Солонгосчуудыг хамгийн ихээр бухимдуулдаг гадаад хүмүүсийн бүдүүлэг үйлдлүүд

Өмнөд Солонгост дэлхийн өнцөг булан бүрээс гадаадын жуулчид ирж, байгалийн сайхан болоод хоол хүнс зэрэгтэй танилцдаг. Мөн мэдээж улс орон бүрийн соёл иргэншил хоорондоо ялгаатай учраас гадаад улсад хэвийн гэж үзэгддэг үйлдлүүд Солонгост эсрэгээрээ ёс бус санагддаг аж. Тиймээс тус улсын уугуул иргэн Келси Солонгос оронд очихдоо бүдүүлэг харагдахгүйн тулд анхаарах ёстой 7 зөвлөмжийг уншигч тантай хуваалцлаа.

Алхаж байхдаа идэх

Энэ улс олон төрлийн гудамжны хоолтой гэдгээрээ алдартай боловч алхангаа хоол идэх нь бусдад тийм ч таатай сэтгэгдэл төрүүлдэггүй. Дээрээс нь маш их хүн зөрөлдөн өнгөрдөг тул хувцас бохир болох, идэж байгаа зүйлээ унагах зэрэг асуудал үүсдэг. Харин яалт ч үгүй идэх шаардлагатай бол зөвхөн шөнө орой болж, талбай хоосорсон үед гаднах жижиг сандал дээр сууж хооллож болох юм.

Савхтай болхи харьцах

Хэдийгээр савх нь Солонгос хоолны хэрэгслийн хамгийн түгээмэл нь боловч, гаднын жуулчдыг заавал хэрэглэхийг шаарддаггүй бөгөөд оронд нь сэрээ санал болгодог гэнэ. Гэвч сонирхолдоо хөтлөгдсөн гадныхан үүнээс татгалзан,  савхаар савхдахыг оролддог ч олон удаа унагааж, зарим чадахгүй үедээ “Хараал идсэн савх” гэх мэтээр замбараагүй үг хэллэг хэлэх нь Солонгосчуудын хувьд “Доромжлол” болдог байна.

Солонгос соёлыг үл ойшоох

Тэдний иддэг хоол, савх зэрэг соёлын онцлогийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь тун бүдүүлэгт тооцогддог аж. Түүнчлэн зарим гадаадууд “Яаж ийм хоол иддэг юм бэ? Үүнтэй хольж идэх хэрэг үү?”гэхчлэн тохиромжгүй асуулт асуух нь цөөнгүй тохиолддог гэнэ. Харин үүний оронд зүгээр л “Манай оронд ийм хоол иддэггүй болохоор хачин санагдаж байна гээд хэлчихвэл болно шүү дээ” хэмээн Келси зөвлөлөө.

Ахмад настанг хүндлэхгүй байх

Бусад олон орны нэгэн адил Солонгосчууд ахмад настнууддаа тун хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ гадны улсуудаас ялгаатай нь тэд эцэг эхийгээ дуудахдаа овог нэрээр нь дуудах ёстой бөгөөд олон гадныханд үүнийг сануулах хэрэгтэй болдог.

“Гадаад” хэмээн шалтаглах

Өөр хэлээр ярьдаг, шинэ улсад амьдрах нь угаалгын өрөө олох, автобусны буудал, гарц зэрэгт очихоос эхлээд олон асуудал үүсгэдэг. Үүнээс болоод хоцрох, ирэхгүй байх гэх мэт шалтгаан гардаг ч Солонгосчууд харгалзан үзэж, ойлгодог. Гэвч заримдаа албаар үүнийг шалтаг болгон товлосон цагаа өнгөрөөж, шинээр ирсэндээ бүх асуудлыг чихдэг тал ажиглагддаг байна.

Мөнгөө буцааж өгөхгүй байх

Тус улсын соёлд мөнгө зээлэх нь тун ээдрээтэй нөхцөл байдалд тооцогддог. Келсигийн хэлснээр Солонгосчууд бие биетэйгээ нөхөрлөхийг хүсвэл хэзээ ч мөнгө зээлдэггүй бөгөөд хамтын тооцоогоо хийх үед мөнгөө шууд л тэр дор нь шилжүүлдэг хэмээжээ. Гэхдээ гадныхны хувьд ийм тохиолдолд шилжүүлнэ гэж хэлчихээд удалгүй мартах нь элбэг тохиолддог гэнэ.

Залхуу зочин байх

Энэ улсынхан хэн нэгнийд оройн хоол идэх бүртээ аяга таваг угаах, эсвэл угаахыг санал болгох нь бичигдээгүй хууль юм. Харин бусад орны хүмүүс хоол идчихээд юу ч хийхгүй байх нь бүдүүлэгт тооцогддог аж. Энэ талаар Келси “Анх удаа зочилж ирэхдээ ийм үйлдэл гаргахад хэвийн зүйл. Гэвч хэд хэдэн удаад бол буруу ойлголт төрүүлэх нь гарцаагүй” хэмээн ярьлаа.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!