Хүзүүг нь хараад хүний насыг мэддэг гэдэг: Хүзүүгээ арчлах, үрчлээс арилгах аргууд

Хүмүүсийн хүзүү хэт ягаан туяа болон удамшлын улмаас бусад хэсгээсээ илүү хурдан хөгширдөг. Нүүрний үрчлээ, цагаан үс гэх мэт бусад хөгшрөлтийн шинж тэмдгийг нуух олон арга байдаг ч хүзүү хэсгийг арчлахад маш их хичээн зүтгэл шаардагддаг тул дараах хэрэгтэй зөвлөмжүүдийг хүргэж байна.

Цэх хэвтэж, зөв хооллох нь хүзүүнд үрчлээ үүсэхээс сэргийлнэ

Бид хэвтэж байхдаа хажуу тийш хөрвөөж, хүзүүгээ гилжийлгэж унтсанаар арьс үрчийх, нугалаа үүсэх нөхцөл бүрддэг. Иймд аль болох нуруугаараа дээш харж, цэх байрлалтай унтах нь хамгийн сайн сонголт юм.

Мөн А амин дэм, бета-каротинаар баялаг хоол хүнс арьсыг илүү гэрэлтүүлэхэд тустай. Ерөнхийдөө лууван, нимбэг, бэрсүүт жүрж зэрэг шар, улбар шар өнгийн жимс хүнсний ногоонд эд эсийг хамгаалах антиоксидант агуулагддаг бол хушга, чидун, оливын тос зэрэг нь арьс чийгшүүлэх онцгой нөлөөтэй аж.

Нүүрний арьс арчилгааны бүтээгдэхүүнээ хүзүүндээ ч бас түрхээрэй

Ихэнх гоо сайхны мэргэжилтнүүд өдөр тутмын тос, серум, нарны тос зэргийг хүзүүрүүгээ оруулан түрхэж, хэт ягаан туяанаас хамгаалахыг зөвлөдөг. Мөн нүүртэй хамт хүзүүг байнга чийгшүүлж байх нь арьсыг булбарай, чанга болоход нөлөөлдөг бөгөөд ретинол болон витамин C агуулсан бүтээгдэхүүн сонгох нь нэн чухал.

Түүнчлэн мэргэжилтнүүдийн зөвлөж буй өөр нэг зөвлөмж бол бүтээгдэхүүнээ түрхэхдээ хүндийн хүчний эсрэг буюу дээшээ чиглэлтэй массажлан түрхэх явдал юм.

Үхсэн арьсыг гуужуулахын тулд гуужуулагч скраб эсвэл гэр аргаар хийсэн маск хэрэглэх хэрэгтэй

Хүзүүгээ сайхан харагдуулах дараачийн арга бол сайтар гуужуулах бөгөөд энэ нь бохирдол тослогийг арилгах нөлөөтэй байдаг. Гэхдээ гуужуулагчийг хэрэглэхийн өмнө харшил өгөх хүчтэй химийн бодис байхгүй эсэхийг шалгаад үзээрэй.

Мөн та интернэтээс өөрийн гараар маск хийх аргыг хайж, гэрийн нөхцөлд хялбархан бэлтгэж болно. Ерөнхийдөө гадуур зарагддаг чийгшүүлэгч, цэвэрлэгч зэрэг нь цитрус жимс, чихрийн нишингэ, ургамал гэх мэт органик элементүүдийг агуулдаг учраас энэ төрлийн бүтээгдэхүүн оролцуулвал хамгийн тохиромжтой.

Массаж хийлгэх нь коллагены түвшинг нэмэгдүүлдэг

Энэ нь яг л нэг сумаар хоёр туулай буудахтай адил ашигтай зүйл юм. Халуун массаж нь коллаген нэмэгдүүлэх болон эд эсийг шинэчлэх, нөхөн сэргээхэд маш сайн нөлөөлдөг.

Утсаа оролдож байхдаа бөгтийхгүй байхыг хичээгээрэй

Утсаа доороо барьж харах нь хүзүүг үрчийлгэх хандлагатай бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам илт мэдэгдэх үрчлээтэй болсон байдаг. Тиймээс утсаа нүүрнийхээ өмнө барьж үзэхийг зөвлөж байна.

Боломжит эмчилгээний талаар мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй

Хэрэв танд санхүүгийн нөөц байгаа бол унжсан арьсыг сэргээх мэс заслын аргыг сонирхоод үзээрэй. Хамгийн түгээмэл нь ботокс тарилга бөгөөд энэ нь булчин агшихаас сэргийлж, сул арьсыг чангалах үйлчилгээтэй. Гэхдээ ямар нэг үйлчилгээ хийлгэхийн өмнө заавал эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Нэмж хэлэхэд, Ким Кардашианы төгс хүзүүний нууц нь коллаген нэмэгдүүлэх лазер эмчилгээ байсныг дурджээ.

Цацагт хяруулын хүзүү шиг унжсан арьснаас урьдчилан сэргийлэхийн тулд хүзүү толгойн энгийн дасгалуудыг хийж заншаарай

Энэ төрлийн хялбар дасгалуудын нэг нь нуруугаа эгцлэн суугаад толгойгоо дээш өргөж таазруу харах бөгөөд энэ үед амаа 20 удаа нээж хаах ёстой.

Дараа нь толгойгоо орны ирмэгээс унжуулж хэвтээд буцаж толгойгоо өргөх байдлаар 5 удаа давтахад хангалттай. Мөн эдгээр дасгалууд нь илүүдэл арьснаас салгахгүй ч цусны эргэлт сайжруулж булчин чангалах үйлчилгээтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!