөрт хоёр удаа 3 сарын хугацаанд хийгээрэй. Дээш харж хэвтээд, аарцгийн булчингаа чангалж, 3-10 секунд байлгаад 1-5 секунд амарна. Энэ маягаар дасгалаа 10-20 удаа давтаж хийхэд хангалттай.
10. Түрүү булчирхайн асуудал
Түрүү булчирхай нь, хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний нөхөн үржихүйн тогтолцооны нэг чухал хэсэг юм. Түрүү булчирхай шулуун гэдэсний урд, давсагны доор байрладаг бөгөөд шээсний сувгаар дайран өнгөрдөг. Эрэгтэй хүн нас ахихын хэрээр янз бүрийн шалтгааны улмаас түрүү булчирхайд өөрчлөлт гарч томордог төдийгүй түрүү булчирхай томорсноор шээсний замд саад үүсч, ойр ойрхон шээс хүрэх асуудалтай тулгарна.