Бидний биед хор хөнөөл учруулах аюултай зуршлууд

Ямар нэг зүйлийг дадал болгоход 21 хоног шаардлагатай гэж үздэг ч мэргэжилтнүүдийн тогтоосноор зан үйлийг зуршил болгох тодорхой хугацаа байдаггүй аж. Ерөнхийдөө шинэ хэвшил хялбар эсвэл хэцүү байгаагаас шалтгаалан 18-254 хоногийн хугацаа зарцуулагддаг байна. Тиймдээ ч хүмүүс сайн муу гээд олон зуршилтай болсон байдаг ба хорт дадлуудаас тэр дороо ангижирч оронд нь илүү сайн зуршил эзэмших тусмаа амьдралын чанар сайжирдаг нь бичигдээгүй хууль юм. Ингээд уншигчдадаа зориулан хүмүүсийн тэр бүр анзаардаггүй 9 муу зуршлыг танилцуулж, тэдгээрээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөөг хүргэж байна.

  1. Сэрүүлэг ашиглах

Сэрүүлэг нь хүнийг гэнэт сэрээж адарналиныг нэмэгдүүлж байдаг. Гэтэл энэ нь цусны даралтыг нэмэгдүүлж, зүрхний ачааллыг түргэсгэх сөрөг нөлөөтэй. Цаашлаад огцом босох нь сэтгэцийн болоод бие махбодын үйл ажиллагааг бууруулах хандлагатай байдаг.

Тиймээс үүний оронд сэрүүлэг ашиглахгүйгээр тогтмол цагт унтаж сэрэх горимыг өөртөө суулгах хэрэгтэй. Мөн нарны гэрэл шууд тусдаг газар ор дэрээ байрлуулвал тустай. Гэхдээ та нар мандахаас өмнө босох шаардлагатай бол цаг, гар утсан дээрээ илүү тайван шүгэл, салхиний сэвшээ гэх мэт аясыг сонгон сэрүүлгээ тохируулахыг зөвлөе.

Нэмж хэлэхэд, нэгэн эмэгтэй сэрүүлэг хэрэглэхгүйгээр 7 хоногийн турш өөрөө сэрэх замаар боссон ба туршилтын дараа түүний царай мэдэгдэхүйц гэрэлтэж, биеийн байдал нь ч бас сайжирсан талаар дурджээ.

Гэр орноо хэт цэвэр байлгах

Эмнэлэг, эмийн сан гэх мэт зарим газруудад маш цэвэр цэмцгэр байх нь энгийн зүйл. Гэхдээ гэртээ хэт цэвэрхэн байх нь зарим өвчин үүсгэх нөхцөлийг бий болгодог байна. Мөн хөдөө өсөн торниж, цэцгийн тоос, амьтны үс, газар шороотой ойрхон байсан хүүхдүүдийн дархлаа бусад хүүхдийнхээс илүү байдаг гэсэн эрүүл мэндийн таамаглал судалгаагаар батлагдсан байдаг. Харин үүнээс улбаалан хэт цэвэр орчинд өссөн хүмүүсээс харшилд өртөмтгий болох, өвчин тусахдаа хурдан байх зэрэг зарим сул талууд ажиглагдах болжээ.

Түүнчлэн зарим микробууд нь бидний физиологи болон бодисын солилцоо, тархины үйл ажиллагаанд тусалдаг тул сайн нөлөөтэй хэмээн үзэж болно. Гэхдээ энэ нь цэвэрлэгээ хийхээ больж, бохир заваан бай гэсэн үг биш бөгөөд зүгээр л хэт халдваргүйжүүлэх  хэрэггүй гэсэн санаа юм.

Хэтэрхий их витамин, нэмэлт тэжээл хэрэглэх

Ихэнх хүмүүс хоол тэжээлийн дутагдлыг нөхөхийн тулд энэ төрлийн зүйлсийг хэрэглэдэг. Гэвч судалгаагаар хэт их амин дэм хэрэглэх нь үр дүнгээ төдийлөн өгдөггүйгээс гадна биеийг гадны биетэд дасал болгоход нөлөөлдөг байна. Гэхдээ эдгээрээс хамгийн үр дүнтэй нэмэлтүүдийн нэг бол фолийн хүчил бөгөөд жирэмсэн байхдаа уувал шинэ хүүхдийн мэдрэлийн системд сайнаар үйлчилдэг нь батлагдсан байна.

Мөн дашрамд дурдахад С витаминыг хэтрүүлэн уух нь бөөрний чулуу үүсэхэд хүргэдэг бол А витаминыг хэтрүүлбэл элгэнд муугаар нөлөөлдөг аж. Тиймээс заавал нэмэлт тэжээл хэрэглэхийн оронд тэнцвэртэй хооллолтоос шаардлагатай амин дэмээ авах нь дээр.

Хумсны илүүдэл махыг авах

Ихэнх гоо сайханчид маникюр педикюр хийхдээ хумсны илүү махыг авдаг. Энэ нь гарыг илүү цэвэрхэн үзэмжтэй харагдуулдаг ч, нөгөө талаараа хумсны байгалийн хамгаалалтыг үгүй хийж байдаг. Үнэндээ энэ нь шинэ хумсыг нянгаас хамгаалахад тусалж, улмаар хурууны арьс гэмтэх, халдвар авахаас сэргийлдэг гэнэ.

Үүнээс гадна хүмүүсийн хумсаараа наалт хуулах, лааз онгойлгох зэрэг үйлдэл нь хумсыг амархан хугалж гэмтээдэг тул үүнээс зайлсхийхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Наранд түлэгдсэн арьсаа хуулах

Хууларсан арьсыг маажиж, татаж авах нь зөв юм шиг санагдаж болох ч, байгалийн жамаар эдгэх явцыг удаашруулдаг байна. Тиймээс арьс өөрөө хууларж унатал нь оролдохгүй байхыг хичээгээрэй. Мөн энэ үед тухайн түлэгдсэн хэсгийг чийгшүүлж ус уух нь маш тохиромжтой байдаг.

Үүний зэрэгцээ нарны түлэгдэлтээс урьдчилан сэргийлэхийн тулд битүү хувцас өмсөх эсвэл 2 цаг тутамд нарны тос түрхэж занших хэрэгтэй.

Өдөр бүр өсгийтэй гутал өмсөх

Нэгэн судалгаагаар өдөр тутамдаа өсгийт өмсдөг бүсгүйчүүд эрүүл мэндийн, ялангуяа үе мөчний асуудалтай байгааг тогтоожээ. Тиймээс уг гутлыг байнга өмсөхгүй байснаар дараах болзошгүй үр дагавраас сэргийлж чадна:

  • Буруу гишгэх, тэнцвэр алдалтын улмаас үүсэх шагайны гэмтэл
  • Хөлийн урд авах хэт их даралтаас болж стрессдэх
  • Үе мөчний ачааллаас үүдэлтэй өвдөгний өвчин
  • Хөл хурууны гажиг
  • Нурууны байрлал өөрчлөгдөх, өвдөх гэх мэт.

Хурдан яарч идэх

Хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед хүмүүс бид хооллохдоо ч хэт хурдан идэх хандлагатай байдаг. Гэхдээ ингэснээр жин нэмэхэд хүргэж, цусны даралт ихсэх, сахарын хэмжээ ихсэх, бэлхүүс орчмоор давуу таргалах зэрэг сөрөг үр дагаврууд илэрдэг аж. Түүнчлэн хоолоо хурдан иддэг хүүхдүүдийн 60% нь хэтрүүлэн иддэг гэх судалгаа гарчээ.

Мэдээж түргэн идэх нь том хазаж, бага зажилж байгаагийн илэрхийлэл тул аргагүй биз. Харин үүний эсрэг удаан тайван хооллох нь сэтгэл хангалуун байхаас гадна таргалалтаас урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл болдог байна.

Өөх тос багатай эсвэл эрүүл санагдсан бүтээгдэхүүнээ сонгох

Өөх тос бага, цавуулаггүй бүх бүтээгдэхүүн нь таны эрүүл мэндэд тустай байдаггүй. Харин ч энгийн бүтээгдэхүүнээс илүү их чихэр агуулж байдаг. Жишээ нь кофе, ундаа, тослог багатай тараг гэх мэт нь жин нэмэх, гэнэт өлсөх зэрэг зарим асуудлыг дагуулдаг байна.

Тиймээс аливаа хүнсийг авахдаа найрлагыг нь сайтар уншиж, хүнсний ногоо, мах, ургамлын гаралтай уураг  зэргийг хэрэглэж хэвшээрэй.

Хамрын үсээ зулгаах

Таны хамар доторх жижиг үснүүд нь хамгаалалтын системийн нэг хэсэг бөгөөд тоос, харшил үүсгэгч болон жижиг шавжийг дотогш орохоос сэргийлдэг. Ийм байхад хамрын үсээ авчихвал цочрол үүсч, халдвар орох нөхцөл бий болж, цаашлаад янз бүрийн судсаар дамжин тархинд хүртэл очих өндөр эрсдэлтэй.

Гэхдээ хамраас жижиг үс цухуйгаад үнэхээр авмаар байвал хямсаагаар зулгаах бус хайчаар богиносгоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!