Гэртээ засвар хийхдээ зайлсхийх ёстой интерьер шийдлүүд

Хүмүүс засвар хийхдээ эсвэл гэртээ шинэ зүйл худалдан авахдаа ихэвчлэн интернет, сэтгүүл зэргээс боломжийн санагдсан загваруудыг сонгодог. Гэхдээ үүнээс гадна, энэ бүхэн бодит байдалд хэрхэн зохицохыг тэр бүр тооцоолоод байдаггүй. Тийм учраас хэзээ ч сонгож болохгүй интерьер дизайны санаануудыг та бүхэнд танилцуулахаар бэлтгэлээ.

Бариулгүй шүүгээтэй гал тогооны тавилга

Хүрэх төдийд л нээгддэг бариулгүй гал тогооны тавилгууд үнэхээр орчин үеийн загварлаг санагдаж болох ч, аливаа зүйлийг бариулаас нь татан онгойлгож заншсан бидэнд дасахын тулд удаан хугацаа шаардагдах талтай. Мөн өвдөг, тохой зэргээрээ санамсаргүй шүргэх тоолонд онгойх, хурууны хээ ихээр үлдэх, дээрээс нь маш их өртөг мөнгө шаарддаг гээд олон жижиг асуудал үүсгэх хандлагатай байдаг.

Чулуун мэт хийцтэй гал тогооны хана

Орчин үед гал тогооны өрөөнд зориулагдсан олон төрлийн обой бий болсон. Гэвч хана нь товгор хэсэг, зааг гэх мэт нарийн хийцтэй байх тусмаа наалдсан өөх тосыг угаахад илүү хэцүү байхыг анхаарах хэрэгтэй.

Гал тогооны өрөөн дэх цогц гэрлийн бүрхүүл

Том хэмжээтэй гэрлэн бүрхүүл буюу бидний хэлж сурснаар абжурыг гал тогооны өрөөнд байлгах нь тохиромжтой гэж ихэнх хүмүүс боддог. Гэхдээ бодит байдал дээр хиншүү, үсэрсэн тос зэрэг нь тоостой холилдон наалдаж, гэрлийг бохир болгодог ба үүнийг цэвэрлэхэд маш төвөгтэй гэдгийг хүн бүр гадарлаж байгаа байх.

Аяган хэлбэрийн бүрхүүлтэй гэрэл

Ийм гэрэл нь үзэмжийн хувьд тансаг харагдах хэдий ч бүрхүүлд тоос шороо орох нь маш хурдан учраас мөн л цэвэрлэхэд хэцүү байна. Тиймээс хэрэв та энэ төрлийн гэрэл авахаар шийдсэн л бол байнга арчиж цэвэрлэхдээ бэлэн байгаарай.

Хурц ирмэгтэй хаалганы бариул

Бид маш олон төрлийн хаалганы бариулаас сонгохдоо зарим нь аюултай гэдгийг төдийлөн анзаардаггүй. Үүний нэг жишээ бол хурц ирмэгтэй бариул бөгөөд гар хөлөө гэмтээх, хувцсаа урах гэхчлэн зарим нэг сул талыг анхаарч үзэх нь зөв.

Гал тогооны өрөөний тод өнгийн шийдэл

Энэ нь эхэндээ хачин санагдаж магадгүй ч, гал тогооны тод өнгийн тавилгууд нь таныг бухимдуулж стресстүүлэх өндөр магадлалтай гэнэ. Ийм учраас тод өнгийг зөвхөн жижиг хэсгүүдэд оруулга болгохыг санал болгоё.

Пневматик буюу автоматаар өргөгддөг хаалгатай шүүгээ

Энэ төрлийн хаалгатай  шүүгээг удаан бодож тооцоолсны эцэст авах нь зүйтэй. Учир нь намхан хүмүүсийн хувьд хаалгаа онгойлгочхоод хаахын тулд үсрэх эсвэл сандал дээр зогсох шаардлага гарна. Түүнчлэн шүүгээ таазтай хэт ойрхон бол хаалга нь бүрэн нээгдэхгүй байх асуудал үүсдэг.

Шилээр хийсэн дугуй хэлбэрийн угаалтуур

Эдгээр угаалтуур нь зурган дээр үнэхээр цэвэрхэн, шинэлэг харагдах хэдий ч амьдрал дээр хэрэглэх нь тийм ч тохиромжтой биш юм. Юуны өмнө ийм угаалтуур нь их хэмжээний ус агуулж чадахгүйгээс урсах, халих цаашлаад хагарах ч эрсдэлтэйг бодолцох хэрэгтэй. Мөн дээрээс нь шилийг байнга тунгалаг байлгахын тулд цаг үргэлж угаах шаардлагатай болно.

Гал тогооны тавилгын дээд хэсэгт гэрэл суурилуулах

Дээд хэсэгт байрлуулсан гэрэл нь зөвхөн толгойн оройд л тусахаас биш хоол хийх хэсгийг гэрэлтүүлдэггүй, харин ч толгойн сүүдэр тусч, ямар нэг зүйл хэрчихэд аюултай болгодог.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!