2021 оны хамгийн царайлаг залуугаар нэрлэгдсэн Мьянмар загвар өмсөгч: Тэр яагаад шоронд хоригдох болов?

“TC Candler” энтертайнмент вэбсайт нь 1990 оноос эхлэн жил бүр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 100 эмэгтэй, хамгийн царайлаг 100 залуугийн жагсаалтыг гаргадаг уламжлал тогтоосон билээ. Ингэхдээ авъяас чадвар, нэр хүнд харгалзахгүйгээр зөвхөн гадаад төрхийг дүгнэж, хүмүүсийн саналыг авдаг. Тэгвэл 2021 оны хамгийн царайлаг залуугаар Мьянмар загвар өмсөгч, жүжигчин, дуучин Пэйн Тахон (Paing Takhon) тодорчээ. Олон олон алдартай Холливуудын жүжигчид, царайлаг нь дэндсэн кпоп оддыг ардаа үлдээж чадсан тэрээр хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байгаа билээ.

1996 оны 9 сарын 17-нд төрсөн. 183 см өндөр загвар өмсөгч, жүжигчин, дуучин юм. Мьянмарын хамгийн алдартай хүмүүсийн нэг. 2014 онд загвар өмсөгчөөр урлагийн карьераа эхэлсэн бөгөөд 2017 оноос жүжиглэж эхэлжээ. Тэрээр өөрийн царайлаг төрх, сайхан бие галбираар хүмүүсийн анхаарлыг ихээр татах болсон ба энэ нь зөвхөн Азид гэлтгүй, дэлхий нийтийг хамарсан юм.

 

Түүнийг дэлхий даяар алдартай болгосон зүйл бол түүний лам төрх юм. Тэрээр 10 хоног лам болж, бясалгал хийсэн бөгөөд энэ тухайгаа инстаграм хуудаснаа хуваалцсан. Харин түүний тухай “царайлаг лам” гэсэн нийтлэлүүд сошиалаар тархаж, эмэгтэйчүүдийн зүрхийг булиглуулсан билээ.

Харин түүний амжилттай карьерыг үгүй хийгээд байгаа нэг зүйл нь улс төрийн үзэл баримтлал юм. 2021 онд Мьянмарт төрийн эргэлт болсныг хүн бүр мэдэж байгаа. Тус улсын арми нь улс төрийн намын дарга нарыг баривчилж, төрийн эрх мэдлийг генерал Мин Аунг Хлаингад шилжүүлсэн.  2020 оны 11-р сард явагдсан парламентын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн армийнхан ийнхүү төрийн эргэлт явуулсан билээ.

Харин тус төрийн эргэлтийг эсэргүүцсэн олон мянган хүний нэг нь Пэйн Тахон юм. Тэрээр цэргийн дэглэмийг эсэргүүцэн, ардчиллыг дахин сэргээхийг шаардсаар байсан бөгөөд өөрийн дуу хоолойгоо хүчтэй илэрхийлж байв. 2021 оны 4-р сарын 7-нд төрийн захиргааны зөвлөл түүнийг цэргийн дэглэмийн эсрэг үг хэлснийх нь төлөө Эрүүгийн хуулийн 505 (а) хэсэгт зааснаар баривчлах тушаал гаргасан.

Түүнийг ард иргэдийг турхирсан хэмээн үзэж, 3 жилийн хорих ял оноожээ. Пэйний дүү охин энэ тухай цахим хуудаснаа бичсэн бөгөөд загвар өмсөгч залуугаар хүнд хүчир ажил хийлгэж, хорьж байгааг мэдэгдсэн байна. Түүнийг сулла хэмээх хөдөлгөөн өрнөсөн боловч амжилтыг эс олсон. Одоогоор Пэйнийг ямар байдалтай байгаа талаар мэдээлэл байхгүй. Тэр зүгээр нэг царайлаг, сайхан залуу биш. Эх орныхоо төлөө, эрх чөлөөний төлөө дуугарч, үнэт зүйлсээ хамгаалахыг хүссэн энгийн нэг эр.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!