Зочдод гэрийн эзэгтэйг ажилгүй, гэрийн эзнийг арчаагүй гэж ойлгуулах зарим жижиг зүйлс

Хүн бүр өөрийнхөө чадах хэрээр гэрээ цэвэр цэмцгэр байлгах гэж хичээдэг нь гарцаагүй. Гэхдээ заримдаа бидний хувьд цэвэрхэн болчихлоо гэж бодсон гэр маань бусдын нүдэнд тоосонд дарагдсан тухгүй сууц шиг харагдах нь бий. Тэгвэл гэрт ирсэн зочдын анхаарлыг хамгийн ихээр татаж, гэрийг замбараагүй харагдуулдаг зарим зүйлсийг танилцуулж байна.

Гүйцэт арчиж цэвэрлээгүй толь

Айлд орж ирсэн хүн бүр гарцаагүй толинд нь нэг удаа өөрийгөө хардаг. Харин тэр толь нь халтар, толботой, тэр бүү хэл дутуу арчсан нь илт мэдэгдэхүйц байвал тухайн айлын гэрийн эзэгтэй шууд л 0 оноо авна. Тиймээс гэртээ зочид урьсан бол ядаж л толио цэвэрхэн болтол нь арчиж байгаарай.

Угаалтуурын цорго дээрх толбо

Үүнийг ямагт хянаж цэвэрхэн байлгана гэдэг амаргүй. Ялангуяа олон гишүүнтэй гэр бүлийн тухайд нэг хүн гараа угаахад л угаалтуурын цорго бохирдож үлдсэн байдаг. Тиймээс гэртээ дүрэм гаргаж, хүн бүрийг дайчилж, гар нүүрээ угаах бүртээ цоргыг арчиж цэвэрлэж байхыг сануулах нь тус асуудлыг шийдэж болох цор ганц арга зам юм. Жижиг зүйлээс ч ихийг мэдэж болох учраас бохир, толботой цорго танайд ирсэн зочдод таагүй мэдрэмж төрүүлнэ.

Хатсан цэцэг

Хүмүүс тарьмал цэцэг худалдан авч, гэртээ өнгө төрх нэмэхийг хүсдэг. Эхний хэд хоног бүх зүйл сайхан байх ч, нэг сар болоод ирэхэд л цэцэг ургамал өнгө зүсээ алдаж, хатаж гундаж эхэлнэ. Энэ бол тухайн гэр бүлийн гишүүд бүгд анзааргагүй, ажилгүй муухайгаар хэлэхэд арчаагүй гэдгийн баталгаа болно. Тохируулж услаад байж чадахгүй үхүүлчихээд гаргаж хаясан юмгүй тавцан дээрээ хатааж орхино гэдэг хамгийн муухай.

Бохир, хиртэй уртасгагч

Цэвэрлэгээ хийж байхдаа хүмүүс уртасгагчаа арчихаа дандаа мартчихдаг. Ингэж явсаар өнөөх уртасгагч нь арчаад ч арилахааргүй толботой, зузаан тогтсон хиртэй болчихдог байна. Тиймээс одооноос үргэлж санаж, цэвэрлэгээ хийх бүртээ зорьж байгаад уртасгагчаа арчиарай.

Энд тэндгүй тарсан гоо сайхны хэрэгслүүд

Угаалгын өрөөгөөр дүүрэн тарааж орхисон нүүр будгийн хэрэгсэл, гоо сайхны бүтээгдэхүүн нь харсан хэн бүхэнд таагүй, замбараагүй санагдана. Ядаж л эдгээрийгээ тогтсон газар тавьж, сагсанд хийж байгаарай.

Эмх замбараагүй сойтог

Ариун цэврийн өрөө тэр дундаа суултуур орчим ямагт цэвэрхэн байх ёстой. Гэтэл бид заримдаа суултуурын сойзоо ашиглачихаад ахин дахин угааж цэвэрлэлгүй цааш тавьчихдаг талтай. Харин тэр чинь л хамаг том асуудлын үндэс суурь болох аж. Долоо хоног бүр суултуурын сойзоо угаалгын нунтаг, ариутгагч бодистой халуун усанд хийж угааж цэвэрлэх хэрэгтэй. Мөн ашигласны дараа заавал усаар зайлж цэвэрлэх ёстойг санаарай. Ингэж байж л таны угаалгын өрөө ямагт цэвэрхэн байх нөхцөл бүрдэх юм.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!