Үзэсгэлэнт жүжигчин София Вергарагийн хорт хавдартайгаа тэмцэж, ялан дийлсэн гайхалтай түүх

Саяхан Колумбын нэрт жүжигчин София Вергара бамбай булчирхайн хорт хавдартай гэж оношлогдон, тухайн үед ямар хэцүү нөхцөл байдалд байсан талаарх ярилцлагаа олон нийтэд түгээжээ. Түүний хэлснээр энэ өвчин нь эмэгтэйчүүдэд илүү түгээмэл тохиолддог бөгөөд ихэвчлэн залуу наснаасаа оношлогддог аж. Гэхдээ өвчтөнүүдийн 98 орчим хувь нь эдгэрэх бүрэн боломжтой ба хамгийн гол нь урьдчилан сэргийлэх хэрэгтэйг сануулжээ. Харин жүжигчин бүсгүй энэ асуудлыг хэрхэн даван туулсан болохыг дараах түүхээс уншиж сонирхоорой.

София Вергара бол Холливудын хамгийн алдартай латин жүжигчин, загвар өмсөгчдийн нэг юм. Тэрээр өдгөө 49 настай бөгөөд Форбес сэтгүүлийн мэдээлснээр 2020 оны байдлаар 43 сая долларын хөрөнгөтэй хүчирхэг эмэгтэй гэдгээрээ алдартай болсон. Гэвч тэрээр 28 настайдаа бамбай булчирхайн хорт хавдраар өвчилсөн гэх харамсалтай мэдээг хүлээн авчээ.

2008 оноос хойш хорт хавдартай тэмцэж, үүнтэй холбоотой судалгаа шинжилгээнд хөрөнгө оруулсаар ирсэн хэсэг эмэгтэйчүүд хорт хавдрын эсрэг хамгийн сүүлийн үйл ажиллагаагаа зохион байгуулан, үүнд Вергара хамтран оролцож, өвчнийг даван туулах тухай зөвлөгөөг хүргэсэн байна.

Тэрээр олон ангит кинонд тоглосны дараа эмчийн үзлэгт ороход хүзүүнд нь асуудал үүссэн, энэ нь бүр хорт хавдартай гэдгийг сонсоод үнэхээр их цочирдсон тухайгаа өгүүлэв.

Мөн жүжигчин бүсгүй “Би өвчнөө эрт илрүүлэн, энэ талаарх бүх мэдээллийг судалж, дээрээс нь гэр бүлийнхээ дэмжлэгийг маш сайн авсан нь аз болсон” хэмээн нэмж хэллээ.

Түүнчлэн саяхан хэвлэгдсэн нийтлэлдээ София “Би цацрагийн эмчилгээ болон мэс засалд үнэхээр их цаг зарцуулсан. Өнөөдөр би өөрийгөө хорт хавдрыг ялж чадсан хүн гэж хэлнэ. Мөн би хоолойн сорвио харсны дараа ямар азтай гэдгээ мэдэрсэн” гэж ярилцсан бөгөөд таны бие өвдөөгүй байсан ч үзлэгт тогтмол хамрагдаж байхыг дахин сануулжээ.

Үүнээс гадна тэрээр энэ өвчний талаар хүмүүст таниулах зорилгоор “Sigue el Guion” хэмээх компанит ажлыг эхлүүлсэн ба шинж тэмдэг илэрвэл хэрхэн өөрийгөө хянах, ялангуяа цэвэршилт жирэмслэлтийн үед бамбай булчирхай хэвийнээсээ өөрчлөгддөг тухай олонд хүргэдэг байна.

Гэвч Вергара өвчтэй байхдаа оношоо олонд зарлахгүй хэмээн бодож байжээ. Учир нь залуу насандаа ийм мэдээ сонсоход бусадтай харьцах хүсэл төдийлөн төрдөггүй, маш их сэтгэлийн хямралд ордог гэжээ. Нэмж дурдахад тэрээр мэс заслаар бамбай булчирхайгаа авхуулсан тул энэ нь хэл яриа, нүүрний хөдөлгөөнөө алдах зэрэг эрсдэлүүдийг авчрах өндөр магадлалтай байсан аж.

Алдарт “America’s Got Talent” шоуны шүүгчээр оролцож байсан жүжигчин эмэгтэй энэ төрлийн өвчтэй хүмүүсийн ар гэрт хандан өвчтөний хямралын үед аль болох хамт байж, сайхан ирээдүйн талаар ярилцахыг зөвлөсөн байдаг.

София эдгэрснийхээ дараа мэс заслын сорвио лазер болон кортизон тарилгын ачаар арилган, урьдынх шигээ анзаарагдахгүй болгож чаджээ. Мөн тэр төрөлх хот болох Колумбын нэгэн эмнэлгийн хорт хавдрын тасагт очиход эцэг эхчүүд хүүхдүүдээ эмчлүүлж байх хооронд шалан дээр сууж байх дүр зургийг харж, Барранкилья хотод эмнэлгийн төв барих төслийг ивээн тэтгэсэн түүхтэй.

2015 оноос хойш Вергара жүжигчин Жо Манганиеллотой хамтын амьдралаа холбож, аз жаргалтай амьдарч байгаа билээ. Түүнчлэн нөхөр нь хуримынхаа ойгоор “Өнөөдөр би мөрөөдлийнхөө эмэгтэйтэй гэрлээд 6 жил болж байна” гэсэн бичлэгээ нийтэлжээ.

Жүжигчин бүсгүй амьдралынхаа хором мөч бүрийг эрч хүчтэй өнгөрүүлсээр байгаа нь эргэлзээгүй бөгөөд нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулдаг алдартнуудын нэг гэдгээ харуулсаар байна. Эцэст нь София Вергара бол зөвхөн гадаад төрхөөрөө үзэсгэлэнтэй бус, хөгжилтэй, үнэнч, тэмцэгч, энэрэнгүй гээд дотоод ертөнцдөө ч бас гайхалтай бүсгүй юм. Түүний уг түүх нь эрүүл мэндээ тогтмол үзүүлж байхаас гадна амьдрах хэчнээн сайхныг бодох боломжийг олон хүнд олгосон байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!