Яагаад орой бүр хүүхдэдээ ном уншиж өгөх хэрэгтэй вэ?

Та хүүхдээ унтахад нь үлгэр уншиж өгдөг үү? Зарим хүмүүс үүнийг кинон дээр гардаг барууны соёл төдий хэмээн үзэж, огт тоодоггүй. Гэсэн ч хүүхдийг бага насанд нь үлгэр уншиж өгч байх нь тун ч хэрэгтэй гэнэ. Таны хүүхдэд чухам ямар нөлөө үзүүлэх талаар танилцуулж байна.

Хүүхдийг тэвчээртэй болгоно

Хүүхдийг багаас нь тэвчээртэй, хүлээцтэй болгохын тулд үлгэр уншиж өгөх хэрэгтэй. Орой бүр ээж, аавыгаа хүлээж үлгэрээ уншуулаад хэвтэх хүүхэд хамгийн түрүүнд хүн сонсож чаддаг болдог. Цаашлаад хүлээцтэй, тэвчээртэй ухаалаг болж хүмүүжнэ. Эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн зөв хүн болгож хүмүүжүүлэхээ мэдэхгүй байдаг. Харин таны хүмүүжлийн гол нууц үлгэр уншиж өгөх байж болох юм.

Хүүхдийн үгсийн санг баяжуулна

Rhode Island эмнэлэгт хийсэн судалгаагаар аав ээж нь орой бүр үлгэр уншиж өгдөг хүүхдүүд бусад хүүхдүүдээс илүү үг ойлгох чадвартай болох нь батлагдсан. Үр дүнгээс харахад хүүхдүүдийн үгийн сан 40%-иар өссөн байжээ.

Хүүхдийн төсөөллийг сайжруулна

Унших нь бидний төсөөллийг өргөжүүлдэг тул сонсож байгаа хүүхдийн ч төсөөллийг сайжруулдаг байна. Хүүхэд сонсож буй үлгэр, ном, зохиолын баатраа толгойдоо дүрсэлж төсөөлөн хардаг. Тархины ийм тогтмол дасгал нь хүүхдийн төсөөлөх чадварыг сайжруулж, илүү бүтээлч, нээлттэй сэтгэлгээтэй болгоно.

Бусдыг өрөвдөж хайрлах сэтгэлтэй болгоно

Төрөл бүрийн үлгэр зохиол уншиж өгснөөр амьдралын маш чухал чадварыг хүүхдэд багаас нь суулгадаг. Хүүхдүүд гол дүрийн баатруудыг өрөвдөж хайрлаж, зөв зүйлсийг үнэлж, буруу зүйлийг буруутгаж мэддэг болно. Мөн үлгэрээ уншиж дууссаны дараа хүүхдээсээ юу ойлгосонг асууж, аль нь зөв буруу болохыг ярилцах хэрэгтэй.

Хүүхдийн бусадтай харилцан ярих чадвар сайжирна

Хүүхдэд ном уншиж өгөх нь тэдний бусадтай харилцах чадварыг сайжруулдаг. Үлгэр уншиж өгч байхад хүүхэд тань олон зүйл асууж тасалдуулаад байвал битгий уурлаарай. Энэ нь харин ч сайн хэрэг. Тэдний асуултад хариулж, дүрүүдийн талаар тайлбарлаж, илүү сайн ойлгоход туслаарай.

Анхаарал хандуулахад сургадаг.

Хүүхдүүд, ялангуяа бага насны хүүхдүүдийн анхаарал маш амархан сарнидаг тул тэдэнд ном уншиж өгөх нь анхаарлаа төвлөрүүлэх чадварыг эзэмшүүлнэ. Тэд үлгэрээ ойлгох, дараа нь юу болохыг мэдэхийн тулд хүлээцтэй сууж сурдаг бөгөөд ингэснээр анхаарал нь төвлөрнө. Энэ чадвар нь ирээдүйд хүүхдэд маш их хэрэг болно.

Хүүхдийг номонд дуртай болгоно

Хүүхдээ багаас нь ном уншиж өгснөөр хүүхдийг номонд дурлуулж, унших дуртай болгоно. Харин уншиж сурсан хүүхэд хичээлдээ сайн, ухаалаг, төлөвшсөн нэгэн болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!