Шүдний эмч, мисс Б.Бадамцэцэг төрсөн өдрөөрөө 150 хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэхээр болжээ

Тэртээ 2009 онд МҮОНТ-ээр цацагдсан “Хэцүү анги” ОАУСК-ны Гэрлээгийн дүрээр танигдаж, “Мисс Монголиа” наадмын тэргүүн шагналыг хүртэн, хожим “Шүдний дагина” хэмээгдэх болсон бүсгүй бол жүжигчин, мисс, шүдний эмч Б.Бадамцэцэг юм.

Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд шүдний эмнэлэгүүдтэй хамтран 7-с доош насны 150 хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэхээр болжээ.

Тэрбээр 2012 оноос хойш хүмүүнлэгийн үйлсэд гар, бие оролцож, “Шүд болон амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох үндэсний сан”-г нээж, хөдөө орон нутаг, алслагдсан дүүрэг, сумдын 500 гаруй хүүхдийн шүдийг эмчилжээ.

Б.Бадамцэцэг нь дөрвөн жилийн турш өөрийнхөө төрсөн өдрөөр 300 гаруй хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилсэн байна.

Тэрбээр энэ тухайгаа “Эрүүгээ тайруулах хүртэл хэмжээнд хүндэрсэн хэрнээ ноцтой өвдөж, зовиурладаггүй учраас эцэг эхчүүд нь тоодоггүй. Үүнийг мэддэггүй хүмүүс шүд нь өвдөхөө больчихлоо гэж эндүүрэн тоохгүй явснаас даамжраад, идээ үүсэж яс, буйлаа идээд дуусч байдаг. Ингээд нэгэнт эмчилгээ авахаас оройтчихсон байдаг тул эрүүний хагалгаанд орж, насан туршдаа гоо сайхнаараа хохирдог. Үзлэг хийж байхдаа ийм олон хүүхдийг үзэж, эмчилж байлаа. Эхэндээ гэртээ хариад тэр хүүхдүүдийг өрөвдөөд уйлдаг байлаа” хэмээн ярьсан байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!