Баярын ширээг чимж, өнгө нэмэх луувантай бялуу хийх хамгийн амттай жор

Шинэ жилийн баярын ширээгээ өөрийн гараар хийсэн амттай бялуугаар чимвэл ямар вэ? Өнөөдөр та бүхэндээ луувантай бялуу хийх жорыг танилцуулж байна.

22 см диаметртэй, 10см өндөртэй, 2,6 кг торт болох орц:

  • Элсэн чихэр – 300 гр
  • Ванильтай элсэн чихэр – 10 гр
  • Давс – чимх
  • Өндөг – 5 ширхэг
  • Масло – 100 гр
  • Гурил – 350 гр
  • Хөөлгөгч (baking powder) – 10 гр
  • Корица буюу шанцай – 10 гр
  • Ургамлын тос – 100 гр
  • Лууван – 2 ширхэг (300 гр)
  • Самар, үзэм – 150гр

Кремэнд:

  • Кремчиз – 500 гр
  • Сахрын пудр – 160 гр
  • Масло – 200 гр

Хийх арга:

Орцуудаа хөргөгчөөс гаргаж, тасалгааны хэмд 3, 4 цаг байлгана. Луувангаа цэвэрлээд, үрэгчээр үрж бэлдэнэ. Элсэн чихрүүд дээрээ өндгөө хийж цагаарч хөвсийтэл нь 8 мин орчим миксердэнэ.

Сайтар зөөлөрсөн маслоо өндөгний зуурмаг руугаа хийж, 5,6 мин орчим миксердэж хутгана.

Гурил, хөөлгөгч, корица 3-аа нийлүүлж шигшээд, ургамлын тосоо хийж, зуурмагтайгаа холино.

Боровтор, хутгахад хээ үлдсэн өтгөн зуурмаг болно.

Самар, үзмээ блендердэх юмуу эсвэл жижиглэн хэрчээд, гурилны зуурмагтайгаа, бас луувантайгаа нийлүүлэн хутгана.

Хэвэндээ пергамент цаас дэвсэж бэлдээд, зуурмагаа 2 тэнцүү хувааж , тус бүрийг нь 180 С дээр 25-30 мин болгоод луувангийн кексүүд бэлэн болох юм. Дундуур нь зүсээд 4 ширхэг кекс гарна.

Кексүүдээ хөргөөд, захын хатуувтар, хэт боролсон хэсгийг, мөн дээш хэт төмбийсөн хэсгүүдийг эвтэйхэн зүсэж, хэмжээндээ тааруулна. Кекснээсээ зүсэж авсан хэсгээ үйрүүлээд, тортныхоо ёроол, болон захаар нааж чимнэ. Кекснүүдийнхээ дундуур кремээ түрхэж өрөөд, захаар нь , бас хамгийн дээд талын кексэндээ кремээ зузаан түрхээд, тэгшлээд, чимээд бэлэн болно.

Крем Хийх арга: Цөцгийн тосоо 3,4 цаг тасалгааны хэмд зөөлрүүлнэ. Харин кримчизээ хөргөгчинд хүйтнээр нь байлгана. Зөөлөрсөн цөцгийн тосоо сахарын пудр, ванильтай элсэн чихэртэйгээ хольж, цагаартал нь 7, 8 минут миксердэнэ. Дараа нь хүйтэн кримчизээ хийж 3, 4 минут миксэрдээд бэлэн.

Жич: Энэ тортонд луувангийн амт мэдрэгдэх ёсгүй, харин луувангийн жижиглэсэн хэсгүүд улбар шар өнгө оруулан, кексийг зөөллөж, чийглэж өгөх үүрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!