Лангуун дээр гоё харагдах ч, яг аваад өмсвөл толгойны өвчин болох гутлууд

Хүмүүс гутал авахдаа материал, хөлд эвтэйхэн байдал, арчлахад хялбар эсэхийг харгалзалгүй зөвхөн загварт татагдаж авах тохиолдол чамгүй бий. Тиймээс бид энэ удаад ямар төрлийн гутлыг худалдан авалтаасаа хасах талаар бяцхан мэдээллийг хүргэж байна.

Элгэн гутал

Хүйтний улиралд худалдан авагчид тав тухтай, чанартай, дээрээс нь загварлаг гутал хайсны эцэст элгэн гутал сонгох нь түгээмэл байдаг. Гэхдээ энэ төрлийн гутлууд арчлахад тун төвөгтэй. Ялангуяа цайвар өнгийн элгэн гутал нь чийг шингээн, гадны тоос шороо наалдаж арилгахад хэцүү толбо үлддэг.

Даавуун пүүз

 Даавуун пүүз өөртөө маш их шороо татдаг. Тиймээс бохирдох бүрт нь угаахаас өөр арга бараг л байхгүй. Түүнчлэн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ийм тэгшхэн хавтгай ултай гутал байнга өмсөх нь яваандаа үе мөчний янз бүрийн асуудал үүсэхэд хүргэдэг байна.

Өвдөг давсан элгэн гутал

Урт бариу гутлыг даашинз, юбка зэрэгтэй хослуулан өмсөхөд үнэхээр дэгжин харагдахаас гадна зурган дээр ч урт хөлтэй сайхан харагдуулдаг. Гэхдээ элгэн гутал нь дээр дурдсанчлан арчлахад амаргүй бөгөөд бусад төрлийн хувцастай тийм ч аятайхан зохицдоггүй.

Өндөр өсгийтэй углааш

Энэ төрлийн гутал нь ямар нэг олом оосор гээд байх зүйлгүй учраас өмсөж явахад нэлээн эвгүй байдаг. Мөн хөлийн хуруунууд дээр их ачаалал ирж, амархан хөл өвдөх цаашлаад эвэршилт үүсэх сөрөг нөлөөтэй.

Цоорхойтой гутал

Ямар ч гутал цаг хугацааны явцад элэгдэлд орж хэлбэрээ алддаг ч цоорхойтой гутал нь бусад гутлаас хамаагүй хурдан хуучирдаг гэнэ. Учир нь ийм гутлын нүхнүүдээр ус чийг, тоос шороо маш хурдан ордог ба ихэвчлэн дуураймал арьс, синтетик материалаар хийдэг тул эдэлгээ богинотой байдаг.

Уяатай гутал

Уяатай гутал нь хөлийн нуманд тохироогүй хэт хавтгай ултайгаас үүдэн хөлд тухгүй байдаг. Мөн гурвалжин хоншоортой учраас хөлийн хуруунуудыг шахаж хурдан чилээдэг.

Сарны алхагч буюу Moon boot гутал

Сүүлийн үед ихэнх хүмүүс Ugg-аас илүү moon boot өмсдөг болсон ба ус нэвтрүүлдэггүйгээрээ давуу талтай. Гэсэн хэдий ч ийм гутлыг цанын бааз явахдаа өмсвөл илүү тохиромжтой бөгөөд нейлонон материалаар хийгдсэн учраас агаар нэвтрэх боломжгүй болж хөл хөлрөх асуудал үүснэ.

Минималист зуны гутал

Энэ төрлийн гутлыг сонгосноор үнэхээр дэгжин бас минималист харагдана. Гэвч урд хэсэг нь онгорхой учраас хөл гулсах, түүнчлэн удаан явбал оосорнууд нь хөлийг шахаж өвтгөх зэрэг сул талтай.

Зузаан ултай гутал

Ийм гутал нь хүнийг зоримог, шийдэмгий харагдуулдаг боловч нэлээн хүнд ултайн улмаас явахад хүндрэл үүсгэж, цаашилбал шөрмөс татах эрсдэлд ч хүргэж болно.

Хэт зөөлөн ултай гутал

Зөөлөн ултай гутлыг ихэнхдээ хүүхэд болон өндөр настанд сонгоход тохиромжтой гэж үздэг. Гэтэл энэ нь өрөөсгөл ойлголт аж. Хэт зөөлөн ултай гутал их өмссөнөөр буруу алхах, үе мөчний өвчтэй хүнд бол өвчнийг нь улам сэдрээж өгөх нөхцөл болдог байна. Гэхдээ та ийм гутлаа яалт ч үгүй өмсмөөр санагдвал хатуу улавч дэвсэж өмсөхийг санал болгоё.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!