Эхнэр эсвэл нөхөр тань дунд насны хямралд өртөөд буйг илтгэх шинж тэмдгүүд: Түүнийг хямралаас гарахад хэрхэн туслах вэ?

Хүмүүсийн бараг 25% нь нас ахиж байгаагаа мэдрэх, амжилтанд хүрч чадаагүйдээ гутрах, өнгөрсөн хийсэн сонголтондоо харамсах гэхчлэн сэтгэл зүйн асуудлаас үүдэлтэй дунд насны хямралыг туулдаг. Хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрч амьдралаа үргэлжлүүлэх эсвэл хүлээлтээ бодит байдалд нийцүүлэхийн тулд зарим алхам хийх хэрэгтэй аж. Харин таны эхнэр эсвэл нөхөр энэ хямралыг яг одоо мэдэрч суугаа бол та яаж түүнд туслаж болох талаар зөвлөгөөг хүргэж байна. Эхлээд дунд насны хямралын шинж тэмдгүүдтэй танилцацгаая.

Аз жаргал, амьдралын сэтгэл ханамж буурах

Хүмүүс амьдралаа догдлол, эрч хүчээр дүүрэн эхэлдэг бол дунд насанд тэдний амьдралдаа сэтгэл ханамжтай байдал нь доод цэгтээ хүрдэг. Өөрийгөө өрөвдөж, өөртөө гутарч, өөрийгөө арчаагүй азгүй мэтээр мэдэрнэ.

Зан төлөвийн өөрчлөлт

Сэтгэцийн хямралын хувьд хүмүүсийн зуршилд өөрчлөлт орох нь ердийн зүйл юм. Нойронд өөрчлөлт орж, хооллох дуршил өөрчлөгдөж, хийдэггүй зүйлээ хийж эхэлнэ. Заримдаа эдгээр өөрчлөлтүүд илүү огцом бөгөөд илэрхий байдаг, жишээлбэл, эрчүүд энэ хямралын үед өөрт  хэрэгцээгүй үнэтэй зүйлс худалдаж авах, үнэтэй машинд шунадаг.

Хоосон мэдрэмж

Тэдний амьдрал ямар ч сэтгэл хөдлөл, аз жаргал байхгүй, хоосон болсон мэт санагдана. Яг л өнөөдрийг хүртэл юуны төлөө амьдарч ирснээ ойлгохоо байж, хэтэрхий уйтгартай амьдарч байгаадаа гутрах аж. Амьдралаа сонирхолтой болгохын тулд галзуу зүйл хийж, яг л маргааш үхэх мэт амьдрахыг хүснэ. Зарим хүмүүсийн хувьд үүний уршгаар буруу зам руу орох бол, зарим нь зөв талаар ашиглаж мөрөөдлөө биелүүлэх нь бий.

Урт хугацаанд итгэж ирсэн зүйлдээ эргэлзэх

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь амьдралынхаа сонголтыг дахин эргэж харах хандлагатай байдаг. Өнөөг хүртэл жаргалтай амьдарч ирсэн ч огцом эргэлт, гэнэтийн шийдвэр гаргаж болно. Хэрэв таны хайртай хүн амьдралынхаа үнэ цэнийг өөрчилж эхэлбэл тэвчээртэй байгаарай. Энэ нь зүгээр л нэг үе шат байж магадгүй, эсвэл энэ хямралын тусламжтайгаар тэд өөрсдийгөө илүү сайн ойлгож, илүү ухамсартай болж ч болох юм.

Өнгөрснөө санагалзах

Дунд насны хямралын үед хүмүүс өнгөрснөө дурсаж, тэр үед илүү эрх чөлөөтэй, илүү эрч хүчтэй, илүү олон найз нөхөдтэй сайхан байж дээ гэх бодолд автдаг. Юм л бол өнгөрсөн цаг хугацаа руу буцахыг хүсч, өөрийн гаргасан шийдвэртэй харамсана.

Өөрийгөө бусадтай байнга харьцуулах

Хүмүүс өөрсдийнхөө амьдралыг бусад хүмүүсийнхтэй харьцуулж эхэлдэг бөгөөд ихэвчлэн бусдаас дор амьдарч байгаагаар өөрийгөө мэдэрдэг. Гэнэт тэдний эргэн тойронд байгаа бүх хүмүүс илүү аз жаргалтай, баян чинээлэг, илүү сайн ажил мэргэжилтэй байгаа мэт санагдана.

Дунд насны хямралд өртсөн нөхөр/эхнэртээ хэрхэн туслах вэ?

Энэ хямрал нь сэтгэлийн хямралаас ялгаатай, цаг хугацаа өнгөрөх хэрээр хэвийн болдог учраас тэвчээртэй байгаарай. Тэдэнд туслаж болох хэд хэдэн арга бий.

  • Хайртай хүнээ шүүмжлэлгүйгээр сонсож, тухтай яриа өрнүүлээрэй.
  • Тэдэнд өөрийгөө илүү сайн ойлгох, мэдрэх цаг хугацаа бас орон зайг өг.
  • Өөрийгөө хөгжүүлж, хийх дуртай зүйлсээ хий. Нөхөр/эхнэр тань хямралыг даван туулах үедээ сэтгэлээр унаж, танд бухимдлаа гаргаж, таныг ч бас стресстүүлж магадгүй учраас өөрийгөө тайвшруулах зүйлсийг хийж, эрүүл саруул ухаанаар хандаарай.
  • Хямралд ороод буй хайртайгаа хамт сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэ нь хямралыг амар хялбар туулж, илүү жаргалтай, өөртөө сэтгэл хангалуун нэгэн болоход туслана.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!