Бүсгүйчүүдийн даашинз сонгохдоо гаргадаг хамгийн том алдаанууд: Хэтэрхий гоё харагдах гэсэндээ харин ч бүр баллаж орхидог

Зун цагт хурим найр, баяр ёслол хамгийн их болдог ба эмэгтэйчүүдийн хувьд өөрт тохирсон даашинз сонгоно гэдэг тун чухал. Гэтэл зарим бүсгүйчүүд буруу сонголт хийснээрээ тухайн өдрөө баллаж орхидог. Иймд бусдын харцыг булаахуйц, хээнцэр даашинз сонгоход гаргадаг 10 алдааг танилцуулах гэж байна.

  1. Тохиромжгүй хэв маяг

Хичнээн гоёмсог байсан ч өмсөхөд эвгүй бол баярын уур амьсгалыг дордуулж орхидог. Мөн энэ үед суух, зогсох цаашлаад бүжиглэх шаардлага их гардаг тул хөдөлгөөн хязгаарласан даашинз хэрхэвч бүү сонгоорой. Харин оронд нь нимгэн, биед эвтэйхэнийг өмсвөл хамаагүй дээр байх болно.

  1. Ил гарах хэсэг

Цээж болон нуруу ил гарсан даашинз нь ямар ч үед гайхалтай сонголт байсаар ирсэн. Гэхдээ энэ нь голчлон бэлхүүснээс дээш байвал сайхан харагддаг ба үүнээс доош ил гарвал хэт задгай, хайхрамжгүй төрхийг бий болгодог байна.

  1. Сүйт бүсгүйнх шиг даашинз

Оройн арга хэмжээ болон хуриманд очихдоо цагаан өнгийн даашинз бүү сонгоорой. Энэ үед зөвхөн сүйт бүсгүй л цагаан даашинзтай байвал хамгийн үзэсгэлэнтэй харагдана.

  1. Хэмжээ нь таараагүй даашинз

Төгс зохицсон даашинзны гол зүйл нь яг таарсан хэмжээ байдаг бөгөөд ямар ч загвартай байсан томдож эсвэл багадаад байвал өмсөхөө болих хэрэгтэй. Тиймээс даашинз таны бүсэлхий, цээж, мөрөөр таарч байгаа эсэх, дээрээс нь биед эвтэйхэн байдлыг нь сайтар шалгаж аваарай.

  1. Дээд болон доод хэсгүүд нь өөр өнгөтэй даашинз

Стилистүүд цээж болон хормой нь ялгаатай өнгийн даашинз сонгохгүй байхыг зөвлөдөг. Учир нь энэ нь хувцаслалтыг болхи, хямд харагдуулах сул талтай.

  1. Неон өнгө

Баяр наадам ялануяа албан ёсны арга хэмжээнд неон даашинз маш тохиромжгүй харагддаг. Харин оронд нь нүдэнд дасал болсон, зөөлөн өнгийн хувцаслалтыг бий болгосноор илүү нүдэнд дулаахан эелдэг харагдах болно.

  1. Чанар муутай материал

Даашинзны материал нь тав тухтай байхад чухал ач  холбогдолтой. Мөн юун түрүүнд биед эвтэйхэн, хэт хөлөргөхгүй, харшил өгдөггүй материалыг сонгох нь нэн тэргүүний асуудал. Үүнээс гадна тухайн газрын температурт зохицуулж даарч эсвэл халууцахгүй байх нөхцөлийг бий болгоорой.

  1. Хэт их чимэглэл

Нэг дор хэд хэдэн хуниас, шигтгээ, тор бүхий даашинз нь эмэгтэйчүүдийг хиймэл харагдуулах талтай учир зөвхөн нэг л чамин хэсэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй.

  1. Амьтны хээ

Төрөл бүрийн тахь, бар, ирвэсэн хээтэй даашинз нь хүмүүсийн анхаарлыг хэт их татдаг тул баяр ёслолд оролцохдоо энэ төрлөөс татгалзаарай. Харин оронд нь цэцгэн хээтэй даашинз өмсвөл хамаагүй эмэгтэйлэг, ялдам байдлыг бий болгодог.

  1. Жинс

Жинсэн хувцас нь өдөр тутмын хувцаслалтанд зориулагдсанаас биш онцгой хурим найрын үед үнэхээр тохирохгүй гэдгийг анхаарах нь зүйтэй. Энэ нь мэдээж болхи бүдүүлэг төрхийг илэрхийлэх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!