Унтаж чадахгүй шөнөжин хөрвөөдөг хүмүүст өгөх зөвлөгөө: Таныг нүдээ аниад л хурхирч эхлэхэд хүргэх аргууд

Өдөр бүр нойроо сайн авч чаддаг бол та тун ч азтай нэгэн юм. Зарим хүмүүст тэр аз тохиодоггүй. Унтаж чадахгүй шөнөжин хөрвөөж, өглөө нь улаан нүдтэй, хагас үхдэл мэт л босч ирнэ. Олон хоног нойргүй, дутуу нойртой явах нь биеийн эрүүл мэнд төдийгүй сэтгэцэд нөлөөлнө. Тиймээс заавал сайн унтаж байх хэрэгтэй. Бид онцгойлон унтаж чадахгүй хэцүү байгаа хүмүүстээ зориулан, сайн нойр авахад туслах аргуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Шөнийн цагаар ханын цагаа буулга

Унтаж чадахгүй үедээ хүмүүс хананд өлгөөтэй цаг руу байн байн харж, улам бүр бухимддаг. Харин ингэж бухимдаж, сандарч, одоо унтвал хэдхэн цаг унтах нь ээ, өглөө босч чадахгүй байхдаа, маргааш яаж ажилланаа гэхчлэн толгой дотроо түмэн бодол хурааж, стресстэх нь улам бүр нойрыг сэргээнэ. Тиймээс унтахдаа хананд байгаа цагаа авчихаж байгаарай. Цагийн зүү рүү ширтэхгүй, толгойдоо бодол хураахгүй хэдхэн минут болж чадвал та гүн нойронд автана.

Орны даавууг ойр ойрхон угаа

Угаасан, цэвэрхэн даавууны үнэр нь нойрыг өдөөдөг болохыг судалгаагаар баталсан байдаг. Долоо хоногт 1-2 удаа угааж, угаахдаа зөөлрүүлэгч ашиглаж байгаарай. Дэрний тухайд амархан хөлс, тосны үнэр шингэж бохирддог учраас илүү олон удаа угаах шаардлагатай.

Унтахынхаа өмнө хийдэг зүйлстэй бол

Хүүхэд байхад аав ээж үлгэр ярьж өгөөд унтуулдаг байсан. Яг үүнтэй ижил том болсон ч гэсэн унтахын өмнө хийдэг зуршилтай болох хэрэгтэй. Бүлээн сүү уух, халуун шүршүүрт орох, тайвшруулах дуу сонсох гэхчлэн юу ч байж болно. Гол нь та тэр зүйлийг хийсний дараа орондоо ороод унтдаг байх хэрэгтэй. Өдөр бүр давтсанаар таны бие болон тархи тус үйлдлийг унтах дохио болгон хүлээн авч, нойр хүргэж тайван унтуулна.

Унтлагын өрөөгөө тогтмол цэвэрлэх

Замбараагүй орчинд амьдардаг хүмүүс нойргүйдэлд өртөх магадлал өндөр байдаг. Тиймээс унтлагын өрөөгөө ямагт цэвэр цэмцгэр байлгах хэрэгтэй. Энэ нь таны нойронд тус болно.

Ямар байрлалаар унтдагаас хамаарч өөр өөр дэр сонгоно

  • Доошоо харж унтдаг бол зөөлөн эсвэл нимгэн дэр сонгох хэрэгтэй. Эсвэл хүзүүгээ өвтгөхгүйн тулд бүр дэр дэрлэхгүй байж ч болно.
  • Дээшээ харж унтах нь нуруу өвдөхөд хүргэдэг. Өвдөгнийхөө доор дэр эсвэл хуйлсан алчуур тавьснаар илүү тухтай, сайн унтаж чадах төдийгүй нуруугаа ч хамгаална.
  • Хажуу тийшээ харж унтдаг бол том дэр дэрлээрэй. Энэ нь нурууг зөв байрлалд оруулна.

Унтаж чадахгүй байвал хагас цаг хүлээгээд дахиад оролдоод үз

Хэрэв унтах оролдлого амжилтгүй болвол 30 минутын турш өөр зүйл хийж, өөрийгөө сатааруулах хэрэгтэй гэж Пенсильванийн их сургуулийн нойрны анагаах ухааны хөтөлбөрийн захирал Майкл Перлис хэлсэн байдаг.

Босоод ном унш, биеэ тайвшруулах зүйлс хий. Дараа нь харин эргээд орондоо ороорой.

Өдрийн цагаар бүү унт

Өдрийн цагаар аль болох унтахгүй байхыг хичээ. Үнэхээр нойр тань хүрээд байвал 5-10 минут унтахад л эрч хүчээр цэнэглэгдээд босч ирнэ. Харин хэтрүүлвэл оройдоо унтаж чадахгүй хөрвөөж хононо.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!