Гэрийн ажлыг хялбарчлах 8 шинэлэг санаа

Гэр орноо цэвэр цэмцгэр байлгахын тулд бид багагүй цаг хугацаа болоод санхүүгээ зарлагадаж байдаг. Тэгвэл ийм нөхцөлд доорх хэдэн аргыг сураад авчихвал амьдралд хэрэг болох нь мэдээж.

  1. Хогийн савны эвгүй үнэрийг арилгах

Хогоо ялган хаяж, уутыг нь сольсон ч эвгүй үнэр гарсаар байвал энэ аргыг турших хэрэгтэй. Үүний тулд нүүрний хөвөнд дурын үнэртэй эфирийн тосыг шингээж, хогийн савныхаа ёроолд буюу уутны доор байрлуулна. Ингэснээр тэр хэсгээс эвгүй үнэр бус анхилам үнэр ханхлах ба цайны модны эфирийн тос нь сайхан үнэрээс гадна бактерийн эсрэг үйлчилгээтэйг нэмж сануулъя.

  1. Сахлын хөөсөөр толио арчих

Шүршүүрт орсны дараа халуун усны ууранд толь цантдагийг бүх хүн мэднэ. Гэвч бид ихэнхдээ толио гараараа эсвэл алчуураар арчиж, сайндаа л шүршигчээр цэвэрлэдэг шүү дээ. Харин энэ нь тийм ч зөв үйлдэл биш бөгөөд сахлын хөөсөөр арчих нь хамгийн тохиромжтой гэнэ. Юун түрүүнд чийгтэй алчуур ашиглан тойрог хөдөлгөөнөөр өнцөг булан үлдээлгүй толио бүхэлд нь хөөсөөр бүрхэнэ. Үүнийгээ нэг минут орчим байлгаад сайтар арчиж авах ба дараа нь усанд ороход толь дахиж цантахгүй байх давуу талтай.

  1. 00-ын цаасны гол ашиглан тоосоо соруулах

Тоос сорогч нь хугацаа, зав зайг хэмнэж өгдөг ч нарийн ширийн завсар зайг цэвэрлэхэд болхи байдаг. Тиймээс та заавал тусгай хошуу авалгүй зүгээр л 00-ын цаасны голыг ашиглаарай.   Ингэхийн тулд, тоос сорогчийн хоолойны үзүүрт 00-ын цаасны голоо углаад ирмэгийг нь хавтгайлж нугалах хэрэгтэй ба энэ нь цонхны завсар, орны хөндий гээд хүссэн газраа цэвэрлэхэд тус болно.

  1. Тугалган цаасыг бөмбөлөг болгоод аяга таваг угаагчдаа хийгээрэй

Бохир аяга таваг, сэрээ халбагыг гараараа угаахаас илүү аяга таваг угаагчаар угаавал цагийг даруй 2 дахин хэмнэдэг. Гэхдээ заримдаа мөнгөн эдлэлийг угаахад сайн цэвэрлэгдээгүй гарч ирэх тохиолдол бишгүй. Харин энэ үед тугалган цаасыг бөмбөлөг хэлбэртэй болгож угаагчруугаа хийгээд ердийнхөөрөө тохируулан ажиллуулаарай. Үүний дараа мөнгөн эдлэл зураасгүй, гялалзсан болсон байх бөгөөд халуун усаар угаавал илүү үр дүнтэй байна.

  1. Хүнсний содаар хивсээ цэвэрлэх

Хивсэн дээр хоолны үлдэгдэл асгах, амьтны үс наалдах зэргээс үүдэн хивс бохирдож, үзэмжгүй дээрээс нь эвгүй үнэр ялгаруулж байдаг. Гэхдээ үүний тулд үнэтэй химийн бодис бүхий цэвэрлэгч хэрэглэхгүйгээр зардал багатай байгаль орчинд ээлтэй арга буюу содаар цэвэрлэх аргыг турших хэрэгтэй. Эхлээд хивснийхээ тоос шороог гүн цэвэрлээд дээрээс нь содыг жигд цацаж өгнө. Хэсэг хугацааны дараа чийгтэй порлоноор зөөлөн үрж авна. Мөн сода нь хивсэн дээр хэдий чинээ удаан байна төдий чинээ үнэрийг арилгана гэдгийг санаарай.

  1. Тогооны тагийг тогтоох

Ихэнх хүмүүс хоолоо гэнэт дэврэх, эсвэл хутгах үед тогооныхоо тагийг хажууд нь тавьчихдаг шүү дээ. Мэдээж энэ нь толбо үүсгэх, бохирдуулах зэрэг асуудлыг үүсгэдэг. Гэтэл үнэндээ тогооны бариул нь зөвхөн өргөхөд бус тагийг нь өлгөхөд зориулагдсан байдаг аж. Тиймээс та өдөр эсвэл оройн хоолоо хийхдээ энэ аргыг хэрэглээд үзээрэй.

  1. Брокколиг дээд хэсгээс нь эхлэн чанах

Бид брокколиг болгохдоо ишээр нь тогоонд хийн чанаж дадсан байдаг. Гэхдээ та ишийг нь хэрэглэдэггүй бол зүгээр л урвуугаар нь буюу дээд хэсгээс нь эхэлж чанах хэрэгтэй. Дараа нь бэлэн болмогц үүнийг хялбархан жижиглэж болохоос гадна эргэн тойрноо бохирдуулахгүй байх давуу талтай.

  1. Үрлэн улаан лоолийг хэрчих

Ийм улаан лоолийг зүсэхдээ нэг нэгээр нь хэрчиж цаг авалгүй, 2 тагны хооронд бүгдийг нь багтааж хавчаад, нэг талаас нь нэвт зүснэ. ингэхдээ дээрээс нь хөнгөхөн дарах ба эцэст нь бүгд сайтар хуваагдсан байх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!