Бидний урт хугацаагаар хэрэглэдэг эд зүйлсийн хадгалах хугацаа ямар байдаг вэ?: Хүмүүс өөрсдөө ч мэдэхгүй хугацаа нь дууссан зүйлс хэрэглэж байдаг

Бид өдөр тутамдаа талх, сүү, лаазалсан бүтээгдэхүүн зэргийн дуусах хугацааг нь шалгаж, хэрэв дөхсөн байвал дор нь хэрэглээд дуусгачихдаг шүү дээ. Гэхдээ гоо сайхны бүтээгдэхүүн, гэр ахуйн хэрэгсэл гэх мэт хадгалах хугацаа урттай зүйлсийг төдийлөн шалгаад байдаггүй. Тиймээс дуусах хугацааг нь хараад үзэхэд гэмгүй хэдэн зүйлсийг танд танилцуулж байна.

Нарны тос

Нарны тос хадгалах хугацаа ойролцоогоор 3 жил байдаг. Гэхдээ зөвхөн энэ хугацаанд найдахгүйгээр, тосны хэвийн байдлыг шалгаж, ус тогтоогүй үнэр нь өөрчлөгдөөгүй эсэхийг нягталж үзэх хэрэгтэй. Хэрэв аль хэдийн тосонд ямар нэгэн өөрчлөлт орсон бол нарнаас хамгаалахаа больсон гэсэн үг.

Үсний тос

Үсний тосыг дунджаар 2 жил хадгалдаг ч төрөл төрлөөсөө хамааран өөр байна. Жишээ нь, бүйлсний найрлагатай тосыг нээснээс хойш 6 сар л хадгалах зориулалттай бол авокадотойг 18 сар хүртэл ашиглаж болдог байна. Харин хугацаа нь дууссан тосыг үс хуйхандаа түрхвэл хэсэг хугацааны дараа үс унах, шингэрэх сөрөг нөлөөтэй аж.

Шүдний сойз

Ихэнх хүмүүс шүдний сойзыг 3-4 сар тутамд солих шаардлагатайг мэддэг. Гэвч шүдний эмч нарын зүгээс сойз элэгдэлд орсон, эсвэл шүд өвчилсөн цагаас сойзоо нэн даруй солихыг зөвлөдөг байна.

Гүйлтийн пүүз

Энэ төрлийн пүүз ойролцоогоор 640 км гүйхэд зориулагдсан байдаг. Мэдээж пүүзний эдэлгээ, гүйх хурд болон зайнаас хамаарч уг тоо өөрчлөгдөж болно. Харин гүйхэд хөлийн нуманд эвгүй мэдрэгдэж, үе мөчөөр өвдөж байвал пүүзээ солих цаг ирснийг илтгэх аж.

Сормуусны будаг

Мэргэжилтнүүд сормуусны будгийг нээснээс хойш 3 сараас ихгүй хугацаанд хэрэглэхийг зөвлөдөг. Мөн сормуусаа будаж байгаад нүдэндээ хүргэвэл, нүд улайж халдвар авах эрсдэл өндөр учраас болгоомжтой байхад илүүдэхгүй.

Чийгшүүлэгч тос

Чийгшүүлэгч тосны үйлчилгээ 2 жилийн дараагаас буурч эхэлдэг. Бид хуруугаараа тосоо авч, нүүрэндээ түрхсэнээр тодорхой хэмжээний нян бактери оруулж байдаг учраас тосоо 6 сар тутамд солих нь хамгийн тохиромжтой гэнэ.

Суурь крем

Бараг бүх суурь кремний найрлагад ус орсон байдаг бөгөөд энэ нь нян үржих боломжийг бий болгодог байна. Тиймээс наад зах нь бүтээгдэхүүнийг угаалгын өрөө зэрэг халуун чийглэг газар хадгалахгүй байж, заасан хугацаанаас нь  хэтрүүлэлгүй хэрэглэхийг хичээгээрэй. Хэрэв кремнээс тааламжгүй үнэр гарсан эсвэл өнгө нь өөрчлөгдсөн үед хэрэглэвэл арьсанд тууралт өгч харшлах аюултай.

Дэр

Дэрэнд тоосны хачиг, үхсэн арьсны эс гэх мэт ихээр наалддаг тул хүмүүс ихэвчлэн дэрэндээ углаа хийж 7 хоног бүр угааж ариутган хэрэглэдэг. Гэсэн хэдий ч мэргэжилтнүүд 18 сар тутамд шинэ дэр худалдаж авахыг зөвлөж байна.

Хөөлгөгч

Уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээс хойш 12 сарын хугацаатай хадгалдаг. Хэрэв уутан дээр үйлдвэрлэсэн он сар байхгүй тохиолдолд, зүгээр байгаа эсэхийг шалгахдаа 60 мл буцалж буй усанд хагас халбага хөөлгөгч нэмэхэд, бөмбөлөг үүсч байвал бүтээгдэхүүнийг хэрэглэж болно гэсэн үг. Харин хадгалалтын хугацаа хэтэрсэн хөөлгөгч ашиглавал гурил исэхгүй байх, цаашлаад ходоод гэдэсний хямралд өртөх магадлалтай.

Гал тогооны ганбанз

Хуванцар ганбанзны хувьд хутганы мөр үлдэж, нян бактери үржих нөхцөл болдог тул жил бүр солих шаардлагатай. Харин модон ганбанзыг 7 жил хэргэлэх боломжтой бөгөөд хэрэглснийхээ дараа сайтар цэвэрлэж байхыг сануулъя.

Нэмэлт: Сое соус

Сое соусыг хөргөгчид хадгалснаар бараан өнгөтэй гашуун болдог ба шар буурцаг, үр тариа,  давсны уусмал зэргийг исгэн орцонд оруулдаг учраас хөргөгчинд байлгах шаардлагагүй гэж үздэг. Мөн дунджаар сое соусыг 1 жил орчим хадгалдаг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!