“Altjin Fashion Show”-нд оролцсон топ моделиудын гоёл
Монголын топ моделиуд, урдаа барьдаг загвар өмсөгчдийн оролцсон энэ жилийн хамгийн халуухан “Altjin Fashion Show” болж өндөрлөлөө.
Алтжин брэндийг үүсгэн байгуулагч акуа мисс Б.Уянга Монголд анх удаа усны фитнесийг дэлгэрүүлсэн бөгөөд “Altjin Fashion” түүний усны хувцасны брэнд юм. Уг шоунд Монголын урдаа барьдаг чадварлаг моделиудаас нэг нь ч дутахгүй оролцсон юм.
Тэдгээр бүсгүйчүүдийн дотроос топ модель О. Пүрэвдулам, топ модель Х. Бадамгэрэл нар эрхгүй ялгарч байлаа.
“Гоёл-2013” наадмын шилдэг загвар өмсөгч, топ модель О.Пүрэвдулам 14 наснаасаа загварын ертөнцөд хөл тавьж, “Asian model-2011” шагнал гардуулах ёслолоос “Asian star model”, мөн “Asian super model” тэмцээний “International Freindship Face model”, “Miss Mongolia-2005″ тэмцээний “Best model”, “Miss sharp-2007” тэмцээний шагналт байрт тус тус шалгарч байжээ. Мөн “Сat Walk” охидын хамтлагийн ахлагч байсан юм.
Түүнийг дотоод болон гадаадын тэмцээн уралдаанд улсаа төлөөлөн амжилттай оролцож, мөн хувцас загварын салбарт оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагнасан юм.
Тэрээр одоо ч загварын ертөнцдөө үнэнч байж, Шилмэл загварын ордонд тайзны алхааны багшаар ажиллаж буй.
2009 оны Монголын мисс, 2014 оны Гоёл наадмын топ модель Х.Бадамгэрэл загварын салбарт тун алдартай нэгэн. Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг тэрээр 2007 онд “Үнсгэлжин” тэмцээнд түрүүлэн загварын ертөнцөд хөл тавьснаас хойш олон улсын загварын шоу, фестивалиуд, миссийн тэмцээнүүдэд Монгол улсынхаа нэрийг гаргаж, амжилттай оролцож ирсэн юм.
Мөн тэрээр 8 жилийн өмнөөс өөрийн Андра загварын агентлагийг үүсгэн байгуулж, шилдэг залуу загвар өмсөгчдийг бэлдэж ирсэн бөгөөд энэ жил агентлагаа өргөжүүлэн Андра Академийг үүсгэн байгуулалцсан байна.
Топ модель Х.Бадамгэрэл харилцаа, гоо зүй, загвар, балет, сэтгэл зүйн чиглэлүүдээр орчин цагийн соёлтой мэдлэгтэй залуучууд, мэргэжилтнүүдийг бэлдэхийн зэрэгцээ “Монгол контент” ХХК-д урлаг, соёлын төслүүдийн менежерээр ажилладаг.