20 метр квадрат талбайд 5 давхар байшин барьж тохилог амьдрах болсон Солонгос гэр бүл

Насаараа түрээсийн байранд амьдрахгүйн тулд хүмүүс бүхий л боломжит арга замыг эрэлхийлж, өөрийн гэсэн байртай болохыг хүсдэг. Орчин үед орон сууцны асуудал дэлхий даяар тархсан ч дансандаа ахиухан мөнгөгүй л бол энэ асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн төвөгтэй болсон цаг үе билээ. Тэгвэл Солонгосын архитектор 20 м.кв газар 5 давхар орон сууцыг сүндэрлүүлсэн байна.

Эгэл жирийн залуу хосын хувьд хотын төвд хувийн орон сууцтай болно гэдэг бараг л бүтэшгүй зүйл. Хүн ам ихтэй Солонгос улсад орон сууцны үнэ бүү хэл, газрын үнэ ч тэнгэрт хадсан байдаг тул иргэд шинэлэг зүйлийг хайх хэрэгтэй болдог байна. Харин дараах хос ийнхүү шийдэл олжээ.

Залуу хос хүрээлэн буй орчин сайтай хэсэгт 20 м.кв газар худалдаж авахаар шийджээ . Сөүл хотын энэ бүсэд дэд бүтэц, зам тээврийн төлөвлөлт сайн учир давуу тал болсон байна. Үүнээс гадна залуу нь архитектор учир мэргэжлийн хүний нүдээр энэ газарт гайхалтай барилга барих боломжийг олж харсан гэнэ.

Ингээд тухайн газрыг худалдаж авсны дараа бүтээлч залуус өөрийн “Seroro House” төслийг хэрэгжүүлэх ажилдаа ханцуй шамлан оржээ.

Таван давхар байшингийн нэг давхарт автомашины зогсоол байрлах бөгөөд бусад 4 давхар нь “Лего” маягаар боссон амины сууц юм.

Барилгын талбай жижиг учир нэг давхарт 16 кв.м л оногдсон байна. Гэсэн ч хосууд ингээд өөрсдийн гэртэй болсондоо тун баяртай байгаа гэнэ. Тэд хамтдаа ярилцаж, байрныхаа зураг төсөл, хэв маягийг гаргажээ.

Ингээд гуравдугаар давхарт нь гал тогоо, 4-р давхарт нь унтлагын өрөө, 5-р давхарт нь ариун цэврийн өрөө, угаалгын өрөө, хувцасны өрөө хамтдаа байрлаж байгаа гэнэ.

Хосууд удаан хугацааны турш тав тухтай угаалгын өрөөтэй болохыг хүсэж байсан учир өөрийн гэсэн тохилог угаалгын өрөөг бүтээж чаджээ. Угаалгын өрөөнд цонх шийдэж өгсөн учир усанд оронгоо байгалийн гоо үзэсгэлэнг мэдрэх боломжтой. Үүнээс гадна 5–р давхарт жижиг тагт байрлах ажээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!