Эрчүүдийн сэтгэл яагаад хөрдөг вэ?

Хайр сэтгэлийн харилцаа маш хэврэг тул харилцаагаа хадгалж үлдэхийг хүсэж байвал зөнд нь орхиж болохгүй.

Харилцаа нь тогтвортой болсон үед хүмүүс ихэвчлэн тайвширч, хайртай хүндээ анхаарал халамж тавихаа больчихдог. Нөгөө хүнээ байх ёстой мэтээр хүлээн авч, хаашаа ч явахгүй хажууд нь байж л байна гэсэн байдлаар хандаж эхэлбэл харилцаагаа эрсдэлд оруулж буй хэрэг юм.

Мэдээж үүнийг бүгдэд нь хамааруулж болохгүй л дээ. Сэтгэл хөрч, хайргүй болно гэдэг нэг өдрийн дотор болчихдог зүйл биш. Энэ бол удаан хугацааны үйл явц.

Эрэгтэйчүүд эмэгтэйдээ яг юу таалагдахгүй байна, болохгүй байна гэдгээ шууд хэлдэг. Гэхдээ эмэгтэйчүүд тэр үгэнд нь итгэдэггүй. Өөрсдийг нь удирдаж, хүслээ гүйцээх гэлээ гэж боддог гэнэ. Хайртай эрэгтэйгийнх нь сонирхол буурч, хаяж явах дээрээ тулсан үед л эмэгтэйчүүд асуудал байсныг ухаардаг.

Үнэндээ эрэгтэйчүүд бол энгийн хүмүүс. Эмэгтэйчүүд хамаагүй хэцүү, төвөгтэй. Эмэгтэй, эрэгтэй хүмүүс хоорондоо маш их ялгаатай. Гэхдээ энэ нь тийм ч муу биш юм. Харин эсрэгээрээ. Эмэгтэй хүний тархи үйл хөдлөлийн цаад утгыг тайлж, бүх зүйлд дүн шинжилгээ хийхээр программчлагдсан байдаг гэнэ.

Эрэгтэй эмэгтэй хүний хооронд үүсдэг гол асуудал бол бие биетэйгээ хэрхэн харилцан үйлчлэх вэ гэдгийг мэддэггүй. Эрэгтэй хүмүүс илүү дотогшоогоо байдаг учир эмэгтэйчүүдэд тааварлашгүй, хэцүү санагдаж байдаг. Гэвч тэдний юу хүсэж байгааг ойлгох төдийд л бүх зүйл маш хялбар байсныг мэдрэх болно.

Ингээд хайртай эрэгтэйн тань сэтгэл хөрөх шалтгаанууд:

Хэтэрхий их зууралддаг

Ийм эмэгтэй хайртай хүнтэйгээ үргэлж хамт байхыг хүсдэг. Хажууд нь байхгүй үед байнга л түүн рүү мессеж илгээж, залгаж байдаг. Түүнтэй хамт байхын тулд өөрийн бүх төлөвлөгөөг цуцалж, хариуд нь түүнээс ижил үйлдэл хийхийг хүсэн хүлээдэг. Үүн дээр нэмээд тэвчээргүй зантай.

Энэ бүгд эрэгтэй хүний бухимдлыг төрүүлдэг бөгөөд хайртай эмэгтэй нь өөртөө итгэлгүй байгааг харуулж байдаг. Ийм эмэгтэйн амьдралын утга учир бол нөхөр нь. Харин нөхөрт нь энэ бүгд огт таалагддаггүй. Эмэгтэйчүүдэд маш романтик санагдаж болох ч эрэгтэй хүн ийм зүйлд тун дургүй. Хувийн орон зай гэж байх ёстой. Хүн бүр өөр өөрсдийн амьдралаар амьдарч, өөрийн гэсэн төлөвлөгөө, хувийн орон зай, ажил, амьдралтай байх ёстой.

Жүжиг тавьдаг

Эрэгтэйчүүд хамт байхад хөгжилтэй байдаг, аз жаргалыг мэдрүүлж чаддаг эмэгтэйг сонгодог. Хэрэв чи ургуулан бодох, сүр бадруулах хандлагатай хүн бол энэ зангаа хурдан хаях хэрэгтэй. Жүжиг тавихаа болиоч ээ гэсэн гуйлтыг нь хайхрахгүй орхивол харилцаагаа эрсдэлд оруулж буй хэрэг юм.

Биеэ дээрх байдлаар авч явдаг эмэгтэй хүмүүс эрчүүдэд шууд сөрөг бодол төрүүлдэг гэнэ. Сэтгэл хөдлөл ихтэй байхад буруу зүйл байхгүй ч бүх зүйлийг эерэг талаас нь харахыг хичээгээрэй. Эмэгтэй хүмүүсийг сэтгэл хөдлөлдөө хэт автсан үед эрэгтэйчүүд яах учраа олдоггүй. Хэн нэгэнтэй харилцаа үүсгэнэ гэдэг нь эрэгтэй хүмүүсийн хувьд өөртөө том үүрэг хариуцлага авсантай адил. Харин түүн дээр нь нэмээд эмэгтэй нь жүжиг тавьж эхэлбэл улам дарамттай санагддаг аж.

Дутуу үнэлдэг

Эрэгтэй хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж их хэврэг эд гэнэ. Тэд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй ч тоогдохгүй байх вий гэхээс эмээдэг тул хайр сэтгэлээ илчилж зүрхэлдэггүй. Эрэгтэй хүн бүр заавал тодорхой хэмжээний мөнгөтэй, ажилтай, амжилттай, гэр бүлээ тэжээдэг байх ёстой гэдэг нийгмийн тогтсон үзэл, хандлага эрчүүдийг дарамтад оруулж байдаг байна.

Хэтэрхий их үүрэг хариуцлага. Гаргаж буй их хичээл зүтгэлийг нь хэн ч үнэлэхгүй байна, шагнаж урамшуулахгүй байна гэдгийг мэдэрсэн үед тэд гутарч эхэлнэ. Эмэгтэйчүүдийн гаргадаг хамгийн том алдаа бол бүх юманд эрэгтэй хүнийг буруутгах явдаг. Нөхрийнхөө гаргаж буй багахан зүтгэлийг ч эмэгтэйчүүд үнэлж, энэ тухай өөрт нь байнга хэлж байх хэрэгтэй. Өөрийгөө бүрэн үнэлэгддэг гэдгээ мэддэг эрэгтэй хүн улам их хичээж, илүү их зүтгэл гаргадаг байна.

Хэрэгцээг нь мартдаг

Эрэгтэйчүүд хайрыг мэдрэх дуртай хүмүүс. Тэдний сэтгэлийг бид ихэвчлэн дутуу үнэлчих гээд байдаг. Эрчүүд бие барихдаа сайн ч яг эмэгтэй хүмүүсийн л адил хайр сэтгэлийг мэдэрч чаддаг юм. Тэдний хувьд хамгийн чухал нь бэлгийн дур хүслээ хангах мөн хайртай хүнийх нь хүндлэл бас дэмжлэг байдаг.

Эрэгтэй хүнийг хүлдэг

Үүнээс болж ихэнх эрэгтэйчүүд гэрлэлтээс эмээдэг. Гэр бүл зохиосны дараа найзуудтайгаа уулзаж чадахгүй, хөл бөмбөг үзэж, шар айраг ууж чадахгүй болно гэж боддог. Эрэгтэй хүн хувийн орон зайгаа алдвал түүнийг өөрийг нь алдсанаас ялгаагүй.

Хамгийн чухал нь эрэгтэйнхээ хэлж ярьж буйг анхааралтай сонсох. Тэд маш энгийн хүмүүс. Ямар нэгэн юм таалагдахгүй байна гэвэл хэлсэн үг бүрт нь дүн шинжилгээ хийж, цаад утга санааг хайх хэрэггүй. Зүгээр л таалагдахгүй байна л гэсэн үг. Таны хийх ёстой юм бол – таалагдахгүй байгаа юмыг нь өөрчлөх. Эрчүүд шулуун шударга хүмүүс. Эмэгтэйчүүдээс ялгаатай нь тэд оньсого, сэжүүрээр ярьдаггүй. Тэдний хэрэгцээг нь хүндэл.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!