Химийн бодис, хорт найрлагагүй цэвэрлэгээний бодис хийж сурцгаая

Цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд олон төрлийн химийн бодис агуулдаг. Тийм ч учраас өдөр тутамдаа ашиглах нь эрүүл мэндэд хор нөлөөтэй тул аль болох татгалзахыг зөвлөдөг. Тэгвэл цэвэрлэгээний бүтээгдэхүүн хэрэглэхээ больчихвол оронд нь юу ашиглаж, цэвэрлэгээ хийх билээ. Үүний хариулт бидэнд байна. Байгалийн гаралтай зүйлс ашиглаж хольж хутгаад л ижил үйлчилгээтэй цэвэрлэгээний бодисыг өөрөө бүтээж болох юм.

Сав, тавгаа кофены шаараар арчих

Чанаад ашиглаад үлдсэн кофены шаараа хаях гэж бүү яар. Үүнийгээ харин хадгалж байгаад тогоо, шанагаа цэвэрлэж өнгөлөхдөө ашиглаарай. Түлэгдэж бохирдсон сав суулганд кофены шаараа асгаад хэсэг байлгасны дараа үрж цэвэрлэнэ. Дараа нь усаар зайлж мөн алчуураар арчиж цэвэрлээрэй.

Угаалга хийхдээ 1/2 аяга хүнсний сода нэмнэ 

Хувцсаа өнгө оруулж, угаалгаа илүү чанартай болгохын тулд шингэн угаалгын нунтаг дээрээ тал аяга хүнсний сода нэмж, угаалгын машинаа ажиллуулаарай. Ингэснээр ус зөөлөрч, хувцсыг илүү өнгө оруулах бөгөөд ялангуяа цагаан өнгийн хувцсын өнгийг сэргээдэг.

Гэрээ таатай үнэртэй болгохын тулд нимбэг ашигла

Гэрийн таагүй үнэрийг арилгахын тулд нимбэг ашиглаарай. Нимбэгний хальс, таатай үнэрт ургамал зэргийг савтай усанд хийж зөөлөн гал дээр буцалгана. Ойролцоогоор 1 цаг буцалгахад танай гэрээс тансаг үнэр ханхлах болно.

Шүршүүрийн хана, шилийг цагаан цуугаар арчина 

Шүршүүрийн шил, ханыг цэвэрлэхийн тулд шүршигч саванд цагаан цуу болон усыг хольж хийнэ. Үүнийгээ шил, хана руу шүршиж, дараа нь арчиж цэвэрлээрэй. Энэ нь шил, ханыг цэвэрлэж өнгө оруулахын зэрэгцээ бактерийг устгаж, үржихээс сэргийлнэ.

Богино долгионы зуухыг оливын тосоор цэвэрлэх

Микрофибер даавуунд хэдэн дусал оливын тос дусаагаад богино долгионы зуухны дотор хэсгийг арчиж зүлгээрэй. Бохирдол нь амархан арилах төдийгүй илүү өнгө орж гялалзах болно.

Гэрээ сайхан үнэртэй болгохын тулд ургамал тарь

Тасалгааны ургамлыг зөв хэрэглэх нь  нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг бууруулж, гэрийг сайхан үнэртэй болгоно. Мэлрэг цэцэг, розмарин зэргийг тарьж ургуулж болно.

Эфирийн тос бүхий DIY даавуу зөөлрүүлэгч 

6 аяга цагаан цуу, 1 аяга хүнсний сода, 15 дусал сонгосон эфирийн тос зэргийг хольж бэлтгэнэ. Үүнийгээ угаалга хийх бүртээ ашиглаж болох юм.

 

Оливын тос болон цуугаар толбо арилгах

Цагаан арьсан цүнх нь амархан бохирддог, цэвэрлэхэд хэцүү байдаг тул олон хүмүүс үүнийг худалдаж авахаас болгоомжилдог. Аз болоход цагаан арьсан цүнхэн дээрх толбыг арилгах нь санагдсан шиг тийм ч хэцүү биш юм. Шүршигч саванд тос, цууг 2: 1 харьцаатай хольж хийнэ. Уусмалыг толбо дээр шүршиж, хэдэн минут байлгаад дараа нь арчина.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!