2022 онд моодноос гарч буй хувцас болон гоёл чимэглэлүүд

2022 он гараад хэдхэн хонож байгаа ч, загварын салбарт цөөнгүй өөрчлөлтүүд гарч, олон хувцас хэрэгсэл моодноос халагдаж, хогийн сав руу шилжлээ. Энэ жил ямар хувцас, содон гоёл трэнд болохыг мэдэхгүй ч, загвар нь хуучирсан хувцас хэрэгслээ далд хийх цаг болжээ. Хамтдаа ямар төрлийн хувцас болон гоёл чимэглэл моодноос гарсныг мэдэж авцгаая.

Нарийн нарны шил

Нарийн загвартай нарны шил ёстой л загварын салбарыг эзэгнэсэн. Мэдрэмжтэй хувцасладаг, загварлаг гэгддэг хүн бүхэн тус шилийг зүүж гангарч байсан цаг саяхан. Тэгвэл тус нарны шилний трэнд байх хугацаа богино байсан бололтой. Энэ жил нарийн нарны шил моодноос гарч, байр сууриа өгч байна.

Бомбер

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд янз бүрийн хэлбэр, хэмжээтэй бомберууд охид бүсгүйчүүдийн хувцасны шүүгээг дүүргэсэн. Спорт гутал, өндөр өсгийт гээд юун дээр ч тохируулан өмсөж болж байсан гэдгээрээ бомбер нь маш том давуу талтай байсан. Харин энэ жилээс тус хувцас нь моодноос гарч, оронд нь классик пальто, хүрэмнүүд трэнд болох хандлагатай байна.

Бүсэлхийн цүнх (belt bag) болон үүргэвч

Загварлаг цүнх гэхээр л хүн бүрийн толгойд бүсэлхийн цүнх буюу belt bag орж ирэх нь гарцаагүй. Загварын ертөнцөд шургалсан тус цүнх, ардаа үүрдэг нарийн мөртэй үүргэвчний хамтаар тэтгэвэртээ гарч байна. Энэ жил эмэгтэйлэг, классик хувцаслалт бүсгүйчүүдийн сонголт болох хандлагатай байгаа тул үүнтэй тохируулж, нэг мөрний төрөл бүрийн цүнх үүрч болох юм.

Нэвт гэрэлтдэг гутал

Ким Кардашиан, Каяли Женнер зэрэг дэлхийн загварын бэлэг тэмдэг болсон алдартнууд тус гутлаар тун ч их гоёсон. Харин тэднийг даган дуурайж, хөлдөө тухгүй, эвгүй байсан ч хамаагүй нэвт гэрэлтдэг гутал өмсөж, хөлөө хөлөргөж, зүдэрч явсан бүсгүйчүүд олон. Азаар тэр зовлон дуусах бололтой. 2022 онд энэ гутлыг өмсөж явах бүсгүйчүүдийг бараг л олж харахгүй болов уу.

Хэт их лого харуулсан хувцас

Алдартай брэндүүд өөрсдийн хувцас, дагалдах хэрэгслийг логогоороо чимж өгсөн байдаг. Хүмүүс ч үүнийг өмсөх дуртай байдаг бөгөөд ямар брэндийн, хэр үнэтэй хувцас өмсөж байгаагаа үүгээр илэрхийлж харуулдаг билээ. Гэсэн ч хүмүүс жил ирэх тусам даруухан, дэгжин хувцаслахыг илүүд үзэх болж байгаа учраас хэт их логогоор чимсэн эрээн хувцас энэ жил трэндээс гарч байна.

Ижил буруу ээмэг

Өнгөрсөн ганц хоёр жилийн хугацаанд ижил буруу ээмэг трэнд болсон. Гэвч энэ төрлийн ээмэг нь уйтгартай болж ирсэн төдийгүй байр суурьнаасаа бууж байна. Илүү сонгодог, ижил ээмэг энэ жил бүсгүйчүүдийн сонголт байх болно.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!