Эмч нарын баталсан, сэтгэцийн өвчтэй болсныг илтгэх шинж тэмдгүүд

“Dementia” буюу сэтгэцийн олдмол өвчинд “Алцгеймер”, “Паркинсон” болон “Хантингтон” зэрэг 100 гаруй төрлийн өвчин эмгэг хамааралтай байдаг. Эдгээрээс “Алцгеймер”-ийн өвчнөөр хүмүүс хамгийн их өвчилж байгаа бөгөөд шинж тэмдэг нь сэтгэцийн олдмол өвчинтэй 50-70 хувь ижил төстэй байдаг гэнэ. Ингээд хамтдаа эмч нарын баталсан, сэтгэцийн өвчтэй болсныг илтгэх шинж тэмдгүүдийг та бүхэндээ хүргэж байна.

1. Богино хугацааны ой санамж алдалт

Бид заримдаа түлхүүр болон нүдний шилээ хаана тавьж, орхисноо мартчихдаг билээ. Гэвч энэ явдал олон удаа давтагдвал, магадгүй та сэтгэцийн олдмол өвчин туссаны илрэл байж болзошгүй гэнэ.

Энэ тохиолдолд тухайн хүн хэдэн жилийн өмнөх зүйлийг мартахаас илүүтэй, хэдхэн өдрийн өмнөх зүйлийг мартдаг байна.

2. Харилцаанд ороход төвөгтэй байдал үүснэ

Хэрвээ та хэн нэгэнтэй ярьж байх үедээ санал бодлоо ойлгуулж хэлж чадахгүй, юу гэж хэлэхээ мэдэхгүй байвал, энэ нь сэтгэцийн олдмол өвчний шинж тэмдэг байх магадлалтай аж. Өөрөөр хэлбэл, харилцааны үеэр хэлье гэж бодсон үг толгойнд орж ирэх хэдий ч, хэсэг хугацааны дараа юу гэж хэлэх гэж байснаа санахгүй байна гэсэн үг юм. Үүнийг тархины үйл ажиллагаа асуудалтай болсонтой холбож ойлгож болох бөгөөд энэ тохиолдолд тухайн хүн бухимдах нь бий.

3. Ааш зан өөрчлөгдөнө

Сэтгэцийн олдмол өвчний эхэн үед илрэх шинж тэмдэг бол ааш зан өөрчлөгдөх явдал юм. Тухайн хүн ихэвчлэн сэтгэл санаагаар унах бөгөөд ааш зан нь гэнэт, тааварлаагүй байхад олон янз болж өөрчлөгддөг байна.

4. Сулбагар, амьдралын идэвхгүй болно

Сэтгэл гутрал нь хүнийг сулбагар болгож, нойргүйдэхэд хүргэдэг. Ингэснээр хүн амьдралд идэвхгүй болж, тэр бүү хэл хийх дуртай зүйлээсээ ч сэтгэл ханамж авч чадахгүйд хүрэх нь бий.

Энэ үед хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ бол, мэргэжлийн эмчид хандах явдал юм.

5. Анхаарал төвлөрөхгүй

Ямар нэгэн зүйл төлөвлөх, чухал шийдвэр гаргах үед анхаарал төвлөрөхгүй. Энэ нөхцөлд тухайн хүн ямар нэгэн зүйл төлөвлөлөө ч, түүнийгээ тэр даруй мартдаг байна. Түүнчлэн дугаар болон он сар өдрийг тогтооход хүндрэл үүсдэг аж.

6. Ажил хийхэд бэршээл учирна

Тархины үйл ажиллагаа асуудалтай болох үед, хүн ажил хөдөлмөр эрхлэхэд бэршээлтэй учирдаг. Үүнд оюуны ажил төрөл ихээхэн хамаатайгаас гадна, хоол хийх, цэвэрлэх, цэцэг услах гэх мэт гэр орны ажлууд ч мөн багтана. Барьсан, тавьсан зүйлээ санахгүй бөгөөд үр дүнд нь уурлаж, бухимддаг байна.

7. Цаг хэрхэн өнгөрч байгааг анзаарахгүй

Дэлхий ертөнц тэнхлэгээ тойрч эргэдгээрээ эргэж, цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй явдгаараа явах боловч, сэтгэцийн олдмол өвчин туссан хүний хувьд байдал эсрэгээрээ байдаг. Цаг хэрхэн өнгөрч байгаа, удахгүй ямар баяр болох, маргааш болон ирэх жил юу болох тухай тэд огтхон ч мэдэхгүй. Мэдэж байлаа ч, төд удалгүй мартана.

8. Хаана байгаагаа гэнэт мартана

Сэтгэцийн олдмол өвчний үед, тухайн хүн хаана байгаагаа болон хаашаа явж байгаагаа гэнэт мэдэхээ больдог. Энэ нь тархины үйл ажиллагаа асуудалд орсонтой холбоотой бөгөөд зарим тохиолдолд амь насанд нь аюул учрах эрсдэлтэй байдаг аж. Иймд гэр бүлийнхэн нь сайтар харж хандах ёстой гэдгийг бүү мартаарай.

9. Юм бичихэд хүндрэл үүснэ

Энэхүү өвчний үед төвлөрөхөд хэцүү байдаг болохыг бид дээр дурдсан. Тэгвэл төвлөрч чадахгүйгээс болж, ямар нэгэн зүйл бичихэд хүндрэл үүсдэг байна. Өөрөөр хэлбэл, өөрийн бодлоо илэрхийлж чадахгүйд хүрдэг гэсэн үг юм.

10. Нэг юмаа олон давтаж асууна

Аль хэдийнээ хэн нэгэн хариулчихаад байхад, тэд нэг асуусан асуултаа олон удаа давтаж асуусаар байдаг.

11. Айна

Сэтгэцийн олдмол өвчний үед амархан цочиж, айж эмээдэг болох нь бий. Энэ нь тархины үйл ажиллагаа доголдож, ямар нэгэн зүйлд хариу үйлдэл үзүүлэх чадваргүй болсонтой холбоотой юм.

12. Амархан мартана

Уншсан ном, үзсэн кино зэргээ богино хугацаанд мартах бөгөөд ном уншиж байх үедээ ойлгосон зүйлээ хэдхэн минутын дотор мартаж, эргэн санахын тулд уншсан хуудсаа дахин сөхөж уншихад хүрдэг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!