”The Voice Of Mongolia” шоуны оролцогч Алтаннамарт аймшигтай зүйл тохиолджээ

“The Voice Of Mongolia” шоуны шилдэг оролцогчдын нэг бол яахын аргагүй Алтаннамар. Хоёрдугаар шатнаас харамсалтайгаар хасагдсан тэрээр дээрэмчдийн халдлагад өртжээ.

Тэрээр оройн цагаар хувийн такси сууснаас үүдэн тус үйл явдал болсон бөгөөд дөрвөн этгээд түүнд хутга тулган дээрэмждээ. Тэрээр энэ тухай олон нийтэд сэрэмжлүүлэн:

“Сэрэмжлүүлэг! Шөнө орой таксинд суухдаа дугаарыг нь заавал харж, эсвэл хэн нэгэнд хэлж сууж байгаарай! Өчигдөр шөнө их айхтар зүйлтэй учирлаа. Модны 2-ын Grand Hill зочид буудлын урд замаас урдаа нэг хүнтэй хувийн таксинд суулаа. Би ч гэсэн оюутан байхдаа таксинд явж байхдаа нэг найзаа хань татаж явдаг л байсан юм. Юм бодолгүй утсаар ярингаа хаашаа явахаа хэлээд ороод суучихлаа.

Тэгээд утсаар яриад явж байтал гэнэт машин нь зогсоод хоёр талын арын хаалгаар 20+ насны 2 залуу орж ирээд хутга тулгаад дуугуй явахгүй бол ална шүү гэж байна. Тэгээд Дэнжийн 1000-ын уулын амруу хар ирчээрээ явлаа. Явах зуур нэг этгээд нь миний кармаг ухаад надад байсан бүх юмыг минь гаргаад ирлээ.

Утасныхаа локыг тайл гээд тайлуулчихлаа. Жолооны үнэмлэхийг минь буцааж өгж байна. Тэнэг болтол нь зодоод үлдээнэ гэж ярьцгааж байна. Камергүй газраар яваарай! гэж жолоо барьж байгаа нэгнээ шамдуулж байна. Өдөр болгон шахуу хүн аваачиж дээрэмддэг мэргэшсэн дээрэмчид байна.

Би -маргааш тоглолттой, тайзны хүн, толгой түрүү нүүрэнд минь битгий цохиорой, авч болох юмнуудыг минь аваад яв гээд үнэн учраа хэллээ. Нийт 1,5 сая орчим төгрөгний савхи, утас, бэлэн мөнгө гээд өөрт байсан бүх юмаа л өглөө. Уулан дээр очсоны дараа машины дугаараа харуулахгүй гээд шуудайгаар дугааруудаа далдалчихлаа.

Үнэхээр багын тоглолт сайтай хамт олон байна лээ. Намайг цохиж нүдсэнгүй. Нэг тамхи асааж үлдээгээд давхиад алга болсон. Араас нь зам уруудаад алхаж байхдаа миний оронд эмэгтэй хүн байсан бол яанаа л гэж бодлоо. Өөр хүн тэдний хохирогч битгий болоосой!

Хувийн таксинуудыг хориглож, такси компаниуд нь л ажлаа сайн хиймээр юм байна. Энэ үйл явдал 10-20 минут орчим л үргэлжилсэн байх” хэмээсэн байна. Хэрэгтэнгүүд түүнд 10 мянган төгрөг үлдээн такси бариарай хэмээсэн байх бөгөөд номероо халхалсан учир сэжигтнүүдийг барихад хүндрэлтэй байгааг цагдаагийн байгууллага мэдэгдсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!