Амттай хөвсгөр донат хийж, өдрийн цайндаа идээрэй! Хүүхдэдээ сургуульд нь өгч явуулж ч болно

Өдрийн цайны цагаараа амттай донат идэх ч сайхан шүү. Гэхдээ та үүнийг заавал дэлгүүр, кафегаас худалдан авах шаардлагагүй. Ердөө л гэртээ бэлтгээд ажил, хичээлдээ авч явж байгаарай. Мөн хүүхдэдээ хичээлдээ явахад нь өгч явуулж ч болох юм. Ингээд хамтдаа хамгийн амттай хөвсгөр зөөлөн донат хийх аргыг сурч авцгаая.

Орц:

  • Гурил – 700 гр
  • Сүү – 500 мл
  • Элсэн чихэр – 3 жижиг халбага
  • Давс – тал жижиг халбага
  • Масло – 80 гр
  • Хөөлгөгч – 10 гр
  • Сахарын пүдр

Хийх арга:

Сүүгээ бүлээсгэж, дотор нь хөөлгөгчөө хийж хутгаарай. Дээр нь 1 халбага элсэн чихэр болон давсаа хийж уусгана. Одоо гурилаа шигшэж бэлтгэнэ. Гуриландаа үлдсэн элсэн чихэр болон хайлуулсан маслоо хийж, сүүгээ нэмээд зуураарай. Хэрэв зуурсан гурил тань гарт наалдаад байвал гартаа тос түрхэж салгаж болох юм. Ингээд гурилаа таглаж 40 минут амраана. Тэр хооронд гурил хангалттай хөөсөн байх болно. Одоо харин гурилаа авч тавиад элдэнэ.

Одоо гурилаа зурагт үзүүлсэнтэй ижил жижиг жижиг хэсэгт хуваана. Дээр нь даавуу тавьж 10 минут ахин амраах хэрэгтэй.

Үүнийгээ халаасан тосонд хийж шарна. Хоёр талаар нь эргүүлж шараад, шаргал болмогц нь гаргаарай. Гаргасан даруйдаа цаасан салфетканд боож тосыг нь авна. Ингээд дээр нь сахарын пүдр цацаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!