“Киви” хамтлагийн гишүүдийн эрс өөрчлөлт

Анх 2004 онд гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондогийн “Nature sound” дуулаачийн төвийн гурав дахь төгсөлтөд “Хонгор минь” дуугаа УДЭТ-ын тайзнаа дуулж, “Киви” хамтлаг байгуулагдсанаа зарлаж байсан түүхтэй. Ийнхүү ая зохиогч Б.Ангирмаагийн удирдлага дор хамтлагийн ахлагч Д.Уламбаяр, Ц.Намуун, Э.Энхзол нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ эхэлж байсан юм.

Гарч ирсэн цагаасаа өвөрмөц дүр төрхтэй гишүүдийн бүрэлдэхүүн олны анхаарлыг татаж байсан бөгөөд хүмүүс хамтлагийн охидыг бүр цагаан, шар, хар арьстан хэмээн хэлээд заншчихсан. Тиймдээ ч өвөрмөц стильтэй, “өнгө, өнгийн” бүсгүйчүүд хэмээн хэлэгддэг.

Гэвч хамтлагийн гуравдагч гишүүд байнга солигдсоор иржээ. Байгуулагдаад нэг их удаагүй байтал Э.Энхзол Бээжин рүү суралцахаар одсоноор “Киви” хамтлагаас гарсан байна.

Б.Халиуны хувьд тус хамтлагийн дөрөв дэхь гишүүн юм. Хамтлаг ид мандаж явах үед залуу дуучин О.Анхаатай хайр сэтгэлийн холбоо үүсгэж, хамтлагаасаа гарсан байна.

Үүний дараа “Киви”-гийн ази төрхийг тодорхойлох гишүүн Соко буюу Б.Солонго ирсэн байна. Хамтлагийн гишүүн Ц.Намуунаа арван жилд нэг ангид сурдаг байсан Б.Солонгыг продюсер Б.Ангирмаад санал болгосны дагуу царай зүс, бие хаа болон хэнээс ч дутахааргүй сайн бүжиглэчихдэг байсан зэрэг нь Б.Солонгыг “Киви”-гийн шинэ гишүүн болгожээ.

Гэвч Б.Солонго хайр сэтгэлтэйгээ учирч, хүүхэдтэй болсноор өмнөх гишүүн Б.Халиуны нэгэн адил хамтлагаасаа явсан гэдэг. Тэрээр “Анод” банкны ТУЗ-ын гишүүн асан Н.Даваагийн том хүүтэй гэр бүл болсон байна.

Ингээд үүний дараагаар “Киви” хамтлагийн хамгийн удаан хамтран ажилласан 3 гишүүн болох Д.Уламбаяр, Ц.Намуунаа, П.Алтанцэцэг нарын үе эхэлжээ.

Хамтлагийн ахлагч дуучин Ука буюу Д.Уламбаяр

Продюсер Б.Ангирмаа Д.Уламбаяр хэмээх эвсэлтэй бүжиглэдэг дэгжин шар охиныг харснаар “Киви” хамтлагийг байгуулах санаа төрсөн гэдэг.

Тэрээр 1979 онд төрсөн бөгөөд эцэг эхээс зургуулаа. Ука СУИС-д сурч, жүжигчин болохыг хүсдэг байсан ч ээж аавынхаа зөвлөгөөг дагаж гадаад хэлний “Орхон” дээд сургуулийн хэлмэрч, нарийн бичгийн даргын ангид орсон ч, сурсангүй. Тэгээд хэнд ч хэлэлгүйгээр СУИС-ийн жүжигчний ангид элсэлтийн шалгалт өгсөн боловч хоёр дахь шатны шалгалтандаа тэнцэлгүй уначихсан гэдэг. Үүний дараагаар тэрээр дуучин болохоор эрс шийдсэн байна.

Өдгөө Монголын рок попын нэгэн тод өнгө, “The Voice of Mongolia” шоуны шүүгч, дуурийн дуучин, ажил амьдралаа гарамгай хослуулагч бүсгүй болон гялалзаж байна.

Хамтлагийн гишүүн Ц.Намуунаа

Укагаас дутахааргүй хамтлагийн гол имижийг бүрдүүлэгч хольж, сольж боломгүй гишүүн бол Ц.Намуунаа. Түүнийг СГЗ Ухнаагийн ач охин гэдгийг хүмүүс мэддэг.

Тэгсэн ч түүнийг Африк гаралтай хэмээн сенсааци тарьж, анх олны танил болж байв. Үнэндээ түүний ээж нь Монгол, аав нь Габон хүн байдаг.

Тэрээр таван настайдаа “Бяцхан эстрадын дуучин” тэмцээний хүрэл медаль, Испанид болсон өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээний дэд байр, Парист болсон олон улсын хүүхдийн төгөлдөр хуурын тэмцээнээс Гранпри шагнал хүртэж байснаар багаасаа урлагийн хүн болох авъяас нь тодорсон гэдэг. Хамтлагт орж, дуучин болохоосоо өмнө загвар өмсдөг байжээ.

Хамтлагийн гишүүн Агий буюу П.Алтанцэцэг

П.Алтанцэцэг буюу Агий хамтлагийн хамгийн залуухан, даруухан төрхтэй гишүүн. “Киви” хамтлагаас гурван ч гишүүн солигдоод гарчихсан учир хүмүүс түүнийг “хамтлагийн нөхөөс”, царайнаас цаашгүй, дуу дуулж гавьдаггүй нэгэн хэмээдэг байв. Гэвч тэрбээр бусад гишүүд шиг хамтлагаа тийм ч амар орхилгүй, тууштай байж, хүмүүсийг ташаа ойлголтоос нь гаргаж чадсан юм.

Агий “Гэгээрэл” 10 дугаар сургуулийг төгссөн. Банкны эдийн засагч мэргэжилтэй. Ахтай, айлын ганц охин болохоор эрх танхи гэгддэг. Ц.Намуунтай “Монгол модель” агентлагийн загварын дугуйланд хамт явдаг байсан бөгөөд продюсер Б.Ангирмаад дуулж, бүжиглэж шалгуулснаар Киви хамтлагт орсон байна.

Киви хамтлагийн үе үеийн гишүүд продюсер Б.Ангирмаагийн хамт

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!